Монгол дэлхийн аялал жуулчлалын хаана нь явна вэ?

Т.Батжаргал “Ар Монгол трэвэл” ХХК-ийн Ерөнхий захирал, Монголын Аялал Жуулчлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн


1980-аад оны сүүлчээр Орос улсад сурч байсан монголчууд хамт сурдаг Вьетнам оюутнуудаа “төлөг” гэж хочилно. Шатны уруу түмпэн шидээд гарсан авиаг нь төлөг хэл хэмээн элэглэнэ. Тэд амралтаараа эх орондоо буцах үедээ Оросын төмөр түмпэн, халбага, сэрээ, бензиний канистр гээд төмрөөр хийсэн юу л байна, хамж аваад оюутны байрныхаа өрөөг дүүргэнэ. Тэгээд явах өдрөө нөгөө цуглуулсан зүйлээ вокзал руу чирч аваачиж купегээ дүүргэж аваад түмпэн, сав, халбага, сэрээгээ хангир, жингэр хийлгэн Вьетнам руугаа гарч өгдөг байлаа. Монголчууд бид өөрсдөө “Тэнгэрлэг заяатай Чингисийн Монгол” хэмээн омогшиж вьетнамчуудыг тийнхүү төлөг хэмээн дооглож явтал Вьетнам өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын топ чиглэлүүдийн нэг болчихов.

Тэд эх орноо барууны жуулчлалын заавал очиж үзэх газруудын нэг болтол хөгжүүлж чаджээ. Социалист системээс хамгийн сүүлд шахуу зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн Вьетнам улс дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гаргасан судалгаагаар 2000 онд 2.1 сая, 2008 онд 4.2 сая жуулчин хүлээж авчээ. Өөрөөр хэлбэл найман жилийн дотор жуулчдын тоогоо хоёр дахин буюу 2.0 сая жуулчнаар нэмэгдүүлсэн гэсэн үг.

Монголд 2000 онд 158.000, 2009 онд 464.850 гадаадын хүмүүс зочилж, есөн жилд гурав дахин өсөлт бий болсон ч өссөн тоо нь нэг сая ч биш, ердөө 306.000 жуулчдын талаас нэлээд илүү хувь нь буюу 232.000 нь Хятадаас, 109.000 нь ОХУ-аас үлдсэн 123.000 орчим нь бусад орноос иржээ. Хятадаас ирсэн 232.000 жуулчид нь үндсэндээ богино хугацаагаар монголд ирж барилга барьсан ажилчид. Тэд худалдаа хийж аялж, монголын эдийн засагт орлого оруулдаггүй. Монголд ашиг олохын төлөө ажиллаж байгаа тэд дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гаргасан жуулчин гэсэн тодорхойлолтод багтах ёсгүй. ОХУ-аас ирэгчдийн хувьд ихэнх нь Улаан-Үүд, Эрхүүгээс автобус, галт тэргээр Улаанбаатарт ирж цөөн хоноод буцдаг ч орос, монгол эзэнтэй хямд зочид буудлууд, Улаанбаатарын худалдаа наймаа эрхлэгчдэд багагүй орлого оруулдаг. Багахан хэсэг нь бэл бэнчин сайтай “шинэ оросууд”. Тэд манай хамгийн үнэтэй буудалд бууж, үнэтэй дэлгүүрээр шопинг хийн аялж багагүй мөнгөө үлдээдэг учраас жуулчдын тоонд гарцаагүй багтана. 123.000 жуулчин буюу нийт ирэгсдийн 30 хувь орчим нь гуравдагч орны иргэд буюу бидний яриад байдаг жинхэнэ жуулчид. Энэ тоо их үү? бага уу? Харьцуулах үүднээс хэдэн тоо баримт дурдъя.

Урд хөрш Хятад 2009 онд 50.9 сая, хойд хөрш Орос 20.3 сая жуулчин хүлээж авсан. Монголтой ойролцоо өөр улсууд хэр олон жуулчин авдгийг сонирхоё. Манай баруун талын хөрш ердөө хорь хүрэхгүй жилийн өмнө тусгаар тогтносон Казахстан жилд 3.5 сая гадаадын жуулчид зочид хүлээж авсан байна. Хүн амын дийлэнх нь казахууд боловч соёл нь нэлээд оросжсон байгаль нь манайхаас илүүрхэх зүйлгүй, цаг агаар нь ч бараг ижил. Гэсэн хэдий ч тэдний авч буй жуулчдын тоо манайхаас долоо дахин их байна. Казахстан манайхыг бодвол газар зүйн байрлалын хувьд европт арай ойр учраас Англи, Герман, Голланд, Арабын орнууд, Турк улсууд Казахстан руу шууд нислэг хийдэг. Казахстанчууд өөрсдөө ч гадагш их аялдаг болсон нь гадаадынхан Казахстан руу зорчих сонирхлыг өдөөх нэг хөшүүрэг болдог болов уу.

