2024 ОНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Дэлхийн орнуудын АЖ нэлээд сайн хөгжсөн байдаг. Монгол оронд Орос, Хятадын зорчигчид хилээр орж ирсэн тоогоор давамгайлдаг боловч үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газраар аялж байгаа тоо нь дэндүү цөөхөн юм. Тийм учраас Москва болон Бээжингийн аялал жуулчлалын үзэсгэлэнд томоохон байр суурьтай оролцдог болох хэрэгтэй. Өнөөг хүртэл Германы ITB, Японы JATA, Солонгосын KOTFA үзэсгэлэнг илүү онцолж цөөн хэдэн компани оролцсоор ирсэн.

ЗӨВХӨН МОНГОЛ: АЖ-ын үзэсгэлэнд оролцохын тулд эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Аливаа үзэсгэлэнд оролцсоны үр дүн тухайн жилдээ шууд гарахгүй бөгөөд нэг л удаагийн оролдлогоор олон жуулчин хүлээж авах боломжтой болно гэж найдаж болохгүй. Олон удаагийн “зөв” оролцоо, компаний цар хүрээ, туршлага, сурталчилж буй бүтээгдэхүүний онцлогоос хамаарна. Монголын компаниуд ихэнх нь шинэ залуу учраас үзэсгэлэнд оролцохдоо нэгдэж зөвхөн “Монгол” гэсэн бүтээгдэхүүний концепц бүтээж оролцох нь илүү үр дүнтэй. “Монгол Улсын нүүр царай” гэдгийг компаний эрх ашгаас дээгүүр тавих.

ӨРСӨЛДӨЖ ЧАДАХГҮЙ: Аяллын ямар бүтээгдэхүүнийг санал болгох вэ. Монголын хувьд олон улсад өрсөлдөж чадах бүтээгдэхүүнийг санал болгон оролцох нь чухал. Байгалийн хувьд ч, техник хэрэгсэл, байршуулах хэрэгслийн хангамжаар өрсөлдөж чадахгүй аяллын төрлүүд бий. Тухайлбал, далай тэнгис, нуурын эргийн АЖ, цас мөсний баяр бүхий өвлийн эвентүүд.  Хэрвээ ижил төрлийн аялал сурталчлахаар бол бусад улс орноос юугаараа ялгаатай аялал болж чадах вэ гэдгийг тунгаах. Тухайлбал, завины аялал бүх улс оронд бий. Тэгвэл Монгол дахь завины аялал юугаараа ялгаатай вэ.

ХЭЛНИЙ АСУУДАЛГҮЙ: Тухайн үзэсгэлэнд оролцох олон улсын компаниудыг судалж, үзэсгэлэнгийн үеэр албан ёсны уулзалт хийх компаниудыг сонгож, хагас жилийн өмнөөс урьдчилан хүсэлт тавьж, уулзах цаг авч болзоо тогтоох хэрэгтэй. Компаний төлөөлөгчдийн нэг нь тусгай уулзалт хийж байхад нөгөө нь талбай дээр ажиллаж байхаар төлөвлөх шаардлагатай. Төлөөлөгч нь гадаад хэлний маш сайн мэдлэгтэй байхаас гадна компаний имиж, эсвэл монгол үндэсний хэв маяг бага зэрэг оруулсан албан ёсны нүсэр бус хувцаслалттай байвал зүгээр.

ҮНДЭСНИЙ ГЭХ: Аливаа том үзэсгэлэнд оролцож буй орон бүр үндэсний өв соёл, хувцаслалтаараа гангардаг тул хөл хөдөлгөөнд умбасан тэр уур амьсгал дунд үндэсний гэх дэглэлт онцгойрч чадахгүй байх талтай. Харин олон улсын бус зөвхөн тухайн орны аялал жуулчлалынхан оролцож буй үзэсгэлэнд оролцох боломж нээгдсэн бол “үндэсний” гэх тодотголоор эрс ялгарах нь зөв болно. Гэвч “ажил хэрэгч” байдлыг ямагт нэгдүгээрт тавих нь чухал.

