Эх дагины хувцас, гоёлоор үзэсгэлэн гаргана

 

Богд хааны ордон музейд энэ ням гаригт “Монгол төрийн хатан эрдэнэ – Эх дагина” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Шинэ үзэсгэлэнд Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас, гоёл чимэглэл зэрэг дахин давтагдашгүй үзмэр багтжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Улсын эх дагина Дондогдулам 1874 онд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошуунд Цэндийн гэр бүлд мэндэлжээ. Монгол, төвд бичиг мэддэг Дондогдулам тухайн үедээ боловсролтой нэгэн байжээ. Түүнчлэн эх дагина өөрийн тамгыг барьж хэрэг шийдвэрлэж байсан бөгөөд түүний удирдлагад Сангай аймгийн уран хатгамалч, барималч, зураач, дархан, бойвчин буюу гуталчин зэрэг 120 гаруй хүн ёслолын хувцас оёж, цутгамал, хөөмөл, танка зураг, зээгт наамал гэсэн олон арга техникээр шүтээний урлалын бүтээлийг туурвиж байсан гэдэг.