Халх голын дайны нэр нь тодроогүй баатрууд олдсоор...

“Халх гол” төслийн удирдагч Игорь Сеченовоор ахлуулсан ОХУ-ын Эрхүү мужийн эрэл хайгуулын “День памяти” олон нийтийн байгууллага, ”Эх орны дайчид” ТББ-ын хамтарсан хайгуулын баг 1939 оны Халхын голын дайнд амиа алдсан Виталий Ивонович Юрецой хэмээх нисгэгчийн цогцыг саяхан олсон байна. Уг нисгэгчийн шарил сөнөсөн онгоцныхоо дэргэдээс олджээ. Онгоцны хөдөлгүүрийн дугаар 3734 бөгөөд энэ дугаараар нь түүний нэр, хаягийг нь тогтоосон аж. Одоогоор шарил нь олдож, нэр нь тодроогүй 2000 гаруй Орос дайчин Дорнод талын хөрсөнд нойрсч байгаа юм байна. Олдсон нисгэгчийн цогцосыг Бунхан толгойн хөшөөн дэх Халх голын дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн нисгэгчдийн бунхны хажууд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн байрлуулсан байна. Энэ жил тус багийнхан 16 дайчны шарилыг хүндэтгэлтэйгээр оршуулжээ. “Халхын гол-2010” багийн зохион байгуулагч А.Приходько ”Хэдийгээр бид эдгээр дайчны нэр усыг мэдэхгүй ч хүндэтгэлтэйгээр оршуулах ёстой. Тэд эх орныхоо төлөө амиа өгсөн юм. Оросууд хэзээ ч баатруудаа мартдаггүй. Бид ирэх жил дахин ирэх болно” гэж ярьсан байна. Мөн Буйр нуурт 1939 онд живсэн онгоцыг татаж гаргахаар тусгай шумбагчидтай ирсэн боловч харамсалтай нь булингартай уснаас болоод чадаагүй гэнэ. Тиймээс өвөл эхлэхээс өмнө дахин ирэхээр шийдсэн байна.