Монгол хувцасны театрчилсан шоу тоглолт болно


“Монгол костюмс” төвөөс санаачлан Төрт улс байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан шинэ театрчилсан тоглолт хийхээр болсон байна. Тус төв анх 2007 онд “Бүүвэй аялсан ижий бурхад” нэртэй тоглолт хийж, байгаль, эх хүний эрхэмсэг сайхныг магтан дуулж байсан бол хоёр жилийн дараа “Үлэмжийн чанар”-ын ид шидийг хувцасны “хэлээр” өгүүлсэн шоу хийж олны анхаарлыг татаж байсан билээ. “Театр мода-3” буюу “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан загварын тоглолт ирэх баасан гаригт Улсын филармонид болох юм байна. Энэ удаагийн театрчилсан шоу тоглолтонд  “Монгол костюмс”-ийн судлаач, загвар зохион бүтээгчдийн 12 шинэ коллекцийг танилцуулахаас гадна Тува, Халимаг, Буриад, Өвөрмонголын загвар зохион бүтээгчид бүтээлээ танилцуулах ажээ. Энэ удаагийн шоу Хүннүгийн хүчирхэг хаадын хувцас өмсгөлөөс эхлээд Их гүрэн эзэн Чингисийн баатрууд, тэдний сүр хүчийг илтгэн харуулсан хувцас хэрэглэлэл, Богд гэгээнтэн, Дондогдулам хатныг гоёл зүүсгэлийг хүртэл урлан харуулах ажээ. Шоуг “Сэмүүн” студийн захирал Б.Баяр гурав дахь удаагаа найруулж байгаа бол Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар хөтлөн явуулах юм байна.