Азийн Микеланжело хэмээгдэх Г.Занабазарын урласан бага Ногоон дарь эх бурханы хувь тавилан

Дэлхийд алдартай урлагийн бүтээл, ховор үзмэр, үнэт эдлэлүүдийг дуудлага худалдаагаар зардаг Sotheby’s компани 2014 онд Ногоон дар эхийн бага хувилбар бүтээлийг худалдан борлуулжээ. Эл компаний албан ёсны цахим хуудсанд Ногоон дарь эх бурханы талаар танилцуулж, 200-300 мянган еврогоос эхэлж үнэ дуудна хэмээн зарлажээ. Уг мэдээлэлд энэхүү бүтээл нь Монголын хамгийн алдартай уран барималч Г.Занабазарын хийцээр урласан ховор бүтээл гэж онцлоод “Улаанбаатар хот дахь Богд хааны ордон музейд түүний бүтээсэн Дарь эхийн 23 хувилгаан дүр бүхий хүрэл цутгамал байдаг” гэсэн тайлбарыг хийсэн байдаг. Түүнчлэн 1954 онд Жан Клаудэ Моро Гоборд гэх хүн Ногоон дарь эхийг Парист худалдан авч, эзэмших болсон бөгөөд түүний үр хүүхдүүд нь уг бурханыг хадгалсаар өнөөг хүргэсэн гэж товч танилцуулжээ.


Тухайн үед 200-300 мянган еврогоор зарагдахаар товлогдсон уг бүтээл Г.Занабазарын урласан жинхэнэ бурхан мөн үү, ямар аргаар Парисын дуудлага худалдааны индэр дээр гарах болов, хэн нэг нь хууль бусаар ховор бүтээлийг гаргачихаад хиймэл түүх зохиосон байж магад, Ногоон дарь эхийн жинхэнэ баримал нь Парис руу гарчихсан юм бол монголчууд бид зөвхөн хуулбарыг нь хараад сууж байгаа хэрэг үү гэх мэтээр янз бүрийн таамаг, хардлага олон нийтийн дунд үүссэн.


Sotheby’s компаний сайтан дээр уг бурханыг бүх талаас нь харуулсан зургуудыг байршуулжээ. 30.7см өндөртэй Ногоон дарь эхийн хүрэл цутгамлын зургуудыг харсан зарим дархчууд Занабазарын хийц, дэгээр урласан бүтээл мөн байна, хуулбар биш байна гэж үзжээ. Энэ хэргийн дуулианаар зарим урчууд “Монголд Занабазарын хийцийн эртний эдлэл бараг байхгүй болсон, бүгд хятад руу гарсан гэдэг нь үнэн байх, манайд байгаа Занабазарын гэх тодотголтой бүтээлүүд нь хуулбар байх магадлалтай, музейд байгаа Занабазарын хийцтэй гэх бүх бүтээлүүдийг нарийн судлах хэрэгтэй” гэх мэтээр шуугилдаж эхэлсэн.





Азийн Микеланжело
хэмээн судлаачдад үнэлэгддэг Өндөр гэгээн Занабазарын хийцийн хүрэл бурхан Парисын томоохон дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан тухайн цаг үед соёлын өвийг хамгаалдаг, хадгалдаг газрууд нь ямар нэг мэдээлэлгүй сууж байжээ.


Занабазарын хийц яагаад ингэж дэлхийд шагшигдаж бүтээл нь хэдэн тэрбумаар үнэлэгдэх болов. Sotheby’s компаний шинжээчид уг бурханыг хийсэн арга барилыг нэг бүрчлэн тайлбарлаж “Энэ бол урлагийн гайхамшигт бүтээл” хэмээн тодорхойлсон байдаг.


Г.Занабазар нь XVII зууны сүүлийн хагас XVIII зууны эхэн үеийг дамнан амьдарч байсан Монголын их соён гэгээрүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Анхдугаар богд Жавзандамба хутагт билээ. Тэрбээр буддын гүн ухаан, Монгол ба Түвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг, уран барималд  авъяас билэг нь илүү хурц тодорсон гэж судлаачид үздэг.


