Эвэр, ясаар морин хуур урлажээ

  Normal 0 false false false EN-US JA X-NONE MicrosoftInternetExplorer4

Зураач, уран барималч Б.Алтанчимэг амьтны яс, эврээр морин хуур урлажээ. Уг морин хуурын царны хэсэгт 20 үхрийн далны яс орсон бол ишийг нь янгирын эврээр, толгойг нь аргаль, угалзын эврээр, чихийг нь оонын эврээр хийжээ.

Хүн төрөлхтөн өдөр бүр ой модоо хайр найргүй утсгаж, түймэр тавьж байгалиа сүйтгэсээр байгаад уран бүтээлч бүсгүй эмзэглэж явдаг гэнэ. Морин хуурыг хийхийн тулд моддыг тайрч огтлох болдог. Энэ нь нэг талдаа урлагийн бүтээл хийж байгаа ч цаагуураа эх дэлхийгээ гундахад нэг алхам ойртуулж байгаа хэрэг. Тийм учраас ясаар морин хуур хийхээр шийдсэн тухайгаа Б.Алтанчимэг ярилаа.

Жил зургаан сарын хугацаатай урласан түүний энэхүү ясан морин хуур нь дуугаралтаараа ердийн болон хөгжимчдийн тоглодог мастер хуураас хавьгүй илүү сонсголонтой. Мэргэжлийн морин хуурчаар хөглүүлж хөг эгшгийг зохицуулжээ.

Б.Алтанчимэг өдгөө Төв аймгийн Зуунмод суманд гэрэл зургийн хувийн студи ажиллуулдаг. 1985 онд зураачийн мэргэжлээр төгссөнөөс хойш ажлын хажуугаар мод, ясаар бэлэг дурсгал, гэр ахуйн бүтээл хийсээр иржээ.

Ясан морин хуураа хийж дуусгаад хэд хэдэн үзэсгэлэн, худалдаанд оролцож мэргэжилтнүүд, дархчууд, үзэгчдээс магтаал сонссон гэнэ. Гэхдээ тэрээр ясаар урласан анхны морин хуураа эх орон нэгтэн, Монголдоо үлдээхийг хүсч байгаагаа ярьсан юм. Ясан хуураа 23 сая төгрөгөөр зарахаар шийдээд байгаа аж. Гэхдээ үндэсний урлаг, хөгжмийн зэмсэг, түүх шастираа дээдэлдэг эрхмүүд чин сэтгэлээсээ хандвал арав гаруй сая төгрөгөөр өгөхөд бэлэн байна хэмээж байв.