ATLAS OFFROAD

Манай “Атлас оффрөүд” машин Landcruiser 200 ба 300, G Class машинтай ч хамт аяллаа. Тэдгээр машинууд жалга руу ороод гарахад нь дагаж ороод л гараад ирсэн. Өөрөөр хэлбэл, тэдгээр жийпнүүд хаана явж чадна, тэр газруудаар асуудалгүй явна аа хэмээн ярьж суусан энэ залууг Батзул гэдэг. АЖ-ын талаар мэдэх зүйл юу ч байхгүй хэмээн намайг урьж ярилцсан хэрнээ мэдэхийн дээдээр мэдэж байсан, бас туршлагатай ч байсан. Багаасаа авто машины хоббитой байсан тэрбээр “аялал”, “жуулчин” хэмээх үгсийг “чанар” ба “бүтээгдэхүүн”-тэй холбоод аль хэдийнэ харчихсан,  туршчихсан байсан.

БАЙХ ЁСТОЙ БҮХЭН: 4-5 хүн машиндаа тухтай амраад явах боломжтой. Мэдээж хэрэг аялалд мэр сэр анхаарах зүйлс гарч ирж магадгүй, технологийг засаж сайжруулаад явна. Дээд талд хоёр, доод талд хоёр, нийт дөрвөн ортой. Тус тусдаа 180, 190, 240см урттай. Дээрээ майхантай, агаар сэлгэх цонхнуудтай. Усны савны багтаамж 90 литр, дизель халаагууртай, кондейшнтэй, жижиг хөргөгчтэй, угаалтууртай, гал тогооны хэсэгтэй, шүршүүртэй, бүгд хийн газаар холбогдоно. Одоо 00-ийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Оффрөүд машинд байх ёстой бүхэн бий.

ХАМГИЙН ИХ ТУРШИГДСАН НЬ ЭЛС: Тус машинаараа янз бүрийн туршилт хийж үзлээ. Өнгөрсөн зун 3 удаа аялалд гарахдаа Улаагчны Хар нуур, Хөвсгөл нуурыг тус тусад нь зорилоо. Тэрхийн цагаан нуураас Ороохын даваагаар даваад Галтын рашаан ороод, Галтаас Хөвсгөлийн Жаргалант сум ороод тэндээс Архангайн Жаргалантын Их даваагаар давж үзсэн. Ямар ч асуудалгүй явсан бөгөөд туулах чадвар сайн байсан. Энэ машины хамгийн их туршигдсан нь элс. Цасан дээр элсэн дээр явсан шигээ их туршаагүй байгаа хэдий ч элсэн дээр сайн явж л байвал бусад нөхцөлд асуудалгүй гэж үзсэн. Жижиг хөдөлгүүртэй, турботой, мэдээж хүндрүүлэгчтэй, төвийн түгжигчтэй, хойноо түгжигчтэй, урдаа түгжигчгүй. Элс, шавар, цасанд асуудалгүй явна. Бартаат замын машин учраас offroad амортизатораар тоноглосон.

МОНГОЛ ИНЖЕНЕР: Багаасаа авто машины сонирхолд хөтлөгдсөн миний санааг олон жил нөхөрлөсөн хятад найз маань дэмжсэнээр энэ бартаат замын машин бүтсэн. Машиныг Tank 300, 500-г үйлдвэрлэж байгаа Great Wall Motors компани үйлдвэрлэсэн бөгөөд арын кемпэр хэсгийг Yunliang компани тоноглож угсарсан. Өөрөөр хэлбэл Бээжингийн машины үйлдвэрт үйлдвэрлэж, тэндээс 30 гаруй км зайд байх өөр нэг үйлдвэрт арын кемпэр хэсгийг угсарсан. Машинаа “Атлас оффрөүд (Atlas Offroad)” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь тоноглосон амортизаторын нэр юм. Борлуулалтаа “Автоланд” компаниар хийлгэж байгаа бөгөөд эхний оруулж ирсэн 10 машины 5 нь зарагдсан байгаа. Борлуулалтын дараах үйлчилгээг мэдээж хэрэг манай “Атлас оффрөүд” компани бүрэн хариуцна.

