Хөв цөөрөм байгуулж эхлэв

Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрөм байгуулах гэнэ. 1990-ээд оноос хойш мартагдаад байгаа цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулах аргыг өнгөрсөн жилээс сэргээжээ. Байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан болон бусад зүйлд ашиглах нь зардал багатай гэдгийг олон орны эрдэмтэд баталдаг. Хэнтий аймгийн Галшар,Төв аймгийн Баянхангай, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Заг, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Завхан аймгийн Алдархаан, Цагаанчулуут зэрэг суманд хөв цөөрөм байгуулах ажил эхлээд байна. Мөн хөв цөөрөм байгуулж болох газрыг хайж байгаа бөгөөд энэ жилийн хувьд 16 газарт хөв цөөрөм байгуулахаар БОАЖЯ-наас тендер зарлажээ. Дашрамд дурдахад, хөв цөөрөм байгуулж газар тариалан болон бусад зүйлд ашигладаг туршлагаараа Болгар улс дэлхийд тэргүүлдэг ажээ.