МОНГОЛ БАЙГААГААРАА ӨӨРИЙГӨӨ СУРТАЛЧИЛЖ ЧАДДАГ

Монгол дерби морин уралдааны анхны санааг Англи улсын “The Adventurists”компанийг үүсгэн байгуулагч Том Морган гаргасан. Миний хувьд малчдыг дэмжин ажиллах, тэдэнд шууд хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ нүүдэлчдийн соёл ахуйг хадгалж үлдэх, монгол адууг дэлхийд таниулах чин хүсэл мөрөөдөлтэй явдаг учраас Том Морганы саналыг шууд дэмжиж, Монголын талаас зохион байгуулах ажлыг хариуцаж бодит ажил хэрэг болгосон.

АЙЛУУДТАЙ УУЛЗАХ УУ. 2009 оны хавар хамгийн эхний 1000 километрийн уралдааны маршрутаа гаргах гээд хөдөө явж байлаа. Тэр үед морьдоо 35 км тутамд хэрхэн зохицуулах, өртөөгөө хэрхэн байгуулах, 1500-аад адууг нэг бүрчлэн үзлэгт оруулах зэрэг маш олон логистикийн асуудлуудтай тулгарч, амаргүй байсан. Эзгүй талд оччихоод “за одоо яах уу, айлуудтай уулзах уу” гээд зогсож байсан тэр үе одоо ч нүдэнд харагддаг. Хэдий тийм боловч энэ олон жилийн дараа эргээд харахад монгол морин уралдааны нэр хүнд, үүсэн бий болсон хамт олон, өртөөний малчин айлууд, аялал жуулчлалын салбарт оруулж буй хувь нэмэр, уралдаанд ирж оролцдог адуучдын гайхамшиг, Монгол оронд дахин дахин ирж байгаа унаачид, тамирчдыг бодохоор энэхүү уралдааны эхлэлийг хамтран тавилцаж, амжилттай болгож чадсандаа баярлаж явдаг.

ГЕННИСТ БҮРТГЭГДСЭН. Монгол дерби уралдаан нь “Гиннесийн ном”-д бүртгэгдсэн, дэлхийн хамгийн хүнд хэцүү, холын зайн морин уралдаан бөгөөд 500-аад хүний хүч хөдөлмөр орсон ложистикийн томоохон арга хэмжээний үйл ажиллагаа байдаг. Уралдааны цар хүрээ, нэр хүнд нь олон улсын тавцанд жил болгон өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд морин спорт, морь унах дуртай хүн болгоны мөрөөдөл болсон байдаг. Монгол дерби уралдаанд нэг өдөр ч гэсэн уралдах юм сан гэж боддог морин спортын тамирчид нэмэгдсээр байна. 

УЛС ТӨРЧ, ХУНТАЙЖ ХҮРТЭЛ ... Тус уралдаанд дэлхийд улс орноо төлөөлж олимп, морин спортын уралдаанд оролцдог тамирчид, Английн хатан хааны хамгаалалтын отрядын цэргүүд, олон улсад нэр хүндтэй шүүгч, улс төрч, хунтайж, эдийн засагчаас авхуулаад дөнгөж сургуулиа төгссөн оюутан, насаараа морь унасан 70 настан гээд мэргэжил, хүйс харгалзахгүйгээр хүрэлцэн ирж оролцдог. Жил болгон уралдаанд оролцох хүсэлтээ явуулсан олон зуун унаач, тамирчид дундаас бид зөвхөн 50 орчим хүнийг шалгаруулж авдаг. Үндсэн гол шалгуур нь морь сайн унадаг, хөдөө хээр алслагдмал газарт бие дааж аялж байсан туршлагатай байх ёстой байдаг.

ЖИЛ БҮР 1500 МОНГОЛ АДУУ: Зохион байгуулагч бидний нэн тэргүүнд тавьдаг зүйл бол морьдын аюулгүй байдал юм. Уралдааны үеэр морьдыг 35 км тутамд буюу өртөө бүрт шалгаж үзлэгт оруулдаг. Жил бүр 1500 орчим монгол адууг мал эмнэлгийн үзлэгт оруулж уралдаанд бэлддэг ба олон улсын морин спортын дүрэм журам, мөн зохион байгуулагчдаас гаргасан дүрэм журмыг баримталдаг. Түүнээс гадна асар арвин туршлагатай дотоод, гадаадын хамтарсан малын эмч болон хүний эмч нарын багийг ажиллуулж, тус тусын үүрэгтэй зохион байгуулагчдын багуудыг бэлддэг.

