Богд хаан бол ЦУГЛУУЛАГЧ

Польшийн аялагч Оссендовский “Үнэт эрдэнэс, баялгийн тийм гайхам цуглуулгыг би өмнө нь огт үзээгүй, зүйрлэвээс Европын аль ч музей атаархахаар ... “ хэмээн дуу алдан өгүүлжээ. Бөмбөгөр ногоон театрын төгөлдөр хуур ч Богд хааны Хүрэн ордноос хураагдан очжээ. Анхны бягтруул, мебель тавилга, гоо сайхны хэрэгслүүд ч энэ ордонд байсан.

КОЗЛОВ ГАЙХСАН НЬ: Хаант Оросын судлаач П.К.Козловын тэмдэглэлд “Орос маягийн их ордон модон шалтай, уурын халаалттай, цахилгаан гэрэлтүүлэгтэй, Европ, Хятад, Монголын төрөл бүрийн ховор сонин зүйлс, баримал болон үнэт эдлэлүүд дүүрэн байдаг. Уран зураг, хаад ноёдын хөрөг хэчнээн олон төрөл байсныг хэлж гүйцэхгүй, тоолж баршгүй. Нэг тасалгаанд хөгжилтэй итали эрийн зураг, хажууд нь Английн Эдуард хааны зураг өнгө ялгарна. Николай хааны хоёр ч хөрөг байв. Төрөл бүрийн цагнууд, тэр ч байтугай эр эмийн дүрслэл бүхий зургийн альбомууд, хятад ба орос шаазан эдлэлүүд, буу зэвсэгүүд ч байсан. Өөрийн гэсэн тансаг унтлагын өрөөтэй...” хэмээн бичжээ.

888 ЯНЧААНЫ ЦАГНУУД: Богд хаан цаг сонирхох дуртай, цагны маш баялаг цуглуулгатай байжээ. Сувдан шигтгээтэй, пааландаж хийсэн, мөнгө, төмрөөр урласан цагнуудаас гадна зааны толгойн дүрстэй, муурын нүдтэй, дөшин дээр төмөр балбах зэрэг нарийн механизмаар хөдөлдөг дорно дахины гар хийцийн элдэв сонин цагнууд, Европ, Америкийн ханын босоо цагнууд, герман хийцийн өндөр үнэтэй маш олон тооны цагийг цуглуулсан бүхэл бүтэн том өрөө байсныг 1910 онд Хаант Оросын хурандаа В.Л.Попов тэргүүтэй худалдааны экспедицийнхэн тэмдэглэжээ. Богд хааныг жанч халсны дараа эд хөрөнгийг нь хурааж Эрүүлийг хамгаалах газар, Ардыг гэгээрүүлэх яам, Шашны газар, Цэргийн явдлын яаманд тус тус хуваарилан өгсөн тухай архивын баримтанд “Эрүүлийг хамгаалах газрын хуваарьт олгосон юмны тэмдэглэл данс”-ны 1926 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд “Зургадугаар, долдугаар авдраас 6 – 357 хүртэл дугаарласан 58 ширхэг цагны нийт үнэ 888 янчаан” хэмээн үйлдсэн байна.

АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН: Богд гэгээн 1901 онд Монголд байдаггүй, ховор амьтдын 200 гаруй чихмэлийг Германы Гамбург хотод захиалан хийлгэсэн. Цуглуулга дотор Амазонийн хуягт зараа, шоргоолж идэштэн, залхууч зэрэг нэн ховор, сонин содон амьтад байсан бөгөөд 78 хувийг шувууны чихмэл эзэлдэг байжээ. Эдүгээ тус музейд 271 ширхэг ан амьтны чихмэл байгаа бөгөөд цагаан баавгай, аварга могой, анааш зэрэг амьтдын чихмэлүүд ч музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг гэнэ.

