Гал голомтыг илэрхийлэх тулга нь гурван хөлтэй. Эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг бөгөөд эцэг нь баруун тал, эх нь зүүн тал, бэр нь урд талд байгаа байдлаар тулга тавьдаг ёсонтой. Тулган дээр тогоо тавихдаа баруун хойш үл мэдэг хазайлган тавьдаг нь тухайн айлын буян хишгийг гадагш алдахгүй гэсэн утгатай. Отгон хүү, эсвэл ганц хүү төрөхөд “гал дээр гарсан хүү”, “голомт залгах үр”, “гал манах үр” хэмээн бэлгэшээнэ.
Монгол хүн гэрлэхдээ тулга буюу гал голомтондоо мөргөдөг. Хуримлах үед нөхөр нь галын эхэнд, эхнэр нь галын аманд сууж хархүү эцэгтээ хандан “Аав аа, гал хайрла” хэмээн гуйна. Эцэг “галаар яах нь вэ, хүү минь” гэхэд хүү “Аавын галаас тасалж, хүү нь гал голомтоо асаая” хэмээн хүндэтгэн хоёр гараа тосоход эцэг нь хэт цахиураа хүүдээ өгнө. Хүү хэтийг цохиж гал гарган хөгжөөхөд эхнэр нь шинэ айлын анхны цайг чанадаг заншилтай.
Домогт өгүүлснээр, урьд цагт манай тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдэгийн оч гялалзуулан байхыг хараад галнаас нь олж авахаар хэлэлцэж хараацай шувууг бие жижиг, хурдан шаламгай тул дээд тивээс гал олж ирүүлэхээр явуулжээ. Хараацай дээд тивд очтол айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж зогссон гэрийн эзэгтэй “галын хулгайч” хэмээн хашгирч хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж, харин манай тив галтай болсон гэнэ.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах