Монгол орон минут, секундээр УСНЫ НӨӨЦ-өө гадагш алддаг.

Ливийн удирдагч асан М.Каддафи 500м гүнтэй 1300 цооногоор газрын доорх усыг олборлож Триполи, Бенгази, Сирит зэрэг хотуудыг өдөр бүр 6500000м3 усаар хангах төсөл санаачилж хэрэгжүүлсэн нь усан хангамжийн системд дээд амжилт тогтоож “Дэлхийн найм дахь гайхамшиг”-аар тодорч Гиннесийн номд бүртгэгдсэн. 

Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийж олон жилийн дундаж урсацаас 8-хан хувийг байнга авбал говийн бүс рүү 1600л/с усыг дамжуулан татаж ашиглах боломжтой аж. Хэрлэн гол үерлэхдээ 100м/с хурдтай усыг 8-10 хоногийн турш хил давуулан урсгадаг нь маш том “алдагдал” ажээ. Сэлэнгэ мөрөн ОХУ-ын Байгаль нуурт 10 тэрбум м3, Онон гол Амар мөрөнд 1.8 тэрбум м3, Хэрлэн гол БНХАУ-ын Далай нуурт 650 сая м3 усыг жилд нийлүүлдэг.

Тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цэнгэг усаа хилийн чанадад “алдаж” байгаагаа ухаарах цаг болжээ. Судлаачдын дүгнэснээр дэлхийн дулаарал 0.70С байхад Монголд 2.20С хүрч, нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн гэдэг.

ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээр 800км3 усыг олон арван хиймэл нуур байгуулан нөөцөлж алс зайд дамжуулан ашиглаж байна. БНХАУ өмнөд хэсгийн ус ихтэй Хөх мөрнөөс хойт бүс нутаг руу 3 магистраль шугамаар Шар мөрөнг дамнуулан ус татаж ашиглаж байна. Ус, гол мөрний хүчийг ашиглах том далангуудын олон улсын бүртгэлээс үзэхэд АНУ 9265, Хятад 4688, Энэтхэг 4636, Испани 1267, Өмнөд Солонгос 1205, Япон 1121, Өмнөд Африк 915, Канад 793, Бразил 635, Турк 625 боомт барьсан байдаг бол Монголд 25 жижиг боомт бий.

Манай орны гол мөрний усны нийт нөөцийн 60 гаруй хувь нь хил даван гадагш урсдаг. Монгол улсын гол мөрний усаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжит нөөц 56 тэрбум кВт.цаг.  Одоо байгаа нь Чоно харайхын гол дээрх Дөргөний УЦС 12 МВт, Завхан гол дээрх “Улаанбоом” УЦС 11МВт хүчин чадалтай бөгөөд жилд 80 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр Сэлэнгэ мөрний татмаас 40 гаруй жил 800 мм диаметр бүхий хос хоолойгоор дамжуулан татаж, хоногт 60000 м3 орчим усыг үйлдвэрлэлд ашиглаж байна.