Манай аяллыг САЯТНЫ ГАЛТ ТЭРЭГ гээд нэрлэчихсэн байсан.

Монгол Улс зах зээлд шилжих үед буюу 1991 онд анх ХБНГУ руу явсан сан. Монголын өөрчлөн байгуулалтыг тэнд сурч буй нөхөртөө сонирхуулахаар, бас өөрөө Берлиний хана нурж хоёр Герман нэгдсэнийг харахаар яарч билээ. БНАГУ-ын академийн математикийн институтэд докторт суралцаж байсан нөхөр Батдэлгэр маань бусад зүүн германчуудын адил ажилгүй болсон байв. Тэнд очоод Баруун Берлиний аялал жуулчлалын Лерниде Райзен компанийг үүсгэн байгуулсан Ханс Энгбердингтэй танилцсанаар аялал жуулчлалд холбогдсон юм. Ханс Энгбердинг барууны орнуудад зорчих боломж дөнгөж нээгдсэн Монгол Улсад өөрийн салбараа нээх санал хэлсэн.   

Ингээд Баруун Берлинд байдаг төв оффис дээр нөхрийн хамтаар хагас жилийн дадлага хийхээр болж аяллын захиалгын системтэй танилцаж, олон улсын нислэгийн захиалгын Амадеус систем дээр дадлага хийж, Монгол руу жуулчин явуулах үйл ажиллагааг хийж эхэлсэн. Нөхөр маань ч Монгол руу ирэх анхны тойрон аяллын группийн ахлагчаар ирж, тухайн үед бид Жуулчин компаниар үйлчлүүлж байв. Энэ нь Монгол хүн Герман хүний оронд групп ахлан Германаас хамт ирж, Герман руу хамт буцаж байсан тун сонирхолтой түүх юм.

ГЕРМАНЫ МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАР. Нөхөр маань Монголдоо харьж ирээд өөрийн компани болох “Цолмон” ББХК-ийг 1992 онд үүсгэн байгуулж албан ёсоор бүртгүүлэн зөвшөөрөл авснаар Германийг төлөөлсөн анхны аялал жуулчлалын компани болов. Жуулчдын ихэнх хэсэг нь Орос-Монголыг дамнасан Транссибирийн төмөр замын аяллаар ирж байсан. Эхний 2 жилд бид бусад гадаадын жуулчны компанитай гэрээ байгуулах эрхгүй байсан тул зөвхөн Лерниде Райзен компанийн жуулчдыг хүлээн авч үйлчилсэн. Дараа нь гэрээ дуусч Цолмон компани маань бие даан ажиллах боломжтой болсон.

ТРАНССИБИРИЙН ТӨМӨР ЗАМ: Оросоор Транссибирская магистраль гэдэг нь дэлхийн хамгийн урт төмөр зам гэдгээрээ алдартай. Москвагаас Владивосток хүртэл 7288 км урттай төмөр зам бөгөөд 1891-1901 онд баригдсан бөгөөд 2 тивийн 100 орчим хот, 16 гол мөрнийг дайран өнгөрдөг. Улмаар дээрх төмөр зам нь 1940 онд хойноос урагш Монголын хил хүртэл, 1950 онд УБ хот хүртэл, 1955 онд урагш Хятадын хил хүрч улмаар Бээжин хоттой холбогдсоноор Европ Азийг холбосон хамгийн урт төмөр зам болсон. Цагийн 8 өөр бүсийг туулж 9000 гаруй км үргэлжлэх Евроазийн энэ төмөр зам нь улс улсын аялагчдын заавал үзэхийг хүсдэг нэгэн гайхамшиг болсон. Цолмон трэвэл компаний хувьд Транссибирийн галт тэрэгний аялалд томоохон байр эзэлж, байнгын харилцагч гадаад олон компаниудын Монгол дахь аяллын хөтөлбөрийг хариуцаж хамтран ажилласаар ирсэн.

ORIENT EXPRESS & ZARENGOLD ТУСГАЙ ГАЛТ ТЭРЭГ. Транссибирийн галт тэргээр аялах хүсэлтэй жуулчдын эрэлт их байсан учир Москва-УБ-Бээжин чиглэлийн хуваарьт галт тэрэг энэ эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй байсан. Тийм учраас Лерниде Райзен компаниас санаачлан 1999 оны 10 сард Orient Express тусгай галт тэргээр 234 жуулчин бүхий анхны тусгай галт тэрэгний аяллыг ирүүлсэн. 2000 онд ч үргэлжилж, 2001 оноос өнөөдрийг хүртэл Zarengold (Zar’s Gold) тусгай галт тэрэгний аяллыг жил бүр зуны саруудад 10-12 удаа тогтмол зохион байгуулж жилд дунджаар 1500 орчим жуулчин энэ аяллаар Монголд орж ирдэг болсон. 2012  оноос БНХАУ-ын Эрээн хот руу энэхүү галт тэрэг орох боломжгүй болсон тул Замын-Үүд боомтод галт тэрэгнээс буулган Эрээн рүү автобусаар гарган Эрээнээс Хятадын тусгай галт тэрэг хүлээн авч цааш Бээжин аялдаг болж өөрчлөгдсөн.

