ЖУРАВЛИ буюу Тогоруун цуваа

 

Аугаа Эх орны дайн буюу 1941 - 1945 онд ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Хойт Осетины ард түмэн 90000 охид хөвгүүдээ ЗОУ-ын Улаан армид илгээж амьд мэнд эргэн уулзахын ерөөл тавьж доголон нулимстай үдсэн ч тэдний тал нь төрсөн нутаг, аав ээждээ эргэн ирээгүй аж. Монголчууд Осетины ард түмнийг БНМАУ-ын Монголын ардын хувьсгалт цэрэг армийг өөрийн харъяанд командлан Цагаан хэрэм, Жанчхүүгийн даваа хүртэл удирдан тулалдсан, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, армийн генерал И.А.Плиевийн түүхээр мэднэ.  

Осетины ард түмний зүрхэндээ гунигтайхан дурсан дуулах “Журавли” буюу монгол хэлнээ “Тогоруун цуваа” хэмээн орчуулагдсан дууны түүхийг сөхвөл, Хойд Осетин Улсын нэгэн жижиг тосгоны уулын голд орших хар хадан цохионы дэргэд гашуудалд автан буурал үсээ алчуураар боосон эхийн дээгүүр долоон галуу нисэж буй гэрэлт хөшөө байдаг. Тэр бол Газдановын гэр бүлийн эх орны дайнд амь үрэгдсэн долоон хүү болон гурав дахь хүүгээ амь үрэгдсэн тухай эмгэнэлийн мэдээг сонсоод зүрх нь тэсэлгүй зогсож нас барсан эх Тасо нарын гэгээн дурсгалд зориулсан “Ахдүү 7 - Газдановын төрсөн эх Тасо” нэрт хөшөө аж. 

Хамгийн сүүлд амьд үлдсэн 6 дахь хүү болох Шамиль Газданов нь 1945 онд Германы нийслэл Берлинд тулалдаж байгаад баатарлагаар амь үрэгдсэн тухай эмгэнэлт мэдэгдэл ирсэн ч шууданч энэ тухай гашуудан уймарч мэдэгдлийг эцэг Газдановт хэлэхээс татгалзжээ. Харин тосгоны хөгшүүд цуглан энэхүү уйтай мэдээг тэдний гэрт мэдэгдэхээр очиход гэрийнхээ довжоон дээр цор ганц ач охиноо тэврэн суух эцэг Газданов тэднийг хараад нүднээс нь юу болсныг ойлгож ухаан алдан унаж тэр дороо зүрх нь зогсож нас барсан эмгэнэлт явдал болжээ.  

1975 онд Хойд Осетины ард түмэн баатарлаг хөвгүүд охид, Газдановын эрэлхэгээр дайны фронтод амиа алдсан ах дүү 7 хөвгүүн, тэдний эцэг эхэд зориулан төрөлх эх орон, төрсөн тосгондоо, төрсөн эхдээ 7 цагаан галуу шувуу болон эргэн ирж буйгаар дүрсэлсэн дурсгалын гэрэлт хөшөөг босгосон ажээ. Хойд Осетины ард түмний дунд 7 хүүгээ дайнд алдсан гэр бүл 1, зургаан хүнээ дайнд алдсан гэр бүл 2, таван хүнээ алдсан 15 гэр бүл, дөрвөн хүнээ алдсан 52 гэр бүл байдаг ажээ. Тэдний дунд хамгийн эмгэнэлтэй нь нэг нэгнийхээ араас одоцгоосон 7 ах дүү хөвүүн, тэдний эцэг Газданов, эх Тасо нар ажээ. Газдановын ах дүү долоог дурсвал,