ОФФРӨҮД ОЛГОНО: Жуулчны бааз, ресортод буух бол мэдээж хэрэг илүү тав тухтай сайхан байх нь ойлгомжтой. Гэвч санаанд оромгүй гоё таашаал өгөх байгаль дээр хүрч очих боломжийг оффрөүд машин олгоно. Мөнгөтэй хүмүүс ердийн жуулчидтай холилдох дургүй байдаг юм байна. Монголын мөнгөтэй боссууд ч майханд унтаж чаддаггүй, тав тухтай буудал, ресорт барааддаг. Мөн тэд нар хүн ихтэй газарт дургүй. Цэнхэрийн халуун рашааны баазууд дээр очиж байлаа. Хүн ч ихтэй, үйлчилгээ нь ч хүрэхгүй, ариун цэврийн шаардлага ч хангаагүй, тохижилт ч муу, нэг л замбараагүй санагдсан. Бааз, ресорт байхгүй, АЖ-ын эргэлтэнд ороогүй халуун рашаанууд бий. Оффрөүд машинаар хүмүүсийн тэр болгон хүрч очиж чаддаггүй байгальд очиж амрах маршрутуудыг хөгжүүлэх боломжтой. Байгалийг бид нар худалдан авч чадахгүй, харин хэрхэн зөв зохистой ашиглаж хойч үед үлдээх вэ гэдэг асуудал чухал.

ЯАРСАН НАЙЗУУД: 10 жил нөхөрлөсөн хятад найз маань “хийвэл хийсэн шиг хийе, өдөрт хэдэн саяар нь төлөх чадвартай жуулчдын төлөө хийцгээе, тултал нь хийгээрэй” гэж хүч нэмсэн. Бас надад “юуг засаж сайжруулмаар байна, дор нь засаад явъя” гэж хэлдэг, одоо ч хэлсээр байдаг. Хятад найз маань эхний машинууд бэлэн болонгуут найзуудаа дагуулаад ирсэн. Бид нар хамтдаа машиныхаа чадлыг шалгаж үзэхээр бартаат замын аяллууд хийсэн. Хагийн хар нууран дээр очоод майханд хонож чаддаггүй, малчин айлд бас унтаж чаддаггүй. Бүгдийг нь машиндаа хонуулсан. Нутагтаа буцаж очоод өөрийнхөө оффис дээр Монголоор аялсан бичлэгүүдээ том дэлгэцээр үзүүлээд сууж байдаг. Орж гарсан найзууд нь бүгд Монгол руу аялахаар яарч байна гэнэ. Өдөрт 50 саяас илүү төгрөг элбэг олдог бизнесийн орлоготой хүмүүс аялах хүсэлтэй байна.

ХЯТАД САЯТНУУД: Оффрөүд аялал хийх бүрэн боломжтой, аялалдаа өндөр үнэ төлөх чадамжтай маш олон хятад жуулчид бий. Хятад жуулчдад монголчуудын ихэнх нь дургүй. Баазууд ч, буудлууд ч ялгаварлах хандлагатай байдаг. Хятад найз нар маань тэрийг “мэдэрчихсэн” байдаг учраас энэ машиндаа хоноод явъя аа гэсэн. Мөнгө төлөх чадвартай байгаад байгаа хэрнээ тэр боломжоо зориулах нөхцөл муу байна. Тийм учраас энэ кемпэр машинуудаараа “хятад саятнуудыг аялуулъя” гэж найз маань хэлсэн. Аялах сонирхолтой, өндөр орлоготой бизнес хийдэг хятадууд ханзан доороо мөнгөө хадгалаад суухаа больсон. Тэд амьдралын хэв маягаа өөрчилсөн, дэлхийтэй танилцахыг хүсдэг болсон, сүүлийн жилүүдэд хятад жуулчид маш ихээр аялдаг болсон.

ЛЮКС ЗӨӨВРИЙН КЕМП: АЖ-ын үйлчилгээнд зориулж чиргүүлүүдийг тоноглон зөөврийн кемпүүдийг хийхээр зураглаж дуусаад бэлтгэл ажилдаа орж байна. Хөрөнгө оруулагчид ч бэлэн. Люкс өрөөнүүдтэй байх бөгөөд тойруулаад зөөврийн саунууд байрлуулна. Дундаа шалнууд угсрагдах бөгөөд газар гишгэхээргүй зохион байгуулалтын төлөвлөлт хийсэн.  Мэдээж хэрэг нарны панел, усны танк гэх мэт шаардлагатай бусад бүх зүйлсээр тоноглоно. Зуны улиралд нэг байршлаас нөгөөд шилжин байрлах байдлаар явна. Нэг дор 12 хүн байрлахаар багтаамж бүхийгээр тооцоолж байгаа. Учир нь аяллын групп 12-оос хэтрэхгүй хүнтэй байвал аяллын багийн нэгдэл нягтралд асуудал гарахгүй санагдсан. Зөөврийн кемп нь овор хэмжээ том учраас бартаат зам туулахад хэцүү болно. Тийм учраас Монголд тохирсон чиргүүл байдлаар хийхээр төлөвлөсөн.

