Хубилай хаан Монголын эзэнт гүрнийг хамгийн том хэмжээнд хүргэсэн.

Түүхийн судалгаагаар Хубилай сэцэн хаан 1215 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн байна. Монгол улсын Засгийн газраас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор энэхүү түүхэн өдрийг тэмдэглэх шийдвэр гаргажээ. Ойн баярын хүрээнд“Хубилай сэцэн хаан 800” үзэсгэлэн, “Хубилай сэцэн хааны тэнгэрт өргөсөн бичиг” номын нээлт, Олон улсын хөөмэйн наадам, Хубилай сэцэн хааны 800 жилийн ойд зориулсан дурсгалын марк, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Жамъяангийн “Чингис”, “Өгөөдэй”, “Хубилай сэцэн хаан” романы нээлт, “Тайваны Гугун музей дэх Монголын түүх соёлын дурсгалууд” номын нээлт, “Хубилай сэцэн хааны тухай” 10 боть, “Хубилай сэцэн хаан ба түүний залгамжлагчид” цомог, “Монголын Хубилай сэцэн хаан ба Юань улс” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал, “Евро-Азийн музей дэх монгол хувцасны цуглуулга” ОУ-ын ЭШХ, “Монгол төрийн их дуулал” 261 их найрал хөгжимчдийн тоглолт, АНУ-ын хөгжмийн зохиолч Грифлес Чарлес Томилсон “Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон” симфони найраглалын нээлт, Эсгий туургатны үндэсний хувцасны фестиваль, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дахь Хубилай сэцэн хааны хот “Хөгшин тээлийн балгас”-ын малтлага, судалгаатай танилцах аялал, Хубилай сэцэн хааны нэрэмжит байгууллага ба гудамжны нээлт, “Юань улсын судар” номын нээлт, “Хубилай сэцэн хаан” баримтат киноны нээлт зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан.

ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун: “Түүхийн бүхий л эх сурвалжид “Хубилай хаан бол эзэн богд Чингис хааны эхлүүлсэн төрийг энхжүүлэн жаргуулсан хаан байсан” гэж тэмдэглэсэн байдаг. Хубилай хаан Монголын эзэнт гүрнийг хамгийн том хэмжээнд хүргэж, соёл,эдийн засаг, шинжлэх ухаан, улс төрийн бодлогын хувьд цогц хөгжүүлсэн их хаан. Дэлхийн санхүү мөнгөний тогтолцооны эх үүсвэр цаасан мөнгийг анх гаргасан хүн. Монголын их хаадаас тэнгисийн цэргийн флотыг анх бариулж, Өмнөд Азийг бүрэн эрхшээлдээ оруулсан, Хятадыг бүрэн эрхшээлдээ оруулж захирсан. Үүнээс гадна Хубилай хааны үед Алтан Ордны улс, Эл хаант улс, Цагаадайн улс зэрэг түүнд шууд харъяалагдаж байв. Ийм том гүрнийг захирч байсан түүхт хүний мэндэлсний ойг МУ-ын Засгийн газар тэмдэглэж байна. Хубилай хаан болон Юань улсын судалгаа XYIII зуунаас эхэлсэн. Судалгаа нь хамгийн эрчимтэй хийгдсэн цаг хугацаа нь 1960-1970-аад оны үе юм. Өөрөөр хэлбэл, Юань гүрэн гэдэг Хятадыг төвлөн захирч байсан Монголын эзэн хааны улс учраас Юань улсын судалгаа гэдэг бол зөвхөн Хубилай хаан биш түүнээс хойшхи 14 хааны судалгаа билээ. Одоо Хубилай хааны бичиг үсэг, төрийн бодлого, цэргийн флотын судалгаа эрчимтэй явагдаж байна” хэмээсэн юм.