“Хүннүгийн өв соёл” нээлтээ хийнэ


“Монголын тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороо”-ноос “Хүннүгийн өв соёл” хэмээх үзэсгэлэнг Монголын үндэсний музейд энэ сарын 26-нд нээх гэж байна. Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Шинжлэх ухаан археологийн хүрээлэн, МУИС-ын Археологи-Антропологийн тэнхим болон Улаанбаатар Их сургуулийн археологийн тэнхимийн сан хөмрөгт хадгалагдаж байсан Хүннүгийн соёлын үнэт өв болсон цуглуулгуудыг анх удаа нэгтгэн олон нийтэд сонирхуулах ажээ. Манай газар нутагт Хүннүгийн 5000 гаруй булш оршуулга, арав гаруй хот суурингийн туурь, хадны сүг зураг зэрэг соёлын олон өв үлдсэн байдаг байна. Эдгээр дурсгалыг сүүлийн 90 жилийн хугацаанд археологийн аргаар судлан шинжилсний үр дүнд уг эд өлгийн ховор олдворууд цугларчээ. Дашрамд дурдахад үзэсгэлэнгийн үеэр Олон улсын Хүннү судлалын хурлыг Түүхийн болон Археологийн хүрээлэнгээс зохион байгуулах юм байна.