Рашаан, сувилалд амрахад хоногт 15-30 мянган төгрөг хэрэгтэй

 "ХАСУ ШИВЭРТ" РАШААН СУВИЛАЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨВ

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийд байрладаг. Архангайн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-ийн зайд гэсэн үг. Нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээтэй. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаантай. Мөн "Нохой унадаг" нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьсны харшил болон бусад өвчнийг анагаадаг. Сувилуулагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан усан бассейн, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайтай.

Харилцах утас: 98007314, 98003212

"АВАРГА ТОСОН" СУВИЛАЛ

Хэнтийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 203 км-ийн зайтай. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, кальцийн найрлагатай, соодлог нуур. Харин Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, хоёр ба гурав цэнэгтэй төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй рашаан юм. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээ хорт хавдар, үрэвсэлтэй өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, деканпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй ажээ. Тус сувиллын газар зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд амрагчдаа хүлээн авдаг юм байна. Нэг ээлжиндээ 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөр хоногийн 18800-22500 төгрөг бөгөөд амрагчдадаа долоо хоногт хоёр удаа автобусаар үйлчилдэг ажээ.

Харилцах утас: 99198078, 70153033, 70153034

"АР ЖАНЧИВЛАН" РАШААН

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай байдаг. Ар Жанчивлангийн рашаан нь гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилтэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна. Байнгын ажиллагаатай тус рашааны газар нь нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 10900, даатгалгүй бол 15900 төгрөгийн үнэтэй. Даваа, пүрэв гаригт 11 цагаас "Тэнгис" кино театрын урдаас унаа явдаг ажээ. Унааны зардал нэг талдаа 3000 төгрөг.

Харилцах утас: 99041639, 99889891, 88119252

ГУРВАННУУРЫН РАШААН, СУВИЛАЛ

Онон, Балж голын сав газар, Дэлүүн болдогийн өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн Холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал суманд байдаг энэхүү рашаан, сувиллын газар нь Улаанбаатар хотоос 540 км зайтай. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчинд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үед тохиромжгүй. Дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд амрагчдаа хүлээн авдаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөрийн хувьд хоолоо амрагчид өөрсдөө гаргах бол хоногийн 8500 төгрөг, сувиллын газраас өдрийн гурван удаа хоол идэх бол 12-17 мянган төгрөгийн ханштай. Эднийхийг зорих амрагчид "Нарантуул" олон улсын худалдааны төвийн дэргэдээс Хэнтийн Дадал явах унаагаар явах боломжтой бөгөөд хотоос хөдлөхдөө амралтын газар руу урьдчилан мэдэгдвэл тосч авах ажээ.

Харилцах утас: 99378342, 0156226524

ЗАРТЫН РАШААН, СУВИЛАЛ

Завханы Их-Уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газар байрладаг рашаан, сувилал нь нийслэл хотоос 760 км-ийн зайтай оршдог. Нийтдээ 15 төрлийн рашаантай бөгөөд хоёр нь халуун рашаан юм байна. Үе мөч, ядаргаанд сайн. Ходоод, таван цул, сав, хий шар, бөөр, зүрх, шүд, мэдрэл, элэг цөс, нойр булчирхайн өвчнийг эмнэхэд тустай. Мөн Алаг нуурын шавраар янз бүрийн харшлын өвчнийг анагаадаг гэнэ. Төлбөрийн хувьд хоногийн 20-25 мянган төгрөг.

Харилцах утас: 93032805, 99837210, 99111307

"МОГОЙТ" РАШААН, СУВИЛАЛ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын III багийн нутаг, Могойтын аманд байрладаг. Рашаан эмчилгээний 32 ортой. Мэдрэл, үе мөч, умай, нуруу, ходоод гэдэс, олгой, элэг цөс, уушги, зүрхний өвчнийг анагаахад сайн. Рашааны ойролцоо хүсэл биелүүлдэг Цагаан хайрхан хэмээх аварга том цагаан чулуу байдаг. Амрагчид тэнд очиж хүслээ шивнэх боломжтой гэдэг. Төлбөрийн хувьд хоногийн 20-35 мянган төгрөг байна.

Харилцах утас: 99065023, 99065032

"ОТГОНТЭНГЭР" РАШААН, СУВИЛАЛ

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонтэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Натри, кальци, фторт азотийн халуун рашаан бөгөөд рашаанд оруулах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үе, зүрхний хүнд хэлбэрийн илэрлийн үед зохимжгүй. Энэхүү рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 150-210 хүн хүлээж авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000, даатгалгүй бол 20 мянган төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүсийг долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос унаагаар үйлчилдэг.

Харилцах утас: 01462-21620, 99059022, 99468182

ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН, СУВИЛАЛ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ийн зайтай байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, уух зориулалттай, хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна. Байнгын ажиллагаатай тус рашааны газар нь нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энгийн өрөө нь 12 мянга, люкс өрөө нь 14 мянган төгрөгийн үнэтэй. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 16 мянган төгрөг. Долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт нийслэлийн Үйлдвэрчний төв зөвлөлийн байрнаас өглөөний 8 цагт автобус явдаг.

Харилцах утас: 88001511, 322075

"ӨӨШ МАНХАН" ЭЛСЭН СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах сувилал нь Улаанбаатар хотоос 420 км-ийн зайтай оршдог. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Элсэн хучлага, наран шарлага, ингэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төөнүүр тавих аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор таван цул, дотор, гадна хаванг эмчилдэг. Үүний зэрэгцээ бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээхэд тустай ажээ. Энэхүү элсэн сувиллын элс нь баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг, маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Уг элсийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлдаг бөгөөд барилгын ажилд хэрэглэж болдоггүй гэдэг. Сувилал зургадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 17-ны хооронд ажилладаг бөгөөд хоногийн төлбөр 23100. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногт 3500 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг.

Харилцах утас: 99118191, 633449, 96061971

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ.

Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай. Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа засал болон физик эмчилгээний аргаар зохион байгуулдаг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт эхлэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй. Тус сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энгийн өрөө нь хоногийн 13-17 мянга, хагас люкс нь 25, люкс нь 30 мянган төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 5000 төгрөгийн нэмэгдэлтэй ажээ. Тус рашаан руу даваа, лхагва, баасан гаригуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний 8 цагт автобус явдаг гэнэ.

Харилцах утас: 01322-26507, 91913860, 99093324

"ШАРГАЛЖУУТ" РАШААН, СУВИЛАЛ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаан ундаргаас бүрддэг. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт сонин зүй тогтолтой. Жишээ нь, шүдний өвчинд сайн рашаан нь яг л шүд мэт хэлбэртэй хаднаас оргилон гарч байдаг ажээ. Энэхүү гайхалтай рашаан нь арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд зохимжтой.

Рашааны халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй тул биеийн дулааныг дээшлүүлэх, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны архаг өвчнийг эмчлэхэд тохиромжтой гэнэ. Төлбөр нь хоногийн 15500-22000 мянган төгрөг ажээ.

Харилцах утас: 70153034, 91914077