Их эзэн Чингис хааны онгон

Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Бурхан халдун уулын зүүн хэсгээс эртний ихэс дээдсийн нэгнийх нь онгоныг олж тогтоосон нь Их Эзэн Чингис хааных мөн гэдэг нь батлагджээ. Үүнийг Японы мэдээллийн томоохон байгууллагын нэг “Киодо цусин” агентлаг, Японы шинжлэх ухааны төв байгууллагатай хамтарч мэдээллээ.

 


Их хааны онгоныг олох төсөл 1990 оноос гурван жилийн давтамжтай төсөл хэрэгжсэн боловч ард түмний зүгээс их эсэргүүцэлтэй тулгардаг байснаас гадна өнөөг хүртэл ямар ч амжилт олоогүй байсан. 1993 онд эхэлсэн “Гурван гол” төслийн багт олон улсын эрдэмтэн, судлаачдаас гадна манай улсын нэртэй эрдэмтэд ч багтаж ажиллажээ. Зөвхөн Монгол нутагт хайгуул хийгээд зогсоогүй Өвөрмонголын зарим газар нутагт эрэл хайгуул хийсэн. Судалгааны баг Их эзэн хааны онгоныг олоогүй ч Монгол улсын газар доорх маш олон эрдэнэсийг илрүүлээд зогсохгүй эртний хаадын олон бунханыг олж тогтоосон байдаг. Харин ард түмэн Их хааныхаа онгоныг олох, хөндөх нь түүхээ үл хүндэтгэсэн зүйл хэмээн үзэж маш эмзэглэж, тухайн хайгуулыг багийг бүрэн хүлээн зөвшөөрч чаддаггүй байв.

 

Америкийн NASA сансар судлалын төв, Японы сансар судлалын GVC-тэй хамтран Монгол улсын зүүн хойд бүсээс дэлхийн түүхэнд урд өмнө нь олдож байгаагүй маш том цогцолбор буюу Их эзэн Чингис хааны онгоныг олжээ. Онгоныг илрүүлэхийн тулд Япон улсад бүтээсэн олон мянган метрийн газрын гүн дэх  зүйлийг татдаг LCI дуранг ашиглажээ. Энэхүү дуран нь сүүлийн үед гео хайгуулын эрдэмтэд, судлаачдын гол зэвсэг болж байгаа өндөр зэрэглэлийн багаж аж. Хан Хэнтий нурууны зүүн хормой Бурхан халдун уулын сав нутагт орших Их хааны шарилын орчин нийт 1000 метр шоо дөрвөлжин хэлбэртэй, найман тасалгаатай аж. Гол хэсэгт нь Их эзэн Чингис хаан хэвлий орчимдоо уран сийлбэр бүхий тамга барьсан хэлбэртэй байршуулсан янзтай. Хөлийнх нь хоёр талд хэвтэж буй арслангийн сийлбэр байгаа бол тэргүүн дээр нь хөх тэнгэрийг бэлгэдэн дүүлэн нисэж буй шонхор шувууг байрлуулжээ. Урд талд нь найман бүгээн зүсмийн морь байх агаад эргэн тойронд нь үнэт эрдэнэс, эмээл хазаар байгаа аж. Харин бусад хэсэгт нь хөлөг баатрууд, хатад гэх мэт хүмүүсийн шарил байгааг тусгай нарийвчлалтай дурангаар илрүүлсэн байна. Түүхэнд Чингис хааны үеийн их төрийн тамга өнөөг хүртэл олдоогүйг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгвэл ийнхүү их эзэн хааны онгон төрийн тамгаараа танигдсан гэж судлаачид үзэж байна. Одоогоор энэ талаар олон улсын судалгааны багийхан хамтарч хуралдах тухай зарлажээ. Улмаар онгоныг малтах ажлын баг бүрдүүлж Монгол Улсын Засгийн газраас тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж.

 

Эх сурвалж: www.unen.mn