Яг аль нь ЖИНХЭНЭ МОНГОЛ вэ.

Өрнөдийнхөн, Хаант Оросын Газарзүйн нийгэмлэгийн зарим туршуул-судлаачид 1800 оны сүүлч, 1900 оны эхээр “монголчуудыг ертөнцийн хязгаарт хаягдаж, мухар сүсгийн хүлээсэнд торлогдсон бүдүүлэг харанхуй бөгөөд сөнөж мөхөж буй үндэстэн хэмээн үзэж байв. Тэд эх орон, эрх чөлөөгөө хамгаалан тулалдах байтугай бөөс хуурсаа албал тамд унана хэмээн үнэмшиж, ариун цэвэр сахихаас айсан арчаагүй амьтад болсон” хэмээн зүйл бүрээр батлан тэмдэглэжээ. Гэвч Хаслунд нарын аялагч нар “балар харанхуйн дунд мөн чанараа эрдэнэс мэт далдлан нуусан ардууд, сэргээн дуудах бүрээн чимээг чагнан зүүрмэглэх баатрууд” болгон харсан байдаг. Яг аль нь ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮНИЙГ харсан бэ?

Сталинизмын жилүүдэд монголчууд ямар ч эргэлзээгүйгээр “ардын дайсан”, “дотоодын дайсан” болсон лам хувраг, сэхээтнүүдээ илрүүлж хайр найргүй устгагчид болон хувирсан юм. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын маргаашаас угаасаа дарангуйлагч дэглэмд дургүй, эрх чөлөөт үзэл санааг эрхэмлэгч үндэстэн байсан нь тодорхой болов. Уламжлалаа сэргээж Бурханы шашны их хөлгөний урсгалын хоосон чанарын “Төв ёсны үзэл”-ийг намынхаа хөтөлбөр болгон зарлав. Монголчуудын ЖИНХЭНЭ ҮЗЭЛ САНАА аль нь вэ?

Японд боловсрол эзэмшигчдийн байгуулсан бүлгэм, бүлгийн хүрээлэлд орсон залуусын яриаг сонсоход тунхаг санаа нь япон маягийн улс төр, нийгмийн зүтгэлтний дэг сургууль, бидний хэлж заншсанаар “школ” үүсгэж байгаа шинжтэй. Гэтэл ярьж байгаа хэлбэр нь “Бид л мундаг, биднээс бусад нь хүчрэх ч үгүй” гэсэн бардамнал нэвт үнэртэнэ. Харин япон хүнд “би” гэсэн бардамнал, хандлага байдаггүй. Өрсөлдөгчөө хүртэл “сэнсэй, сэнпай” гэж авгайлдаг. Японд боловсрол эзэмшигчид Монголдоо ирэнгүүтээ япон дипломтой “мов монгол” болон хувирна. Харин буцаад Японд очихоороо “мов монгол”-оо тайлж хаяад “яв япоон” дүрдээ орно. Яг аль нь ЖИНХЭНЭ МОНГОЛ вэ.

Солонгос, Японд хөдөлмөр эрхлэгчид ч ялгаагүй. Очсон газрынхаа дүрмийг ягштал баримтлан, дуулгавартай ажиллана. Турк улсад сарын 500 доллар аваад байр амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс ч ялгаагүй тэгж л ажиллах гэж төрсөн аятай зүтгэнэ. Харин Монголд ирэнгүүтээ хөдөлмөрчин ангийн дүр төрхөө шууд орхино. Харин 500 доллараас дээш доошоо жаахан зөрүүтэй цалин амласан ажлын байрууд хоосон цэлийнэ. Японд япон шиг, Солонгост солонгос шиг, Туркт турк шиг, Монголд монгол шигээ байгаа энэ хүний жинхэнэ натурал төрх аль вэ? Аль нь ЖИНХЭНЭ МОНГОЛ вэ?

Эх сурвалж: Өдрийн сонин Б.Цэнддоо