Өндөр гэгээний өөрийн гараар туурвин бүтээсэн Язгуурын таван бурхан, Цагаан дарь эх, Бодь суварга зэрэг хүрлээр цутгаж алтаар шарсан баримлууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээлүүд нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэн дотоод гадаадын үзэгчдийн мэлмийг мялааж байдаг билээ. Зөвхөн Занабазарын хийцийг харах гэж Монголд ирдэг гадны судлаачид маш олон байдаг.


Г.Занабазар нь тухайн үедээ Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн хатуу дэг жаягийг ягштал баримталсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амидлаг шинж байдлыг шингээсэн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгосон нь түүхчид, урлаг судлаачдад үнэлэгддэг.


Хорин нэгэн дарь эхийг бүтээх болсон шалтгаан нь улс төр, эдийн засгийн том шалтгаантай байжээ. Шашны итгэл үнэмшлийн хүрээнд маш их эд хөрөнгө урагш харь орон руу урсаж байсан цаг үед тэр их баялгийг гадагш урсгахгүйн тулд Монголыг шашны төв болгох зорилго тавьж ийнхүү Дарь эх бурхадыг бүтээж эхэлсэн гэж үздэг. Өндөр гэгээн Түвдээс буцаж ирэхдээ цутгуур урлалыг хөгжүүлэхээр зуу орчим урчуудыг авчирсан нь түвд, балба, бутан хүмүүс байжээ. Тэдэнтэй хамт Хэнтийн ханы өвөр дэх Сарьдагийн хийд болоод Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг зэрэг өндөр уулын бүс газруудад шавилсан байдаг. Орд газраасаа хүдрээ олборлож, түүнийгээ хайлуулж хэв цутгаад бүтээлээ хийдэг нь Өндөр гэгээний ур ажээ. Өөр нэг судлаач Өндөр гэгээний бурхан цутгах арга технологийг тайлбарлахдаа хэвээ шавраар хийж шатаасны дараа хөргөөд газарт, эсвэл хуурай элстэй нүхэнд булдаг. Дээр нь тогоонд холбосон нэрэх хоолой, хий гаргах хоолойг байрлуулдаг. Тогооноос хайлуулсан хүрлээ нэрэх хоолойгоор хэв рүү дамжуулж, хөрснийх нь дараа нүхнээс цутгуурыг гаргаж шавар хэвийг хагалж авдаг байж гэж тайлбарласан. Одоогоос 2 жилийн өмнө бутанчууд соёлын өвөө дэлхийд дэлгэхэд францчууд судалгаа хийж “Занабазарын бүтээлд бутанчуудын оролцоо өндөр байжээ” гэж дүгнэсэн байдаг.  


Цагаан дарь эх, Ногоон дарь эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шахмалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурин иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг сэлт түүний материаллаг бодит байдлыг нь хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц, нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн нь түүнийг ийнхүү дэлхий дахинаа “Дахин давтагдашгүй урлаач” хэмээн дуудуулахад хүргэжээ.


Дуудлага худалдааны шинжээчид Sotheby’s компаний энэхүү дуудлага худалдааг Азийн уран баримал ямар түвшинд байдгийг харуулах үйл явдал болно гэж тодотгож байжээ.


Ногоон дарь эх 4.3 сая ам.доллар буюу найман тэрбумаар зарагдсан түүх:  Занабазар хийцийн Ногоон дарь эх бурхан Парист Sotheby’s компаний дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдсан билээ. Уг хүрэл цутгамлыг 200-300 мянган еврогоос дуудсан бөгөөд албан бус мэдээллээр Тайваны нэгэн иргэн худалдан авсан ажээ. Sotheby’s компанийхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй байна. Дуудлага худалдаа 4 цагийн турш үргэлжилж Монголын соёлын үнэт өв болсон Занабазар хийцийн Ногоон дарь эх бурхан ойролцоогоор 8.1 тэрбум төгрөгөөр зарагдсан юм.