ШУУД ДАМЖУУЛАХЫГ ЗОРИНО. Бид бүхний хувьд өнгөрсөн 10 гаруй жил бол Монгол дерби морин уралдаан маань дэлхийн хэмжээнд танигдсан спортын арга хэмжээ болж өргөжсөн гайхалтай он жилүүд байлаа. Энэ жил гэхэд 3 сая гаруй хүн уралдааны үйл явцыг онлайнаар дагаж үзсэн. Ирэх арван жилд бид хүрээгээ улам тэлж, ТВ спортын сувгуудын шууд дамжуулалтаар Монголын ард түмэндээ, мөн олон улсад сурталчлан ажиллах зорилготой байна. Монгол дерби уралдаанаас санаачлаад дэлхийн хамгийн шилдэг морин уралдааны цувралыг бас зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, энэ жилээс Аргентин улсад “Гаучо дерби” зохион байгуулагдаж эхлээд байгаа бөгөөд 2023 оноос Хойд Америкт зохион байгуулж эхэлнэ. Бид хамтран ажилладаг хөдөө орон нутгийн малчид, иргэдэд хөрөнгө оруулалт хийж, Монголынхоо гайхамшигт түүх, соёлыг дэмжин сурталчлах ажлаа үргэлжлүүлсээр байх болно.

МОРИН АЯЛАЛД ТӨГС... Одоогийн байдлаар Монгол дерби уралдаан нь, Монголд зохиогддог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн морин уралдааны нэг юм. Иймээс энэ төрлийн үйл ажиллагаанууд зах зээлд өсөх асар их боломж бий. Бид хэдийгээр 50-аад унаач, тамирчныг шалгаруулж авдаг ч гэлээ дэлхий даяар олон мянган боломжит морь унах дуртай хүмүүс байдгийг харгалзан үзэх хэрэгтэй байгааг анзаарсан. Илүү олон морь унах сонирхолтой хүмүүсийг татах боломжтой гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн Монгол орон адуун сүрэг ихтэй, алхам тутамд хувийн өмчлөлийн хашаагүй, нийтийн эзэмшлийн газар нутагтай, байгалийн үзэсгэлэн хосолсон, өргөн уудам бэлчээртэй учраас морин аялалд  төгс, өвөрмөц зохицсон юм. Өнөөгийн цахим эрин зуунд тэдгээр морь унах хүсэлтэй хүмүүсийг яаж Монголд авчрах вэ гэдэг асуултад “Монгол байгаагаараа өөрийгөө сурталчилж чаддаг” гэсэн үг хамгийн сайн хариулт болдог.

МАЛЧДАД ШУУД ӨГЧ ЧАДДАГ. Морин спорт, морин аялал нь Монголын аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой гэж боддог. Монголчууд хэдэн мянган жилийн турш морь унаж ирсэн нь бид бүхний өвөрмөц соёлын нэгээхэн хэсэг юм. Интернэтээр мэдээлэл хурдацтай тархаж байгаа өнөө үед ихэнх хүмүүс Монголын өнгөрсөн түүх, Чингис хаан, монгол адууны соёл, ач холбогдлыг хүлээн авч, улмаар хүндэтгэн зөвшөөрч байна. Морин аялал нь гадаадын жуулчдад морь унах замаар Монголын уламжлалт ахуйг үзэж, мэдрэх ховорхон боломжийг бий болгож чаддаг. Тэр ч утгаараа Монгол дерби уралдаан нь малчны хотны гадаа нь очоод аялал жуулчлалын үр шим, эдийн засгийн ашгийг өгч чаддагаараа маш онцлогтой. Морин аяллыг брэнд болгож ажиллахад хамгийн түрүүнд анхаарах зүйл нь эрсдэлийн менежментийг сайн зохион байгуулах нь маш чухал гэж боддог.