ЗООПАРК: Буга, чоно, нохой төдийгүй Богдын бор заан гэж хүртэл байсан.  Хаант Оросын судлаач П.К.Козлов өөрийн тэмдэглэлд “Богдын амьтны хүрээлэнд халуун орны барс, Алтайн ирвэс дүүлж,  Гималайн баавгай хүрхэрч, Энэтхэгийн могой мушгиралдаж, том жижиг сармагчингууд дүүлж, Шотландын одой морь янцгааж, Африк судалтай тахь гүйлдэж, Энэтхэгийн заан алхаж, Монголын зээр, аргаль, янгир, хар сүүлт, чоно, тайгын нохой хүртэл тааваараа байсан ...” хэмээн бичсэн байдаг. (Козлов арай дэгсдүүлээгүй байгаа гэж бодов, үнэн бол бас л нэг гайхамшиг юм. Монцамэ 2021.02.10-ны мэдээ)

БОГДЫН БОР ЗААН: Богд хааны тэжээж байсан заан нь Оросын циркт тоглодог байсан бөгөөд 1913 онд Монголын язгууртнууд Орост айлчлах үедээ 22 мянган рублиэр худалдан авчээ. Тэрхүү зааныг Монголын хил хүртэл уурын тэргээр зөөж, Богд хааны зуны ордон хүртэл хөлөөр нь алхуулсаар найман сарын турш аялуулж авчирсан байна. Халуун орны заан Монголд 1913 онд ирээд 13 жил амьдарсан бөгөөд Богдын бор зааныг өндөр Гонгор арчилж түүнд гурван гэлэн тусалдаг байсан гэдэг. Өндөр Гонгор нь 2.45 м өндөр хүн байсан учраас зааны нурууг нь угааж хувцсыг нь өмсүүлдэг байв. Богд хааны бор заан өдөрт 22 ширхэг мантуу, гурван жин шар тос, хоёр шанага улаан чавга иддэг байсан тухай тэмдэглэжээ. Богд хааны урчууд заанд зориулан гоёлын малгай, их биеийн өмсгөл урласан бөгөөд баяр ёслолын үеэр зааныг хувцаслан, унадаг байсан гэдэг. Зааныг өвлийн улиралд тусгай галлагаатай байранд байрлуулдаг байсан бөгөөд зуны улиралд Хайстайн лавринд зусдаг байжээ. 

ХАМГИЙН БАЯН ХҮН: Богдын номын сан, эрдэнэсийн сан, амьтны хүрээлэн зэргээс үзэхэд хачирхалтай олон зүйлсийг цуглуулсан байжээ. Хааны ордонд хэдэн өрөөг хамарсан монгол, нангиад, төвд, санскрит хэлээр бичсэн шашны судар ном, түүх шастир, үлгэр домгийн цуглуулга байсан гэдэг. Мөн буддын шашны олон төрөл хийцийн бурхад, цайны аяганууд, хөөрөгнүүдээс гадна төрөл бүрийн микроскоп, барометр, янз бүрийн дэнлүү, дэлхийн газрын зургууд, янз бүрийн хуанли, европын уран баримлууд зэрэг элдэв содон сонин зүйлсийн цуглуулгуудтай байсан ажээ. Богд хаан тухайн үеийн Монголын хамгийн баян хүн байсан бөгөөд Монголд орж ирсэн анхны машин, унадаг дугуй, мотоциклийг хүртэл захиалж авчруулан унаж үзэж байсан хүн юм. Бөх, морь, даншиг наадмыг дуустал нь үзэж суух дуртай нэгэн байсан гэдэг.

Богд хааныг жанч халсны дараа 1925 онд Засгийн газраас тусгай комисс томилон хөрөнгийг нь хурааж, Богдын Ногоон ордныг Гэгээрлийн яаманд шилжүүлж, 1926 онд түүний эзэмшилд байсан үлэмж их эд зүйлс, урлаг соёлын дурсгалууд, цагны цуглуулгыг дуудлага худалдаагаар ард иргэдэд зарсан байдаг ба тэдгээрийг худалдаж авсан баримтууд эдүгээ Үндэсний төв архивт хадгалдагдаж байгаа аж.