Дуудлага худалдааны өмнөх өдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлж, олон нийтийн сонорт хүргэсэн. Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тухайн өдөр Францын талд хандаж уг бурханыг худалдахгүй байхыг хүсээд Ногоон дарь эх бурхан чухам ямар замаар Парисын дуудлага худалдаагаар зарагдахаар болж буйг тайлбарлахыг албан ёсоор хүсч, худалдааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэн. Гэтэл энэ хүсэлтийг Францын тал хүлээн аваагүй бөгөөд Sotheby’s компанийхан ямар нэг хууль бус аргаар олж авсан эд биш, бүх юм хууль ёсны дагуу явагдаж байгаа хэмээн тайлбарлажээ. Sotheby’s компани нь дэлхийд энэ чиглэлийн бизнесээр алдартай ба дуудлага худалдаагаар зарагдсан үнэт өв, ховор эд зүйлсийн жагсаалтаа жил бүр каталоги болгон гаргадаг аж. Энэ компаний дуудлага худалдаагаар 2005 оноос хойш “Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой тав, зургаа орчим бурхан зарагдсан гэдэг.


1920-иод оны үеэс Монголын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг худалдахыг хориглосон байдаг юм байна. Гэтэл Sotheby’s компаний албан ёсны цахим хуудас дээр эл Ногоон дарь эхийн цутгамлыг 1954 онд Жан Клаудэ Моро Гоборд гэх хүн Парист худалдаж авсан гэж танилцуулсан байсан нь монголчуудын анхаарлыг татсан. Sotheby’s компаний дуудлага худалдаагаар зарагдсан гэх тэдгээр бурхадын гарал үүслийн талаар бичсэн тайлбаруудыг харахад 1989 он, 1998 онд гадаадын ямар нэг иргэн хаанаас ч юм худалдаж авсан гэж дурдсан байжээ.


2013 оны 9-р сард Sotheby’s худалдаагаар Занабазар хийцийн Будда бурханы алтадсан цутгамал 40-60 мянган ам.доллараар дуудагдаж 75 мянган ам.долларт хүрч зарагдаж байжээ. Өмнөх худалдаануудаас харахад Занабазарын гэх тодотголтой ямар нэг бүтээл 4.3 сая ам.доллар хүрч байгаагүй юм байна.


1960-аад он хүртэл Богд хааны ордон музейд Монголын соёлын өвийн сор болсон бүхий л бүтээл, эд зүйлс бөөнөөрөө хадгалагдаж байгаад бусад музей рүү тараагдсан түүхтэй гэнэ. 2013 онд Түвд судлаачдын хурал Монголд болсон бөгөөд тус хурлын үеэр судлаачид Богд хааны ордон музейд судалгаа шинжилгээ хийсэн байна. Хуралд оролцогч олон улсын судлаачид “Энэ музей бол гайхамшигтай баялаг өвтэй юм байна. Дэлхий дээр ийм их үнэт үзмэртэй музей бараг байхгүй. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нь нийлүүлбэл нийтдээ энэ музей найман тэрбум еврогийн үнэтэй” гэж үнэлээд “гэвч энэ байдлаараа байвал уг музей таван жилийн дараа нурж устана” гэж дүгнээд явжээ.


Монголын соёлын үнэт өв, түүхийн чухал эд зүйлс хоёр замаар хилийн чанадад гарсан байх магадлалтай хэмээн үздэг. Социализмын үед зочилж ирсэн гадны орны зарим удирдагчдад түүхийн үнэт өвөөсөө бэлэг дурсгал болгон барьж байсан тохиолдол байдаг аж. Нөгөө нэг нь гадаадад үзэсгэлэн гаргах нэрээр түүх, соёлын үнэт өвүүдийг авч яваад дахиж эх оронд нь авчраагүй тохиолдлууд байдаг гэнэ. Энэ тухай мэддэг гэх хүмүүсийг “дуугүй” болгож чадсан ажээ.


