Театрын музей 297 үзмэрээр сан хөмрөгөө баяжуулжээ

Монголын театрын музей “Шинэ үзмэр-шинэ судалгаа” нэртэй тайлан үзэсгэлэнгээ 11 сарын 4-ний өдөр олон нийтэд дэлгэлээ. Тус музей нь 2009-2010 онд тайз дэлгэцтэй холбоотой ховор нандин үзмэрүүдээр сан хөмрөгөө баяжуулсан бөгөөд нийт 297 үзмэрийг шинээр нэмсэн байна. Үзэсгэлэнд үе үеийн жүжиг болон тоглолтын зурагт хуудсууд, уран бүтээлчдийн уулзалтын гэрэл зургууд, “Хар санаа ба хайр сэтгэл”, ”Парисын дарь эхийн сүм”, “Шөнө дундын бүжиг” зэрэг жүжгийн тайзны макет, эскиз, ардын жүжигчин Т.Хандсүрэнгийн эдлэж хэрэглэж байсан зүйлс, хуур урлаач Л.Дэмчигжавын морин толгой, ясан цууртай хуур, циркийн жүжигчин З.Дэмчигжавын тоглолтын хувцаснууд зэрэг дурсгалт зүйлсийг тавьжээ. Эдгээр үзмэрийг хувь хүн болон музейгээс худалдаж авсан байна. Мөн судалгааны ном товхимол, баримт бичгүүдийг ч дэлгэсэн байна. “Шинэ үзмэр-шинэ судалгаа” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.