Археологи, палеонтологийн дурсгалыг аялал жуулчлалд ашиглах боломж

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2012 оны 10 дугаар сарын 4-нд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газраас “Археологи, палеонтологийн дурсгалыг аялал жуулчлалын маршрутанд ашиглах нь” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулав. Уулзалтанд ШУА-ын археологи болон палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн докторууд, Соёлын өвийн төв, тус чиглэлээр холбогдох яамны ажилтнууд, Аялал жуулчлалын үндэсний төв, Mongolia expeditions, Guide center компаниудын төлөөлөгч нар оролцлоо. Уулзалтын үеэр Богд хан уулын баруун урд энгэрт байгуулахаар зураг төслийн ажил нь эхэлчихсэн “Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын цогцолбор төв”-ийн тухай, түүний явц ямар байгаа талаар танилцуулсан юм. Хөшигтийн хөндийнөөс 30 км, Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас 20 км газарт байрлах ба  Ёслол хүндэтгэлийн өргөө, Хүннү судлалын музей, Чингис хааны ордон, Уламжлалт зан үйлийн өргөө, Палеонтологийн музей, XX зууны монголчууд галерей, Тэмүүжин хүүхдийн парк, захиргаа аж ахуй, үйлчилгээний байгууллагуудыг байгуулахаар төлөвлөж зураг төсөл, эскиз макет нь бэлэн болсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж зарлиг гаргасан байна. Энэ хүрээнд дэлхийд тарсан монголчуудын түүх, соёлтой холбоотой баримтуудыг цуглуулах ажлыг ч зохион байгуулах юм байна.

Уулзалтын үеэр эрдэмтэд олон талын бэрхшээл байгаагаа ил тод ярьж байсан ба ШУА-ийн лабораторийн нөхцөл байдал сайнгүй, олдворуудыг хадгалах байр савгүй, хот хөдөөгийн музейнүүд зарим нэг үнэт үзмэрүүдээ булаацалдах хандлагатай байдаг тухай ч ярьж амжсан юм. Хамгийн сонирхолтой нь аялал жуулчлалын бүс нутгийг дагуулаад маш олон музейг байгуулах боломжтой гэнэ. Үзмэрийн хувьд ямар ч асуудалгүйгээр их нөөцтэй байгаа бөгөөд гагцхүү тэдгээрийг дэлгэж үзүүлэх, музейн стандарт хангасан байр, байшинг барьж байгуулахад хөрөнгө мөнгө байхгүйн дээр, хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ ажилд татан оролцууллаа гэхэд зохицуулах эрх зүйн заалт нь учир дутагдалтай байгаа ажээ.

Мөн жуулчдын ид улирлын үеэр тэдний сонирхон үздэг үзмэрүүдийг тухайн музейд байлгаж байх санал гаргалаа. Тухайлбал, Байгалийн түүхийн музейн палеонтологийн танхимд байдаг байсан “ноцолдож буй үлэг гүрвэл”, “бөөнөөрөө үхсэн зулзага” гэх мэт олдворууд олон улсын үзэсгэлэнд явах нь ихсээд сүүлийн жилүүдэд үзэгдэхээ больсон юм. Дэлхийд цорын ганц гэгдэх иймэрхүү үнэ цэнэтэй олдворууд нь тухайн музейн хамгийн гол үзмэр байдаг гэдгийг, жуулчид зөвхөн тэдгээрийг үзэх гэж л Байгалийн түүхийн музейд очдог гэдгийг анхаармаар юм.

Хархоринд байгуулагдсан шинэ музей, түүний дагалдах танхим болох “Шороон бумбагарын дурсгалын танхим”, Хөшөө цайдам дахь “Билгэ хаан ба Культегин жанжны дурсгалын музей” зэрэг нь тийшээ аялж буй жуулчдын сонирхлыг татаж байгаагийн зэрэгцээ олон улсын музейн стандартыг Монголд хөгжүүлэх гэж оролдож буй нааштай алхамууд болж байгаа гэж хэлж болно.

Одоогоос хэдхэн жилийн өмнө аяллын хөтөч тайлбарлагч нь жинхэнэ өөрийнхөө хүсэл сонирхлоор ажиллаж, хаана ямар мэдээлэл мэдлэг байна хэмээн эрэл хайгуул хийж, байхгүй үзмэрийг байгаа мэт дүрслэн ярьж чаддаг, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө үргэлж хичээдэг байсан бол сүүлийн үеийн хөтөчүүд интернет, face book үзсээр байгаад сэтгэл хөдлөл байхгүй болсны дээр аливаа үзмэрийг өөрөө амилуулан тайлбарлах чадвар их дутмаг болсон билээ. Тийм учраас ядаж харж байгаад тайлбарлаж өгөх үзмэр бүхий музейнүүдийг олноор байгуулж чадвал олон хөтөч нарыг “аврах” юм.

Дээр дурдсан Шороон бумбагарын дурсгалыг тухайн газар дээр нь очиж үзэх боломжгүй учраас Хархорин музейд нэмэлт танхим нээж, чухам ямар дурсгал олдвор гарч ирснийг сонирхолтойгоор үзүүлжээ. Дэлхийн улс орнууд эртний хаад язгууртнуудынхаа булш бунхан, хөшөө чулууг жуулчдад үзүүлэхийн тулд хотуудад ойртуулан үзүүлэх боломжуудыг судалж, хэрэгжүүлж иржээ. Түүний нэгэн адилаар, Булганы Баяннуураас олдсон Шороон бумбагарын дурсгал буюу эртний түрэг язгууртны оршуулгын зан үйлийг ийнхүү дотоод гадаадын жуулчдад үзүүлж байгаа нь талархууштай хэрэг юм.

Уулзалтын үеэр бас нэгэн чухал санал гарсан нь хөдөө орон нутагт ухаж төнхөөд хаясан мөртлөө ямар ч пайз самбар байхгүй үнэт олдворууд их байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дуурилаг нарсны тэнд “Монгол хата”д хэмээх цогцолбор байгуулсан, түүний дэргэд эртний хүннү нарын булшны малтлагыг хийжээ. Гэвч хажууд нь ямар ч самбар алга, зүгээр л ухаад хаясан шороо л байна. Уг нь бол саяхан гэр барьж байгуулсан “монгол хатад” цогцолбороос илүү түүхийн ач холбогдолтой, үнэ цэнэтэй олдвор билээ. Хэнтий аймгийн Рашаан хад нь түүхийн он цагийн хувьд маш үнэ цэнэтэй олдворуудыг хадгалсан газар, харамсалтай нь яваад очиход тэрхүү үнэ цэнийг илэрхийлсэн ямар ч самбар, пайз байхгүй. Хойд цэнхэрийн агуйн дурсгал ямар алдартай билээ. Яваад очиход шувууны сангасанд дарагдаад өөдөөс сарьсан багваахай сүрэглэн нисээд нөгөөх чухал дурсгалаас нь юу ч харагддаггүй. Тэгсэр хэрнээ ТХГН-ийн хураамж 3000 төг авдаг. Ямар ч хамгаалалт, хадгалалт алга байна. Гэх мэтчилэн энэ тухай ярих зүйл мундахгүй олон билээ. Эдгээрийг харж хамгаалахад улсын төсөв, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа бол хувийн хэвшлүүдийг зөв зохистой татан оролцуулах хууль, эрхзүйн заалт боломжуудыг бий болгомоор байна.

Ч.Буянбадрах