Хүн амын хувьд манайхтай ойролцоо ч Улаанбаатар хот шиг өчүүхэн газар нутагтай Сингапур улсад 8.0 сая хүн зочилжээ. Эднийх 8.0 жуулчдыг юугаараа татав? Мэдээж хэрэг газар зүйн тааламжтай байрлал, зөөлөн дулаан уур амьсгал, хөдөлмөрч зүтгэлтэй зан чанар нөлөөлснийг мартаж болохгүй. Далайн эргийн олон өдрийн усан онгоцны аялал, ажил хэргийн аяллууд гээд аялал жуулчлалын олон төрөл энд дээд зэргээр хөгжсөн. Сингапуртай ойролцоо оршдог Вьетнам аялал жуулчлалын салбарт огцом амжилт гаргасан нь хүний хүчин зүйл төр засгийн бодлоготой хамаатайгаас гадна ашигтай газар зүйн байрлал, зөөлөн дулаан уур амьсгал, Зүүн өмнөд Ази хэмээх дэлхийг далласан нийтлэг имиджтэй нь холбоотой. Вьетнамтай ойр орших дэлхийн аялал жуулчлалын топ 20-д багтдаг Тайландад сүүлийн хоёр жил үймээн самуун дэгдэж онгоцны буудлуудаа хааж байсан. Тэр нь жуулчид гийчдын аюулгүй байдалд шууд заналхийлсэн нь мэдээж байхад аялах жуулчдын тоо буураагүй өсөлтийн хувь бага зэрэг доошилжээ. 2010 оны хаврын үймээний дараа Тайландын аялал жуулчлал урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өссөн байна. Монгол руу ирээч гээд даллаад байхад ирж өгдөггүй атлаа Тайланд руу бол бараг үхсэн ч хамаагүй аялаад байдгийн учир нь далайн эрэг, дулаан уур амьсгал, Зүүн өмнөд Ази, алдартай массаж, аялал жуулчлалын цогц үйлчилгээ, хямд үнэтэй, дээд зэрэглэлийн зочид буудлууд гэх мэт жуулчдыг соронзоддог зүйлс тэнд байна. Европ тивийн, хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан, 56.5 мянгахан ам.км нутагтай, 4.0 сая гаруйхан хүн амтай Хорватад 2009 онд 9.5 сая жуулчин зочилжээ. Иймэрхүү нөхцөлд бид Монголын аялал жуулчлалын салбарыг бодитойгоор харах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад 11-р сард хийсэн айлчлалын сурвалжлага 2010 онд МИАТ компаниар Монгол руу 54 мянган хүн Японоос зорчсон гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл багтсан байна. Мөрөөдлийг бодит байдал мэтээр андуурсан л биш бол МИАТ-ийнхан Монгол руу жилдээ 54 бүү хэл, 24 мянган зорчигч ч тээвэрлэж байгаагүй. Монголд ирдэг жуулчдын тоог 1.0 саяд хүргэнэ гэсэн зорилт олон жил яригдаж байна. Нэг сая жуулчин Монголд ирчихвэл үнэхээр сайхан хэрэг. Гэтэл Монгол руу ирхээр хүссэн жуулчдынхаа тийзийн урилгыг явуулах гэхээр ГХЯ-ны Консулын газарт нь нэг компани өдөрт 5-аас илүү урилга явуулж болохгүй гэсэн журам мөрдөж байхад яаж нэг сая жуулчин аялах юм бүү мэд. Аялал жуулчлал хөгжих өөр нэг үндсэн нөхцөл нь дэлхий даяар хямд үнийн фактор болсон. 50 сая жуулчин хүлээн авдаг хятад улс хэдийгээр соёлын өв, цаг агаарын тааламжтай нөхцөл, зэрэглэл өндөр үйлчилгээний газруудтай ч тийшээ зорчиход төсөр, очсоныхоо дараа аялах аялал нь хямд учраас жуулчид хэдэн арван саяараа тийш урсаж байна. Нөгөө нэг гол хүчин зүйл нь Хятадын газар зүйн байрлал. Хятад улс аялал жуулчлалын голлох зах зээлийн орнууд болох Баруун Европ, Хойд Америкаас хол ч Азийн баруудыг багтааж Зүүн өмнөд Ази хэмээх бэл бэнчинтэй голлох зах зээлийн орнуудтай хиллэж байдагт давуу тал нь оршино. Баруун Европ, Хойд Америкийн хувьд Хятад руу явахад хол хэмээх сөрөг нөлөөллийг Хятадын төр засаг олон тоотой, хямд үнэтэй шууд нислэгүүд нээх бодлого хэрэгжүүлснээр шийдэж байна. Хятадын хувьд гурав дахь гол хүчин зүйл нь Цагаан хэрэм буюу дэлхийн соёлын ховор өв. Хятадын дулаан уур амьсгал нь ч аялал жуулчлалын хөгжилд их нөлөөлдөг. Дээр дурдсан Хорватын хувьд аялал жуулчлал үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн хамгийн гол эерэг хүчин зүйл нь мөн л тааламжтай газар зүйн байрлал. Хорват улс хамгийн их аялал жуулчлалын голлох зах зээлийг хөгжүүлдэг Герман, Итали, Франц, Чех, Унгар, Австри зэрэг гол 20 улсуудтай хил залгаа буюу 1-2 цагийн нислэгийн зайд оршдог. Тэдгээр улсуудаас Хорват руу очих тээврийн зардал маш хямд, нислэг нь 25-70 евро, автомашинаар бол Улаанбаатраас гараад дархан орохтой адил зайд байдаг. Мэдээж энэ бүх сайн талуудаас хамгийн чухал зүйл бол тухайн улсын бодлого. Жишээ нь: Хорватын Засгийн газар 2009 онд аялал жуулчлалын салбартаа 6.0 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалаа цогцоор нь хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Хорват улс руу жуулчдыг татах бас нэг гол хүчин зүйл нь Адриатын тэнгис, түүний эрэг юм.