НЭГ ДОР 200 ХҮРТЭЛ: Zarengold (Zar’s Gold) тусгай галт тэрэг нь дотроо олон зэрэглэлийн өрөөнүүдтэй. Зочны, ариун цэврийн болон унтлагын өрөө бүхий люкс зэрэглэлийн купенээс эхлээд жирийн 2 ортой дундын ариун цэврийн өрөөтэй купенүүд ч бий. Нэг галт тэрэгний цуваанд зочин буудаллах 15 хүртэл вагон, ачааны нэг вагон, рестораны 3 вагон явдаг тул бүх жуулчдаа нэг дор зэрэг хооллох боломжтой. Нэг галт тэрэгний 150-200 жуулчинг 8-13 жижиг группэд хэлний ангиллаар хувааж, групп тус бүрт замын турш үйлчлэх үндсэн хөтөч, тухайн улс бүрт нь үйлчлэх хэл хэлний хөтөч дагалдуулахын зэрэгцээ бүхэлд нь удирддаг ерөнхий ахлагч, туслах 1-3 хүн болон мэргэжлийн эмч хамт явдаг.

ХӨТӨЛБӨР: Москвагаас эхлээд Казань, Екатеринбург, Новосибирск, Эрхүү-Байгаль нуур, Улаан-Үүд зэрэг хотууд, УБ-Тэрэлж, Эрээн, Бээжин  (эсрэгээрээ Бээжингээс эхлээд Москва хүртэл) хотуудыг үзэж, ард түмнийх нь түүх, соёл, ёс заншилтай нь танилцаж, зарим хотуудад хонож, галт тэргэн дотроо ч байнгын арга хэмжээ, мэдээлэл, байнгын хөтчийн үйлчилгээтэй явдаг. Тус аялал нь 16-18 хоногийн хөтөлбөртэй бөгөөд жишээ нь Байгаль нуурын эрэг дээр галт тэргээ зогсоогоод нуур үзэх, завиар аялах, Оросын уламжлалт хоол унд амталж, урлагийн тоглолт үзэх зэрэг хөтөлбөрүүдэд саатдаг. Монголын нутагт 3 хонодог ч  хоёр хоног нь галт тэргэнд, нэг хоног нь УБ хотын зочид буудал юм уу, жуулчны баазад хонодог. Эхний өдөр нь УБ хотын аяллын үзвэр үйлчилгээ, удаах өдөр нь Горхи-Тэрэлжийн бүсэд байгаль болон малчдын ахуй амьдрал, соёлын уламжлалтай танилцдаг. Зарим тохиолдолд цааш Бээжин рүү явахгүй хүмүүс үлдэж Монголд 7-10 хоногийн тойрон аялал хийх нь бий.

САЯТНЫ ГАЛТ ТЭРЭГ: Өнгөрсөн онд 20 нас хүрсэн Zarengold – тусгай галт тэрэгний аяллыг Монголчууд “Саятны галт тэрэг” хэмээн нэрлэчихсэн. Саятнууд явдаггүй ч нэлээд өндөр өртөгтэй аяллуудын тоонд ордог. Энэ аялалд маш их бэлтгэл ажил шаарддаг. Анх 3 улсын хооронд нэмэлт тусгай галт тэрэг явуулах зөвшөөрөл авах, галт тэрэгний зам дагуух бүх зөрлөг гадаад дотоодын тээврүүдийн графикт зохицуулан тусгуулах зэрэг томоохон суурь ажлуудыг хийсэн. 100-150 хүн нэг ресторанд хооллоход 10 хүн шиг л 30-40 минутад багтаан зэрэг хооллох, буудалд ороход удаан хүлээлгэлгүй зэрэг түлхүүрийг тараах зэргээр бүхий л ажил нарийн зохион байгуулалт шаарддаг.

БЕТОНОН ГҮҮР ТАВЬСАН. Эхний жилүүдэд энэ хэмжээний группийг нэг дор хооллоход багтаах ресторан ч бараг байгаагүй, Баянгол зочид буудал, Улаанбаатар зочид буудлын ресторанаар л бараг хязгаарлагдаж байв. Тэрэлжид бас энэ хэмжээний хүн зэрэг хооллох хүчин чадалтай газар байгаагүй. Иймд Налайхын цэргийн 238-р ангитай гэрээ байгуулан өөрийн жуулчны бааз Бүүвэйт дээр цэргийн том асар бариулан өдрийн хоол өгч, бага наадам зохиож байв. Манай Бүүвэйт баазын доохно байдаг горхиор том оврын автобуснууд гардаггүй байсан тул өөрсдөө бетонон гүүр тавьсан. Нэг дор 150 хүнийг авахад маш нарийн төлөвлөлт, зохион байгуулалт, бүх ахлагчид, хөтөч, жолооч нар нэг баг болж, нэг удирдлагаар ажиллаж байж 150 хүнийг нэг хүн шиг авч явж чаддаг. Хэн нэгэн жуулчин бие нь өвдөх зэрэг аливаа асуудал гарахад эхлээд хэнд хэлэх, дараа нь ямар арга хэмжээ авахыг урьдаас бүгдийг тодорхой төлөвлөдөг.