Монгол
орны төдийгүй дэлхийн гайхамшиг болсон Их нууруудын хотгорын ай савд багтах Увс
нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрууд нь говь, цөлөрхөг хээр, хээр
тал, ой хээр, уулархаг нуруу, мөнх цас, мөсөн гол зэрэг дэлхийн байгалийн бүс
бүслүүрийн бүх шинж төрхийг агуулсан, эрс тэс уур амьсгалтай байгалийн
үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Энэ нутгийн унаган төрх, биологийн олон янз байдлыг
хамгаалахын тулд Увс нуур, Алтан элс, Түргэний уул, Цагаан шувуутыг дархан
цаазат газрын ангиллаар, Хан Хөхий, Хяргас нуурыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
Тэсийн голыг байгалийн нөөц газрын ангиллаар нийт 1.3 сая га нутгийг сүлжээнд
хамруулжээ. 1997 онд Увс нуурын ай савын дархан цаазат газар нь НҮБ-ын Хүн ба
шим мандал хөтөлбөрийн хүрээнд дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд, 1998
онд Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт багтдаг Айраг нуур, 1999 онд Ачит
нуур, 2004 онд Увс нуур Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар,
ялангуяа Нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай олон улсын конвенц
РАМСАР-д, 2003 онд Орос, Монгол Улс хамтран Увс нуурын ай сав газрыг НҮБ-ын
Соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагаас дэлхийн байгалийн өвд бүртгэжээ.
Увс нуур нь Монгол орны хамгийн том давст нуур бөгөөд уртаараа 84, өргөнөөрөө
79 км, гүн нь 12-15, зарим газраараа 29 метр хүрнэ. Далайн төвшнөөс дээш 759
метр өргөгдсөн, Их нууруудын хотгорын хамгийн нам дор газар байрладаг юм. Тэс,
Нарийн, Хархираа зэрэг их, бага 38 гол цутгадаг бөгөөд нэг литр усанд нь 18.7
грамм давс агуулагдана. 200 сая жилийн тэртээ бий болсон хэмээн тооцдог Увс
нуурын эргэн тойронд өвөл -50, зун 40 градус хүрдэг байна.