Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо

         

Идлэг шонхор барихаар Катар, Араб, Эмират, Кувейтын 80 гаруй хүн өнгөрсөн Даваа гаригт орон нутгийг зорьжээ. Удахгүй тэдний араас гурван отгийн 60 гаруй хүн явах ажээ. Тэд энэ жил 240 идлэг шонхор барих эрхтэй бөгөөд экспортлох шинэ журмыг дагаж мөрдөх ёстой юм.

Идлэг шонхор барих иргэд тухайн орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийж, тэдний хяналтын доор үйл ажиллагаа явуулах юм. Мөн идлэг шонхор барих иргэдийн тоог 10 шонхор тутамд 8 хүн, таван машин байхаар заажээ. Машинуудад зөвшөөрлийн гэрчилгээ олгох ба гэрчилгээ аваагүй болон гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд идлэг шонхор экспортлох гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан байгаа гэнэ. Төв, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Увс, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан зэрэг 11 аймгийн удирдлага зөвшөөрсөн байна. Өгөөш болгон ашиглах хөхвөр тагтааг 5000 төгрөг байхаар тогтоожээ. Мөн нэг идлэг шонхор барихад таван тагтааг энэ жил нээгдсэн Тагтааны аж ахуйгаас авч эхэлсэн гэнэ. Араб, Катар, Эмират, Кувейт гэсэн дөрвөн орны долоон отог манайхаас идлэг шонхор барих саналаа ирүүлжээ. Эхний дөрвөн отог нь аль хэдийнэ ажилдаа гарчээ. Нэг идлэг шонхор зарах үнийг 11760 доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд түүний 10800 нь улсын орлого болж, үлдсэн нь тухайн орон нутгийн санд орохоор тусгажээ. Мөн идлэг шонхорыг хилээр гаргахаас долоо хоногийн өмнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний лабораториар шинжлүүлсэн байхаар заасан байна.