Парист зарагдсан Ногоон дарь эх нь Чойроос алдагдсан гэх бурхан мөн үү. Зарагдсан бурхантай яг ижил хэмжээтэй, өнгө байдал нь адилхан Ногоон дарь эх 2011 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс хулгайлагдсан байна. Тэрхүү хулгайлагдсан бурханы баримлыг олон талаас авсан нарийн зураг байдаггүй боловч судлаачдын аман яриагаар Парист зарагдсан бурхантай яг адилхан ба Занабазарын урласан бага Ногоон дарь эх бурханы эх хувь нь гэж судлаачид бараг 100% санал нэгдсэн.


Уг дуудлага худалдааг зохион байгуулсан Sotheby’s компани бол дэлхийд алдартай урлагийн бүтээл, ховор үзмэр, үнэт эдлэлүүдийг худалддаг олон улсад нэр хүндтэй компани бөгөөд жил бүр дуудлагаар худалдаалах бүтээлүүдийнхээ каталогийг гаргадаг, дуудсан бүтээлүүд нь үнэд хүрдэг томоохон цар хүрээтэй компани бөгөөд ямар нэгэн хуулбар зарж өөрсдийн бизнесийн нэр хүндэд эрсдэл учруулахгүй хэмээн үзжээ. Тус компаний дуудлагаар оруулах нэг бүтээл дээр 3-аас 4 шинжээч ажиллаж үнэлэлт дүгнэлт өгч байж үйл ажиллагааг эхлүүлдэг ажээ. Дэлхийд нэр хүндтэй компаний дуудлага худалдаагаар зарагдсан Ногоон дарь эх бурханы өндөр нь 30.7см юм. Харин Богд ханы ордон музейд хадгалагдаж байгаа их Ногоон дарь эх метр орчим өндөртэй.


Чойрын хийдээс гурван жилийн өмнө алдагдсан бурхан урьд нь гурван удаа хулгайлагдахдаа хийдийн дотоод ажил хариуцсан эмэгтэйн зүүдэнд хаана байгаагаа хэлж орж ирдэг, түүнийх нь мөрөөр хуулийнхан ажиллаж олдог байсан тухайяриа нутагт ньтарсан байна. Сүүлд алдагдахад нь сэтгүүлч нар газар дээрээс нь шууд сурвалжилсан боловч нутгийнх нь иргэд “Манай бурхан өөрөө хаана байгаагаа хэлэх байхаа” хэмээн тайван сууцгааж байсан гэдэг.


Занабазарын бүтээлүүд хэлмэгдүүлэлтийн үед яаж үлдсэн нь сонирхол татдаг. Төрийн шар ордон эсвэл I цахилгаан станцын суурин дээр байсан Богдын цагаан ордонд хадгалагдаж байсан гэх таамаглал бий. 1925 онд Богд хааныг нас барсны дараа ордон нь улсын мэдэлд ирж музей болсон учраас хэлмэгдүүлэлтэнд өртөлгүй үлдсэн. 1937 онд сүм хийдийг нурааж одоогийн Сүхбаатарын талбайн хажууд овоолоод хаячихсан байсан гэдэг. Тэр үед академич Ц.Дамдинсүрэн гуай Маршал Чойбалсангаас “Соёлын өвийг хамгаалах зорилгоор цуглуулахыг зөвшөөрлөө” гэсэн улаан тамгатай бичиг авч амжсан байжээ. Тэгээд хүрээ хийдийн зүйлсийг сайн мэдэх тэрэгчин өвгөнтэй хамт соёлын өвд холбогдох эд зүйлийг Богд хааны ордон руу бүтэн сар зөөснөөр ийнхүү өнөө үед Занабазарын бүтээлүүд үлдэж чадсан гэж ярьдаг.


Өндөр гэгээний өөрийнх нь бүтээл болон эдэлж хэрэглэж байсан 80 гаруй зүйл Монголын газар нутаг дээрх хэд хэдэн сүм хийдэд бий. Богд хааны ордон музейн хөрөнгө найман тэрбум евро хүрнэ хэмээн 2012 онд үнэлэгдсэн байдаг. Өндөр гэгээний зөвхөн нэг бүтээл 4.3 сая ам.доллараар зарагдсан нь гайхамшигтай.


