Сайд "солонгорсон эдийн засаг" хөгжүүлнэ гэв

(Уулзалтын үр дүнгээс үүдсэн бодол)

Сайд Ж.Оюунгэрэл аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын бүхий л төлөөлтэй уулзаж ярилцлаа.  Тэрбээр, Дархан цаазтай газруудад байрлах аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь ямар стандарт барих вэ, хог хаягдлын асуудал, бүсчилсэн аялал жуулчлал, Аялал жуулчлалын хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудаар ярилцах санал гаргасан юм.

Уулзалтанд оролцогсод маш олон болж бүтэхгүй байгаа асуудлуудыг ярьж эхэлсэн юм. Тухайлбал, өмнө нь хятадын групп жуулчид цагаан хуудасаар орж ирдэг байсныг сэргээх, хятад жуулчид Монголоос Оросын виз авдаг байх, Оросын визний үнийг 10 доллар хүртэл бууруулах, хилийн чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлснээр жуулчдыг монголын төв рүү татах, бизнесийн орчинг хамгаалах, жуулчны баазын стандартыг нэг загварчлалаас гаргах, зочид буудал ба жуулчны бааз үнээ дур зоргоороо нэмж байдгийг болиулах, жуулчны баазуудын орчинд аж ахуй эрхлэх хөнгөлттэй зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, ТХГН хоорондын уялдаа холбоог сайжруулах, нүүдлийн соёлоо хамгаалж үлдэх тал дээр дорвитой алхам хийх, одоогийн хуулийн шинэчлэлтийг хийхийн тулд тус салбарын нэгж болгоны түвшинд ярилцаж судалгаа явуулах, салбарын чуулганы үр дүнг эрс сайжруулах, монголын аялал жуулчлалын маркетингийн зорилтыг тодорхойлох, хуучин байшингуудыг “музей” болгон хамгаалах, замбараагүй цадиггүй сургалтуудыг цэгцлэх, аймаг орон нутгийн боловсон хүчний чадавхыг сайжруулах, уул уурхай аялал жуулчлал хоёрын хоорондох уялдаа, харилцан хамтын ажиллагааг шинээр төлөвлөх, аялал жуулчлалын үйлчилгээний бүх шатанд үйлчилгээний өндөр соёлыг дээшлүүлэхэд анхаарах зэрэг олон асуудлуудыг хөндөн ярьж санал бодлоо илэрхийлсэн юм.

Гэвч зарим нэг нь энэ салбарт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн юм их байгаа хэмээн өмөөрч байв. Тэрхүү хийж бүтээсэн зүйл нь чухам хэнд мэдрэгдээд өнгөрөв гэдгийг бодолцох хэрэгтэй. Жил ирэх тусам энэ салбар уналтанд орж байгаа гэдгийг энгийн нэгэн жуулчны баазаас эхлэн бүгд хэлнэ. Сүүлийн үед гадаадын жуулчид гэхээсээ илүү монгол жуулчид нь аялал жуулчлалын орлогыг оруулж эхлээд байна. Даланзадгад зочид буудалд хоноглож байгаа хүмүүсийн 90% нь монголчууд байдаг ба УБ хотын том буудлаас дутахааргүй өндөр үнэтэй. Жуулчны баазуудад мөн адил монголчууд л орлого оруулж байна. Гадны жуулчид нь жил ирэх тусам өсөөд байгаа юм бол тэдгээр нь чухам хаагуур аялаад байгаа юм бол? Салбарын хурал чуулган болохоор яг л нэг ижил юмаа яриад дуусна, эсвэл хэзээ биелэх нь мэдэгдэхгүй том том юм ярьдаг болсон. Эцсийн эцэст ямар ч үр дүн байдаггүй. Тийм учраас салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудыг шинэ боловсон хүчнүүдээр сэлбэх цаг тулж ирсэн, үүнд сонгуулийн үр дүн ч нөлөөллөө. Шинэ яаманд дандаа гадаадад сургууль төгссөн залуучууд аялал жуулчлалын бодлого барихаар оржээ. Нэг талдаа сайн хэрэг, гэхдээ тус салбарын туршлагатай, бодлогын хэмжээнд сэтгэдэг, тийм тур операторуудын захирал, менежерүүдтэй эхлээд сайн уулзаж, тэдний санаа бодлыг анхааралтай сонсоход цаг хугацааг харамгүй зарцуулах хэрэгтэй. Тэрнээс биш бүх юман дээр “би, би” гэж гүйгээд худлаа яриад байдагтай нь уулзчихаад асуудлыг шийдэж болохгүй. Судалгааг сайтар хийх, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн юу байгааг, ямар шинэ санаачилга ахиц байгааг судалж үзэх шаардлагатай. Мөн Азийн бусад орнуудын  аялал жуулчлалаа хөгжүүлсэн туршлагыг нэг бүрчлэн судалж, монголын аялал жуулчлалын маркетинг төлөвлөгөө, зорилго зорилтыг тодорхойлох баг, зөвлөлийг байгуулах нь зүйтэй юм. 

Шинэ сайд ямар ч салбарт хөрөнгө оруулалт, зээл тусламжийн асуудал нь солонгорсон эдийн засгийн аргаар хэрэгжинэ гэж мэдэгдэв. Энэ нь улсын төсөвт оруулахыг хүссэн төсөл хөтөлбөрүүдээ сайтар боловсруулж салбарынхаа сайдад танилцуулсны дараа, сайд дараа оны улсын төсөвт оруулах боломжтой юм хэмээн мэдэгдсэн юм. Энэ бол бас нэг том боломж билээ.

 Ч.Буянбадрах