Чингис хааны хөшөө ирэх оны нэгдүгээр сард Лондон хотноо сүндэрлэх гэж байна. Их Британийн “Halcyon” галерейн захиалгаар Буриадын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Даши Намдаков хөшөөг урлаж байгаа ажээ. Галерейн зүгээс Лондоны метроны “King`s Cross” өртөөний дэргэд түүнд зориулан урлан гаргаж өгсөн бөгөөд одоогоор Чингис хааны хөшөөг хүрэлдэх ажил өрнөж байгаа гэнэ. Уран бүтээлчийн хэлснээр Чингис хааны хөшөөг Лондон хотын төвийн нэгэн гудамжинд ирэх оны нэгдүгээр сарын дундуур нээх юм байна. Дэлхийн нэрд гарсан Буриадын уран барималч Д.Намдаков өдгөө гурван том хөшөөний захиалга аван ажиллаж байгаагийн нэг нь Монголын эзэнт гүрний хааны хөшөө ажээ. Үүнээс гадна Татарстаны нийслэл Казань хотод түүхэн сэдэвтэй, Хятадын Шанхайд Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөтэй төстэй агуулгатай томоохон хөшөөг сүндэрлүүлэх гэнэ. Дашрамд сонирхуулахад, тэрбээр М.Бодровын “Монгол” кинонд зураачаар ажиллан ОХУ-ын киноны дээд шагнал “Ника”-г “Шилдэг зураач” номинациар хүртсэн ажээ.