ЧАМГҮЙГЭЭР БОЛНО

Монгол цаг. Монголчуудын амьдралын хэмнэл нь байгаль, цаг уураас хамааралтай явж ирсэн. Өвөлжөө, хаваржаанаас нүүхээр товлосон цаг нь цас хайлж хүн малын унд хомсодсон, цас нэмж орсон, эрт хүйтэрсэн зэргээс хамаарч зөрчигдөж байдаг. Тийм учраас цаг хугацааны огт өөр мэдрэмж, хэмжүүртэй байдаг. Тэгэж байгаад уулзъя, боломж гарахаар өгч авалцъя, хүйтрэхээр нүүнэ гэх мэт баримжаагаар ойлголцож ирсэн. Одон зурхайд байдаг элдэв хоригуудад янз бүрийн гарц олж чаддаг. Жишээ нь, аян замд таагүй гэсэн өдөр нь цаг агаар сайхан байвал “мөрөө гаргах” засал хийгээд мордчихно.

Цаг баримтлахаас илүү цаг зүүж явах нь чухал. Бизнесээ хамтран хөгжүүлэх гэдэг боломж малчдад байсангүй. Малаа нийлүүлээд өсгөвөл хотондоо багтахгүй болоод салж нүүхдээ тулна. Нийлүүлсэн хөрөнгө арвиждаг бол нийлүүлсэн мал хорогддог. Зүс үзээгүй хүнийг байтугай, саахалт айлаа гүйцэд таниагүй учраас өнгөн талаас нь дүгнэхээс өөр аргагүй байдаг. Монгол хүн үл таних хамтрагчаа “нүдэнд дулаахан хүн байна” гэж дүгнэдэг. Нүдэнд дулаахан байхын тулд өнгөтэй өөдтэй харагдах хэрэгтэй. Найр наадамд очихдоо “жороо морьтой, торгон дээлтэй” очих ёстой гэж сэтгэж ирсэн. Цаана нь хэчнээн адуу мал, алт мөнгө байгааг авч хэлэлцэхгүй. Монгол хүний орлогоосоо давсан хэрэглээ, гангараа нь өөрийгөө тодорхойлсон CV гэж хэлж болно.

Агуулга бус өнгөө хувиргадаг. Япончууд өнгөө хадгалж агуулгаа шинэчилдэг, харин монголчууд агуулгаа хадгалж өнгөө шинэчилдэг. Ики арлын музейд эх газрын наймаачид хөл тавьж буй түүхэн зургийг музейн ажилтан тайлбарлахдаа “хөл нүцгэн нь япончууд, гуталтай нь эх газраас ирсэн харь нутгийн наймаачид” хэмээжээ. Япончууд солиод барахгүй олон гуталтай болсон ч байшин савандаа хөл нүцгэн ордог хэвээрээ, гэвч агуулгаараа эх газрын олон орныг хөгжлөөрөө хол хаясан.  Өнгөн талаасаа олон зуун жилийн уламжлалтай сумо, кимоно, харин агуулгаараа сони, тоёота, мицүбиши ... Харин нүүдэлчид даарах, халууцах асуудлыг нэгмөсөн шийдэхийг яарахгүй, угаасаа боломжгүй. Байшин нүүлгээд байж чадахгүй. Тийм учраас монголчууд өнгөн талын реформ хийгээд сурчихсан. Үстэй дээл өмсөөд өвлийн хүн, туургаа давхарлаад өвлийн гэр, тэрлэг өмсөөд зуны хүн, туургаа дан болгоод зуны гэр болгочихдог нь өнгөн талын өөрчлөлт, харин агуулга нь нүүдэлчин малчин хэвээрээ.

Ажил хийвэл дуустал. Мал өөрөө өснө, харин эзэн нь аюулгүй байдал, өсч үржих таатай орчныг хангах үүрэгтэй. Амьдралын менежмент нь ган, зуд гэх мэт цаг уурын бэрхшээлийг даван туулахад чиглэгдэнэ. Яаж ийгээд даван туулах, дуусгах нь чухал болохоос ямар арга замаар, ямар чанартай дуусгах нь чухал биш. Өнөөдрийн цасан шуургыг л давж гарч байвал “маргааш нар гийсэн сайхан өдөр болно” гэсэн тайвшрал юм. Ажил хийвэл дуустал гэдэг үгэнд “чанартай сэтгэлтэй хөдөлмөрлөж ард нь гарна” гэх утгаас илүү  “тэвчиж гүрийж байгаад ард нь гарах” гэсэн агуулга илүү түлхүү бий. Эдүгээ ч энэ хэвээрээ, “гүрийж гүрдийж байгаад ардчилал, зах зээлийн ард гарна даа” хэмээн өөрсдийгөө зоригжуулна.

Хоёулаа л урагшлах дуртай. Япончууд нэгнийхээ гаргасан замыг дагаж урагшлах дуртай, харин монголчууд эгнээгээрээ урагшлах дуртай. Мал сүрэг, бусад хүчин зүйлээр нөгөөдүүлээ “дарамтлах” чадамжгүй хот айл, овог аймгууд байж гэмээнэ аль аль нь эрх дураараа нүүх боломжтой. Хэн нэгийгээ илүү хүчирхэгжээд ирвэл болгоомжтой, сортоотой хандаж эхэлнэ. “Гөлөгний бие төлжив, хурганы үс гуужив” гэх мэтээр дохио сэрэмжлүүлэг хэлнэ. Энэ нь орчин цагт сайн яваагаа татаж унагадаг “тамын тогооны үлгэр”-тэй зүйрлэгдэнэ.