Хорин нэгэн дарь эх нь дэлхийн судлагдахууны гайхамшиг болсон нь эмэгтэй хүний 21 янзын зан араншинг цутгуурын аргаар хийсэнд оршино.  Гэвч орчин үеийн монголчууд 21 дарь эхийг музейн үзмэр төдий болгон хардаг болсон ажээ. Үнэн хэрэгтээ аливаа шүтэгч нь өөртэйгөө адилхан аль нэг бурханыг олж харж шүтдэг, бие давхар бүсгүйчүүд зовиургүй төрөхийн тулд шүтдэг, бага залуу охид зүс өнгөлөг сайхан болохын тулд шүтдэг гэх мэтээр эмэгтэй хүний хүсч болох бүх зүйлийг хүсч мөргөдөг шүтээн ажээ. Бүтээгдсэн цаг үеэсээ эхлэн “Монгол бүсгүйн гоо үзэмжийн дээдийн дээд үнэлэмж нь 21 дарь эх” хэмээн шүтэгдэж иржээ. Академич Ц.Дамдинсүрэн гуай Богд хааны ордон музейд Хорин нэгэн дарь эхийг авчирснаас хойш нэг ч удаа байрнаас нь хөдөлгөөгүй ажээ.


Өндөр гэгээний бүтээл хувь хүний гар дээр хэр олон байдаг нь тодорхойгүй. Өндөр гэгээн Занабазар Ногоон дарь эх бүтээлээ хичнээн хувь бүтээсэн тухай тоон баримт байдаггүй. Парист болсон Sotheby’s компани нь хэзээ ч хуулбар бүтээл худалдаанд гаргаж байгаагүй түүхтэй. Өндөр гэгээний бүтээлийг судалдаг гурван судлаачаар шинжлүүлж байж сая дуудлага худалдаанд оруулахаар баталсан гэдэг. Тэгэхээр яах аргагүй жинхэнэ гарын бүтээл нь зарагдсан гэсэн үг. Ногоон дарь эхийн хуулбар шавар нь Сарьдагийн хийдээс маш олноороо олдоод байна.


Өндөр гэгээний урлалын гайхамшгийг хамгийн их магтаж биширдэг нь гадны судлаачид байдаг. Чингис хааны дараа дэлхийн сонорт Монголын нэрийг гаргасан хоёр дахь хүн бол Занабазар хутагт хэмээн үздэг. Одоохондоо хутагтыг гүйцэх урлаач төрөөгүй байна.


Парист болсон дуудлага худалдааны үр дүн гурван зүйлийг баталж харууллаа. Нэгдүгээрт Өндөр гэгээн Занабазар агуу соён гэгээрүүлэгч гэдгийг харуулсан ба энэ нь түүний бүтээл асар их үнээр худалдагдсан нь түүнийг ямархуу уран барималч байсныг илтгэсэн үйл явдал болсон. Хоёрдугаарт түүний бүтээлийг хадгалж буй найман тэрбум еврогоор үнэлэгдсэн Богд хааны ордон музейг Улсын тусгай хамгаалалтанд авч хадгалалт хамгаалалтыг нэн даруй сайжруулах ёстойг ухааруулсан. Гуравдугаарт,  Монгол газар нутаг дээр монгол хүний бүтээсэн үнэт зүйлийн үнэ цэнийг ойлгуулж, дахин түүх болон урлал соёлын гайхамшигт өвүүдээ алдаж болохгүйг сануулсан үйл явдал байсан.


Өндөр гэгээний бүтээл хувь хүний гар дээр хэр олон байдаг нь тодорхойгүй. Тооцох боломж ч байхгүй ажээ. Соёлын тухай хууль нь хувь хүний гар дээр байгаа аливаа үнэт зүйлд халгаатай болсон учраас хүмүүст байгаа бүтээл ил гарч ирэхгүй байж магадгүй гэж судлаачид үздэг байна.


Эх сурвалж: Өдрийн сонин