Жуулчны баазуудад шалгалт хийж эхэллээ


Мэргэжлийн хяналтын байгууллагаас жуулчны баазуудад нэгдсэн шалгалт хийж эхэлжээ. Энэ удаад Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт "Цэнхэрийн халуун рашаан"-ы орчимд байрлах жуулчны баазуудыг шалгасан байна. Шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулсан ажээ.

Шалгалтад хамрагдсан жуулчны баазууд байгаль орчныг хамгаалах ажлыг орхигдуулсан, усны дүгнэлт гаргуулаагүй, ашиглалтын гэрээ байгуулаагүй гэх зэрэг дутагдал, зөрчилтэй байжээ. Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар эзэмших гэрчилгээ, бохирын цооногийн далд ажлын акт бусад холбогдох баримтыг бүрдүүлээгүй байсан зэрэг олон зөрчил илэрсэн байна.