“Монголын нэг өдөр”-ийг 100 гаруй сая төгрөгөөр үнэлжээ

 “Олон улсын шилдэг бүтээлийн сан”-д нэгдсэн Монголын таван музейн 58 бүтээл дэлхийн өвд багтсан байна. Эдгээр бүтээлийн нэг болох олноо марзан хэмээн алдаршсан Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн талаар танилцуулъя. Балдуугийн Шарав 1869 онд Засагт хан аймгийн Түмэн сумын нутагт малчин эмэгтэй Норжингийн гэрт төржээ. Зураг зурах төрөлхийн авъяастай Б.Шарав ахар богино хугацаанд урлахуй ухаанд суралцан Да хүрээнд нэр алдар нь түгж, улмаар Богдын захиалгаар зураг зурж, бүтээл туурвиж байжээ. Богд хаан Б.Шаравт өөртөө таалагдах зураг зурж ир гэж даалгажээ. Б.Шарав даалгаврын дагуу 1911-1912 онд “Монголын нэг өдөр”, “Үрс гаргаж байгаа нь” хэмээх 2 зураг зурсан байна. Тэр нь Богдод ихээхэн таалагдаж, Шаравт “Марзан” хэмээх хоч хайрлажээ. Уг 2 бүтээлийн 100 жилийн ой ирэх жил тохиох юм. Б. Шарав “Монголын нэг өдөр” бүтээлдээ монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, ахуй орчныг харуулж, ертөнцийн ерийн ба ерийн бус, ил, далд утга учрыг илэрхийлжээ. Ийнхүү нэг өдрийн амьдрал төдийгүй нэг насны явдал, байгаль, хүн, нийгмийн далд нарийн хэлхээ холбоо мөн чанарыг уран сайхны өвөрмөц содон дүр дүрслэлээр дамжуулан илэрхийлсэнд “Монголын нэг өдөр” бүтээлийн гол онцлог оршдог хэмээн судлаачид үздэг. Марзан Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн эх хувийг одоо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалж байгаа юм. Хуулбарласан зургийг нь музейн үзмэрт тавьдаг бөгөөд эх хувийг нь хаа нэг салхи оруулж фондоос гаргадаг гэнэ. Тус бүтээлийг 1970-1980 оны хооронд ОХУ-д сэргээн засварласан байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Хосгүй үнэт” бүтээлийн зэрэглэлд орсон “Монголын нэг өдөр” зургийг 100 гаруй сая төгрөгөөр үнэлжээ.