Казахууд Чингис хааны удмыг судалжээ

Казахстаны эрдэмтэд 10 жил судалгаа хийсний үр дүнд дэлхий дээр их эзэн хаан Чингисийн удмын 16 сая хүн байна хэмээн тогтоожээ. Зөвхөн Казахстанд гэхэд л бараг 100 хүний нэг нь их хааны үр сад юм байх. Тэдэн дотор 600 гаруй түүхэн алдарт хүн байгаагийн дотор Казахстаны баатрууд, Хятадын ван, Монголын хаад, Оросын ноёд багтаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн Бөртэ хатны дөрвөн хүүгийн л удам ажээ. Тэдний хүүхэд, ач, гуч гээд бүгд хааны үр удамд тооцогдох бөгөөд нийтдээ 16 сая хүн гэсэн тоо гарсан юм байна. Тэд Монгол, Хятадаас Орос, Молдав, Польш хүртлэх өргөн уудам нутагт амьдарч байсан бөгөөд монгол морины туурайн мөр гарсан газар болгонд үлджээ. Хамгийн сүүлд Чингис хааны удам хэмээн бүртгэгдсэн хүн Америкаас тодорсон гэхээр эзэн хааны үр сад дэлхийн өнцөг булан бүрт байна гэсэн үг. Гэхдээ та ургийн бичиг, намтар түүх гаргаж ирснээр эзэн хааны удам болж чадахгүй гэнэ. Чингис хааны удам гэдгээ батлахын тулд Америкийн Спенсер профессороор ДНХ-ийн шинжилгээ хийлгэх ёстой. Тэрбээр их хааны ДНХ хадгалагдаж байгаа эсэхийг батална. Хэрэв таны ДНХ-гийн код С-3 байвал та эзэн хааны удам гэнэ. Эрдэмтдийн судалснаар Чингисийн удмынхны IQ хүн төрөлхтний дунджаас өндөр юм байна.