Дэлхийн галерей МЕТ

 

ЖИЛД 6 САЯ: Жуулчдын дунд МЕТ хэмээн эхний гурван үсгээрээ алдаршсан Метрополитен музейг “Дэлхийн галерей” гэж тодорхойлдог. Гурван сая гаруй үзмэртэй Метрополитен музейг жилд 6 сая жуулчин зорьж үздэг. Хүн бүрт нээлттэй, ямар нэгэн хураамжгүй нэвтрэх боломжтой учраас түм түжигнэсэн газар болон хувирчээ. Музейд зочилсон хүн одоо цаг үеэсээ төдийгүй дэлхийгээс тасарсан мэт мэдрэмж авна. Фараоны бунханы өмнө зогсож эртний Египетийн сүр хүчийг мэдрэх, Хятадын цэцэрлэгт хүрээлэнд саатан Кунзийн сургаалийг сонсох, XYI зууны Испанийн цайзын хашаанд алхах зэргээр цаг хугацааны аялал хийдгээрээ гайхамшиг. YIII Генрих хааны 1544 онд сүүлчийн аян дайндаа өмссөн хуяг дуулга тэргүүтэй 35 мянга гаруй хувцас, дагалдах хэрэгслээрээ МЕТ алдартай.

НЭВТЭРХИЙ ТОЛЬ: МЕТ нь Нью-Йоркийн хамгийн үнэ цэнэтэй газар болох Манхэттэн аралд байдаг ба урлагийн 5000 жилийн түүхийг хүүрнэнэ. Эртний Египет, Грек, Ром, Ойрхи Дорнод, Европын мастеруудын сонгодог уран баримал, уран зураг, соёлын ховор дурсгалууд, Америкийн болон орчин үеийн урлагийн бүтээлүүд, Африк, Ази, Номхон далайн орнууд, Византын бүтээлүүд, Хятад, Япон, Монголын уран баримал, уран зураг, хэвлэмэл зураг, хүрэл, шаазан эдлэл, хувцас хэрэглэл, сэргэн мандалтын үеийн суут бүтээлүүд, уран барилгын цуглуулга, хөгжмийн зэмсэг, дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан эртний багаж зэвсэг, хуяг дуулга, хувцас хэрэгсэл зэрэг сонин содон орчин сүлэлдэнэ. Музейн хэдэн зуун уран зургаас Эдгар Дэгагийн “Арван дөрвөн настай бүжигчин” Жексон Поллокийн “Намрын хэмнэл”, Ван Гогийн “Улаан буудайн талбай” бүтээл нэн алдартай. МЕТ-ыг бас хөгжмийн зэмсгийн “нэвтэрхий толь” гэж хэлдэг. Музейн сан хөмрөгт 5000 орчим хөгжмийн зэмсгийг үзэж сонирхох боломжтой. Италийн хөгжмийн зэмсэг урлаач Бартоломео Кристофорийн 1720 онд зохион бүтээсэн төгөлдөр хуур ч бий.

СЭХЭЭТНҮҮД БОСГОСОН: Музейн неоготик загварын барилгын зураг төслийг Америкийн архитектор Кальберт Вокс, Жейкоб Моулд нар бүтээсэн аж. Музейг Америкийн санхүүч, бизнесмэн, зураач, сэтгэгч зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс хамтран 1870 онд байгуулж, үзмэрийн танхимуудыг эртний Ромоос орчин үеийн Америк хүртэлх интерьерийн шийдлээр тохижуулж 1872 оны 2-р сарын 20-нд олон нийтэд нээлттэй болгожээ. Эдүгээ 400 м урт, 190 000 метр кв талбай эзлэн оршдог.

МЕТ ГАЛА: Музейг алдаршуулсан өөр нэгэн үйл явдал бол 1901 онд болсон “Мет гала” үдэшлэг юм. Үдэшлэгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд тус үдэшлэгт уригдсан олонд алдартай зочид тусгайлан гоёлын хувцас захиалан хийлгүүлж анхаардаг байна. Музейн нэрийн хуудас болсон уг хандивын үдэшлэг загварын ертөнцөд нэн алдартай. Гала ёслолд оролцохыг хүсэгчид 6500 ам долларын тасалбар худалдан авдаг ажээ.