Соёлын дурсгалт үнэт зүйлс алдагджээ

Түүх соёлын дурсгалт хосгүй үнэт зүйлс болох Ногоон дарь эх бурхан, Цагаан дарь эх бурхан /14 см өндөртэй/, Доржсэмбэ бурхан /Хуучны зэс хөөмөл, 42 см өндөртэй, ойролцоогоор 10 сая төгрөгийн үнэтэй/, Махгал бурхан /Шармал, 16 см өндөртэй, 5 сая төгрөгийн үнэтэй/ 4 ширхэг бурхан алдагдсан хэрэг гаржээ. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумын зааг дахь Шанхын хийдээс өнгөрсөн 9-р сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө алдагдсан эл 4 бурхныг Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтсээс хайж байгаа ажээ. Занабазар хийцийн эдгээр бурхад ойролцоогоор нэг нь л 10 сая төгрөгийн үнэ хүрэх түүхийн хосгүй үнэт зүйл юм. Шанхын хийдийн харуул хамгаалалт маш сул байгаа нь бурхнаа хулгайд алдахад хүрчээ. Аль өнгөрсөн 2005 оноос хойш Шанхын хийдийн түүх дурсгалын үнэт ховор зүйлс байнга алдагдсаар одоо бараг дуусч байгаа талаар нутгийн иргэд ярьжээ. Түүх соёлын дурсгалт үнэт зүйлсийг хадгалж хамгаалахад хариуцсан  байгууллагууд анхаарууштай юм.