Туул голын хөндийг цэвэрлэнэ

Нийслэлчүүдийн ундны эх үүсвэр Туул голын бохирдол хэрээс хэтэрч, цэвэрлэх байгууламжуудын бохир ус, химийн бодис, элдэв төрлийн хог хаягдлаас болж мал уухад ч хэцүүхэн болсон. Мэргэжлийн байгууллагынхан голын бохирдлыг хэмжиж, цэвэрлэх байгууламжуудад албан бичиг өгөхөөс хэтрэхгүй олон жил болж байгаа билээ. Харин Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Туул голын эрэг дагуух хог хаягдлыг энэ сар дуустал цэвэрлэх аянынг эхлүүлжээ. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Туул голын шалган нэвтрүүлэх цэгээс цэвэрлэгээ хийж эхэлсэн байна. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, гол усаа ариун дагшин байлгах зорилгоор өчигдрөөс голын эрэг дагуух хог хаягдлыг түүж эхэллээ. Эхний өдөр 12 машин хог Налайх дүүргийн хогийн цэгт хаясан ажээ.