  • Ууган хүү Магомед Махоматович Газданов (1909-1942) тракторч байсан ба тосгоны Залуучуудын байгууллагын удирдагч байжээ. ЗХУ-ын Севастополь хотын төлөөх ширүүн тулалдаанд байлдаж байгаад 33 насандаа амь үрэгдсэн.
  • Махарбек Махоматович Газданов (1911-1941) багш мэргэжилтэй ба тосгоны зөвлөлийн удирдагч байсан. ЗХУ-ын нийслэл Москваг хамгаалах тулалдаанд, морин хороонд байлдаж байгаад 30 насандаа амь үрэгдсэн.
  • Хаджисмел Махоматович Газданов (1913-1942) тосгоны фермд ажиллаж байгаад, цэрэгт явахынхаа өмнө ээждээ “Санаа зовох хэрэггүй ээж минь, бид ялалтын дуугаа дуулсаар эргэн ирнэ ээ” хэмээн хэлжээ. Том ахтайгаа Севастополийг хамгаалах тулалдаанд байлдаж байгаад 29 насандаа амь эрсэдсэн байна. Хөгжилтэй, цовоо, дуу хууранд авъяаслаг хүүгийнхээ “бид эргэн ирнэ ээ” гэсэн үгэнд гүнээ итгэн хүлээсэн ээж нь энэ хүүгийнхээ амь үрэгдсэн тухай мэдээг сонсоод зүрх нь зогсож хорвоог орхисон юм.
  • Дзарахмед Махоматович Газданов (1916-1942) эх орны дайнд 26 насандаа амь үрэгдсэн.
  • Созрико Махоматович Газданов (1918-1942) хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд 24 насандаа Украйны нийслэл Киевийн төлөөх тулалдаанд амь үрэгдсэн.
  • Шамиль Махоматович Газданов (1919-1945) мэргэжлийн их бууны хороог командалж эрэлхэгээр тулалдаж байсан тул “Байлдааны Улаан од”,  Эх орны дайны II зэргийн одонгоор шагнагдсан ахмад цолтой офицер байжээ. Тэрээр Германы нийслэл Берлиний Рейхастагийн ордонг эзлэн ялалт байгуулахаас хэдхэн цагийн өмнө 26 насандаа амь үрэгдсэн байна. Хэрвээ Ялалтын туг мандах хүртэл хэдхэн цаг тэсэж азгүй явдал түүнийг тойрсон бол ганцаараа үлдсэн эцэгтээ очиж элгийг нь дэвтээх амьд үлдсэн ганц хүү нь болох байсан.
  • Хасанбек Махоматович Газданов (1926-1944) Газдановын отгон хүү бөгөөд 10-р ангиа төгсөөд сайн дурын цэрэгт элсэж Белорусийн төлөөх ширүүн тулалдаанд 18-хан насандаа амь эрсэджээ.

Хамгийн харамсалтай нь тэдний төрсөн тосгоныг нь Германы армийн байлдааны онгоцууд бөмбөгдөн устгасан байдаг. Журавли дууг дуулсан ЗХУ-ын кино од, алдарт жүжигчин дуучин Марк Бернес 1965 онд яруу найрагч, орчуулагч Расул Гамзатовын шүлгийг сониноос олж үзээд үгийг нь хамтран засаж, хөгжмийн зохиолч Ян Френкельд үзүүлжээ. Шүлгийн үг бүхэнд уяран хайлсан Ян Френкель аяыг зохиож шүлгийн нэрийг “ЖУРАВЛИ” буюу “Тогоруун цуваа” хэмээн сольж 1969 оны 6-р сарын 8-нд Марк Бернесээр анх дуулуулж бичүүлснээр энэ дуу Орос орон төдийгүй дэлхий дахинаа түгэн тархах гараагаа эхэлжээ. Харамсалтай нь Марк Бернес энэ дууг дуулснаас хойш хоёр сарын дараа буюу 1969 оны 8-р сарын 16-нд нас барсан гэдэг. Түүний нас барсан өдөр нь хагас сайн өдөр байсан бөгөөд хоёр хоногийн дараа түүнд ЗХУ-ын Ардын жүжигчин цол олгосон тухай зарлиг сонин дээр гарч байжээ.