ЦААС ХЭРЭГГҮЙ: Талбайн тохижилт гэдгийг хулдаас, фото цаасан дээр хэдэн зураг хэвлүүлээд аваачиж өлгөх гэдгээс өөрөөр харж орчин үеийн загвар, технологийн шийдэл ашиглах. Зарим хүмүүс үзэсгэлэнд очоод танилцуулга, нэрийн хуудсаа тараачихвал болно гэж эндүүрдэг. Дэлхий даяараа цаасан сурталчилгаанаас татгалзаж байна. Зайлшгүй брошур, сэтгүүл зэргийг хэвлүүлэхээр бол мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Хэтэрхий загварлаг бол зочны тань ачаа тээшинд бараг л “саад тээг” болно. Тэд ач холбогдолгүй гэж үзсэн бол буусан буудлынхаа хогийн саванд шууд хаячихна. Зочинтойгоо ярилцах явцдаа брошур өгөх үү гэдгийг шийдэх, эсвэл авах уу гэж асуух нь дээр. Ярианы сэдвээ мартагдуулахгүй байх фото агшин, аяллын хөтөлбөр, үг өгүүлбэрийн тал дээр анхаарах, стандарт хэмжээнээс хэт жижиг, эсвэл том байх нь авч байгаа хүнд төвөгтэй санагдана гэдгийг бодолцоход илүүдэхгүй.

СОНИРХСОН ТӨДИЙ: Стенд талбай дээр ирж яриа өрнүүлсэн 100 хүн тутмын 90 нь сонирхсон төдий дүр эсгэж яваа гэдгийг тооцоолох хэрэгтэй. Хэрвээ яриа тань сонирхолтой байж чадсан бол өгсөн танилцуулга брошур тань хэзээ нэгэн өдөр Монголыг сонирхоход хүргэж мэднэ. АЖ-ын үзэсгэлэнд оролцоно гэдэг нь эхний удаад танилцуулах, танигдах үйл явц юм. Дэлхий дээр маш олон АЖ-ын үзэсгэлэн жил бүр зохион байгуулагддаг. Энд зөвхөн Ази, Европын үзэсгэлэнг танилцууллаа.  

АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН: 

  • Dubai – Arabian Travel Mart (2024.05.06-09)
  • Abu Dhabi – Эрүүл мэндийн АЖ-ын үзэсгэлэн (2024.01.29-02.01)
  • Mumbai – Indian Travel Market (2024.09.11-13)
  • Tel Aviv – Israel IMTM (International Mediterranean Tourism Market) (2024.04.03-04)
  • JATA – Japan Tourism EXPO (2024.09.26-29)
  • Baku – AITF (Azerbaijan International Travel & Tourism Fair) (2024.04.03-05)
  • Tbilisi – CAUCASUS Tourism Fair (2024.04.12-14)
  • Alma Ata – KITF (Kazakhstan International Tourism Fair) (2024.04.24-26)
  • Shanghai EXPO – ITB China (2024.05.27-29) 
  • SingaporeITB Asia (2024.10.23-25) MARINA BAY SANDS
  • Hong Kong – ITE (International Travel EXPO)(2024.06.13-16)
  • Shenzhen – SITE (Shenzhen International Tourism EXPO (2024.06)
  • Seoul – SITF (Seoul International Travel Fair) KOTFA (2024.05.09-12)


ЕВРОПЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН 

  • WTM London (2024.11.05-07)
  • ITB Berlin (2024.03.05-07)
  • Vienna – Ferien Messe Vienna  (2024.03.14 – 17)
  • Sofia – Holiday & Spa EXPO  (2024.03.13-15)
  • Zagreb – International Tourism Fair (2024.01.18-20)
  • TAXIDI – Travel Expo Cyprus (2024.04.19-21)
  • Brno – International Travel Fair (2024.10.24-25)
  • Prague – International Tourism and Regional Tourism Trade Fair (2024.03.15-17)
  • Tallinn – Estonian International Tourism Fair (2024.02.08-10)
  • Helsinki – Matka Travel Fair (2024.01.19-21)
  • Toulousen – International Fair (2024.04.12 – 21)
  • Paris – World Tourism Fair (2024.03.14 – 17)
  • Chemnitz – Germany Travel Mart (2024.04.21 – 23)
  • Stuttgart – Holiday Exhibition (2024.01.13 – 21)
  • Leipzig – Touristik & Caravaning Tarvel Fair (2024.11.20-24)