ТАСАРХАЙ 00: Хөдөө зам дагуух 00-ийн асуудал одоо ч хүнд хэвээр байна. Жишээ нь Буйр нуураас Алтай таван богд хүртэл 30 байршил дээр “чиргүүл”-ээр 00 шийдье гэж бодъё. Үргэлж би энэ тухай бодож явдаг. Том багтаамжтай, хангалттай гоё тохижилттой 00, шүршүүр хийж болно. Гэвч ажиллагаа үйлчилгээг нь бид нар хариуцах боломжгүй. Хоол үйлчилгээтэй байвал 00-д үнэгүй орно гэх байх. Чиргүүл 00-ийг хийлээ гэхэд борлуултанд оруулна. Улс манайхаас худалдаж авах, эсвэл нэг бизнес хийх хүн худалдаж аваад дэргэд нь юу хиймээр байна, тэрийгээ хийгээд эзэмшээд явсан нь дээр гэдэг зарчмаар шийдэх шийдэл юм. Худалдан авагсад хажууд нь хоол үйлчилгээ нээж болно, эсвэл 00-доо төлбөртэй оруулж болно. Дэргэд нь цахилгаан машин цэнэглэх жижиг станцуудыг хамт байгуулбал ирээдүйтэй. Сүүлийн үед олон том том компаниуд цахилгаан машинууд оруулж ирж байна. Яагаад чиргүүл 00 хийх санаа төрсөн бэ гэхээр гадаад найз нөхдүүд маань Монголын хөдөө нутгаар аялахдаа бүгд 00 маш хэцүү юм аа гээд байдаг. Эхний туршилтаа хийж үзэхийн тулд 40 тоннын контейнер дээр 00, шүршүүр хийгээд эхэлчихсэн явж байна аа. Тэрийг эхлээд малчин айлын гадаа аваачиж тавьж үзнэ.

МӨНГӨНӨӨС ИЛҮҮ: Дэлхийгээр дүүрэн туршлагатай кемпер машины аялагчид бий. Монгол хүртэл тэр машинаараа аялах хэцүү. Нисэж ирээд манай машиныг түрээсэлж аялчихаад буцаад нисэж болно. Манайх хэрэглэдэг машиных нь үзүүлэлтүүдийг хангахад л болно. Тэд жилдээ 10 мянган км илүү зам туулж аялж байна. Одоо бид нар машин доторхи бүх үг хэллэг зааварчилгааг англи хэлээр болгож байгаа. Удахгүй нэг машиндаа 3-4 хүн суулгаад Монголын баруун хязгаар хүрнэ, тэндээс Казахстан руу аялна, дараа нь Киргизстаны нутагт хүрнэ. Киргизстанаас энэ машиныг маань авах захиалга ирсэн. Машинаа хүргэж өгчихөөд буцаж наашаа нисэж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ бол мөнгөнөөс илүү том сурталчилгаа болох юм.

ХЭД Л БОЛ ХЭД: Ярилцагч би бээр дахин дахин асуугаад байлаа. Энэ машинууд аялалд хэд хүртэл тоогоор гарах боломжтой вэ гэхэд “хэд л бол хэд” гэв. Учир нь машиныг үйлдвэрлэгч компаний удирдлагууд Батзулын удаан нөхөрлөсөн найзууд. Сайжруулаад, шинээр төлөвлөөд олноор нь, янз бүрийн загвараар үйлдвэрлээд байх боломжтой гэсэн юм. Ямар “баавартай” урамтай үг вэ. Одоогийн байдлаар компаниуд янз бүрийн хувийн машинуудыг нийлүүлж нэг цуваа гаргадаг. Манайх эхний ээлжинд нэг стандартын 10 машиныг нэг дор гаргаж чадна гэв. Ер нь нэг баазаас нөгөө бааз руу яваад байхаас илүү дунд нь 2-3 удаа голын эрэг дээр ч юм уу, уулын орой дээр ч юм уу машиндаа тухлаад шорлог морлог хийж идсэн шиг суувал сайхан биш гэж үү.