Мэдрэмжгүй шуналтай. Монгол хүн гарзаас эмээж, олзыг эрхэмлэнэ. Малчин хүнд мал нь өсөж, үхэж үрэгдэхийг эс тооцвол тасралтгүй орлого, байнгын алдагдал, эрсдэл гэдгийг ойлгуулах “амьдралын сургууль”, “эдийн засгийн мэдрэмж” байсангүй. Аян дайн, ялалт, амжилттай ан гөрөөг дагалдан ирэх олз омогт хэмжээ тогтоох аргагүй байсан. “Даахын хирээр авах” гэдэг ойлголттой. Тийм учраас эдүгээ цагт монголчуудтай нөхөрлөж ирсэн гадны хүмүүс “хэмжээ хязгааргүй санаархал, мэдрэмжгүй шуналтай” гэж гайхаж ирсэн. Орлого, ашгийнхаа зохистой хязгаарыг мэдэрч чадахгүй байгаа учраас бусадтай хамтрах үедээ хэтэрхий их хувь ноогдол хүсэх шаардах, тогтвортой орлогын эх үүсвэр зэргийг тооцоолдоггүй мэдрэмжгүй шунал хүсэл нь давамгайлдаг.Том тоо, хувь ярихгүй л бол нэгдэх хамтрах тухай бодох ч үгүй.

Монголчууд хартай. Япончууд итгэмтгий ч нэгээс илүү хууртахгүй. Монголчууд хүнд итгэдэггүй ч олон дахин хууртагддаг. Монголчууд нэгэндээ итгэхээсээ илүү харддаг. Хардалт нь маш гэнэн учраас хууртагдахдаа амархан. Нүүдэлчид мэдээллийн тогтоцгүй орчинд олон зуун жил явж ирсэн учраас эсрэг тэсрэг мэдээлэлд анализ хийх туршлагагүй. Хэвлэлийн болон албан ёсны мэдээнд итгэхээсээ илүү ам дамжсан үгэнд ач холбогдол өгдөг. Таны мөнгийг найдвартай хадгална гээд ТВ-ээр яривал “суртал нэвтрүүлэг” гэж үзнэ. Харин хэн нэгэн танил хүн нь “энэ сүлжээний бизнес ашигтай гэнэ” гэвэл дорхноо үнэмшээд “ашигтай гэнэ” гээд нөгөө эрсдэл энэ тэрийг тооцохгүйгээр хязгааргүй шунал хүсэлдээ хөтлөгдөөд хамаг хөрөнгөө луйвардуулчихдаг гэнэн буюу хууртагддаг зантай.

Үнэнээ хэлэх дургүй. Япончууд худлаа хэлэх дургүй, монголчууд үнэнээ хэлэх дургүй. Хамгийн том мэтгэлцээн нь “бэлчээр булаалдах”. Ялагдсан тал нь үнэнд хүрэхийн төлөө явах байтал өөр тийшээ нүүгээд явчихдаг. Бэлчээрийн маргаанаа шат шатны хууль шүүхээр хэлэлцүүлэх гэвэл маргалдах заргалдах зуурт мал сүрэг нь эндчихнэ. Социализмын үед үзэл сурталд тааруулан өөрийг бодож, бодсоноосоо өөрийг ярьж сурсан. Өнөөдөр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээ “эх оронч” нэрийн дор халхлах, тааламжгүй этгээдийг шууд “хятад” болгон нийгэмд ойлгуулахыг оролдож тэр нь амжилт олсоор байна.

Хоёулаа “үгүй” гэж хэлдэггүй. Япончууд ч, монголчууд ч “үгүй” гэж хэлэх дургүй. Япончууд үгүй гэж шууд хэлдэггүй нь эелдэг зан гэж ойлгодог ба цаанаа аль хэдийнэ үгүй гэдгээ ухамсарлачихсан байдаг. Харин монгол хүн “аяндаа болж бүтэх л байлгүй” гэдэг утгатай “үгүй” гэдэг үг хэлнэ. Монголчууд нэгэндээ “за” гэж хэлчихээд алга болчихвол “хэлсэндээ хүрэх гээд арай л чадахгүй яваа бололтой” хэмээн ойлгодог.

Чамгүйгээр болно. Япончууд арлаасаа өөр хаашаа ч нүүхгүй гэдгээ эрт ухамсарлачихсан учраас эргэн тойронтойгоо нийцэж, эрх ашгаа зохицуулах гарцуудыг хайж шийдэл олж ирсэн, тэдэнд өөр зам байгаагүй. Тийм учраас нийтийн ёс суртахуун тодорхой болсон. Харин монголчууд асуудлыг газар дээр нь орхих замаар шийдэж ирсэн. Хэрэлдсэн хүнтэйгээ учраа ололцохын оронд салж нүүдэг. Өөрийн эрх ашиг ба нийтийн сонирхлын зохистой харилцааг тодорхойлох туршлага сууж ирсэнгүй. Япончууд “чамгүйгээр болохгүй”, монголчууд “чамгүйгээр болно” гэж ирсэн амьдрал юм.

Эх сурвалж: Өдрийн сонин, нийтлэлч Б.Цэнддоо.