Ийнхүү Хятад, Сингапур, Вьетнам, Казахстан адил Хорватад аялал хөгжих гол зүйл нь төр засгийн бодлого, байгаль, цаг уурын хүчин зүйл байдаг байна. Дэлхийн хамгийн их жуулчин хүлээж авдаг эхний 20 орны жагсаалтыг Франц 74.2 сая жуулчнаар тэргүүлж, АНУ 54.9  сая, Испани 52.2 сая жуулчнаар удаалж Хятад дөрөвт орж, Тайланд 20-д орж байна. Монгол маань 70 орчимд байгаа юм.

Барилга барих газраа сонгохдоо хамгийн түрүүнд байрлалыг нь хардагтай адил Англиар “3L“ буюу Location,  Location, Location монголчилбол “Байрлал, Байрлал, Байрлал” аялал жуулчлалд газар зүйн байрлал хамгийн чухал ажээ. Дараа нь аялал хямд, тав тухтай байх, соёлын эсвэл байгалийн дэлхийд хосгүй өвүүд, үзвэр үйлчилгээний өндөр чанар, аялал жуулчлалын өргөн сонголт (ганц байгалийн аялал бус, усан онгоц буюу круйз, казиногийн аялал гэх мэт) гол үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл жуулчдын хамгийн их сонирхдог зүйлс нь онгон байгаль биш, соёл биш, түүх биш. Байгаль, соёл, зан заншил, түүхийг сонирхдог нь мэдээж боловч маш өчүүхэн хувийг эзэлж байна. Монголыг тэр өчүүхэн хэсгийн өчүүхэн хувь нь л сонирхдог. Энэ бол үнэн бодит байдал.

Луврын музей, Хятадын цагаан хэрэм, Зүүн өмнөд Азийн өвөрмөц байрлал, Египетийн пирамид, Лас Вегас зэрэг хүн амьддаа ядаж нэг удаа заавал үзэх зорилго тавьдаг соёлын үнэт өвийн гайхамшгууд Монголд байдаг уу, үгүй юу Монголын хувьд аялал жуулчлалын ирээдүй масс аялал жуулчлал мөн үү, биш үү, өнөөдөр манайх аялал жуулчлалын гол зах зээлийн орон мөн үү, эсвэл хэзээ вэ, сурталчилгаа, маркетингт төр засаг хэр зэрэг анхаарал тавьдаг вэ гэх мэтээр тунгаан бодох зүйлс олон байна. Болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй ч, амьдрал дээр яаж ч болохгүй зүйлс бас байдаг. Монгол хол учраас Монголыг баруун Европ дотор, зах зээл дотор нь Хорватын авчраад байрлуулчихъя, Монгол хүйтэн учраас Зүүн өмнөд Ази шиг дулаан уур амьсгалтай болгоё, Монголд Тайланд шиг эрэг байгуулъя, Хятадын цагаан хэрэмтэй адил хүн төрөлхтний өнө эртний соёлын өвийг Монголд авчиръя, тэгээд аялал жуулчлалыг хөгжүүлээд өгье гэх нь хэзээ ч бүтэхгүй. Харин арай гэж 60-70 жил болж байсан Сүхбаатарын хөшөөгөө буулгах түүх соёлын өв гэдэг утгийг нь алдагдуулж байгаа “зоригтой” улс манайхаас өөр байхгүй байх. Монголд хүлээж авах аялал жуулчлалын салбарын 80-90 эзэлж байгаа эдийн засаг экспортын үйл ажиллагаа юм. Нөгөө нэг тал нь буюу гадагш явж буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тур оператор ба аялагчийн хооронд үүсдэг харилцаануудыг зохицуулах эдийн засгийн хувьд мөнгө гадагшилж байгаа учраас яах ёстой вэ гэх мэт шийдэгдээгүй асуудлууд бас бий. Хэдийгээр хөгжил нь чамлалттай, жуулчдын тоо нь өчүүхэн жуулчид хүлээж авдаг улирал нь богино, оруулж буй орлого нь бага ч аялал жуучлал бол уул уурхай шиг эвдэн сүйтгэдэг, нөөц нь шавхагддаг бус, харин улс гүрэн ард түмэн байгаль дэлхийн оршин тогтнож байгаа цагт мөнхөд оршин байдаг салбар юм.