Японы эрдэмтэд Туул голыг аргадна

Хорвоо ертөнц, байгаль дэлхий, хүн амьтныг уснаас үүссэн талаар дэлхийн олон эрдэмтэд таамаглал дэвшүүлж байжээ. Тэдний нэг Японы эрдэмтэн, доктор Масару Эмото 23 жилийн турш усыг судалж, улмаар ус сайн муу мэдээллийг авах бүрт талстад нь өөрчлөлт ордог гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр гаргасан ажээ. Өөрөөр хэлбэл, “ус бол амьд, баярлаж, гомдож, эргэн тойрныхоо эерэг, сөрөг мэдээллийг агуулдаг” гэдгийг баталжээ. Доктор Масару Эмото “Нэг дэлхий эв нэгдэл клуб” төрийн бус байгууллагын урилгаар манай оронд анх удаа хүрэлцэн ирсэн бөгөөд  ”Хариулт нь усанд буй” лекцээ олон нийтэд уншиж, Туул голын хөвөөнд бүх нийтийн залбирал хийж байна. Энэ үеэр Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг хөдөө орон нутгийн иргэд ч мөн адил нутгийнхаа ширгэж, дундарч буй гол нуурын эрэгт залбирал үйлдэж бясалгал хийх юм байна. Энэ нь шашны зан үйлс бус энергийн солилцоо бөгөөд усны мөн чанарыг иргэдэд ойлгуулахын тулд хийж буй үйлдэл ажээ. Уг үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Усны газрынхан оролцох юм. Түүнчлэн Масару Эмото Монголын Төрийн дуулал усны талстад хэрхэн нөлөөлж буйг судалсан бөгөөд лекцийнхээ үеэр энэ талаархи судалгаагаа тайлагнасан гэнэ. Мөн “Уяхан замбуу тивийн наран”, ”Халуун элгэн нутаг” дуу усанд хэрхэн нөлөөлөхийг судалж байгаа гэнэ.