Монголын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар ба тогтвортой хөгжил

АЖТХТ тэргүүн Д.Гантөмөр

Аялал  жуулчлал бол Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой салбар хэмээж үзэх нь нэн сайшаалтай. Гэхдээ бодит байдалд чухам ямар асуудлыг хэрхэн яаж шийдэв, үр дүн нь салбарын хувийн хэвшил, ТББ болон орон нутагт хэрхэн тусгалаа олов гэдэг нь гол асуудал. Хорин жилийн дараахь цэгээс харахад салбарын байдал бодитойгоор өсчээ. Үүний хажуугаар салбарын хөгжлийн чиг хандлага, нөхцлийг ажваас эгзэгтэй, анхаарууштай нөхцөлд байна гэж хэлж болно. Хэдийгээр статистк мэдээллүүдийн бодит байдал туйлийн маргаантай байв ч, тэдгээр тоонуудаас баримжаа болгож үзвэл манай аялал жуулчлал хурдацтай, далайцтай өсөн дэвжиж, хөгжиж байгаа дүр зураг харагдна. Энэ бүхэн бол баримтууд бөгөөд салбарын үйл ажиллагаа хэвийн өсөн нэмэгдэж, улам ач холбогдолтой болсоор байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Харин салбарын бодит байдлыг гадна болон дотор талаас нь агуулгын шинжилгээ хийж үзвэл ямар байна вэ?


Монголын аялал жуулчлалын үнэлгээ олон улсын түвшинд

Дэлхийн Аялал Жуулчлалын Удирдагчдын Консулын тайланд Монгол Улсыг аялал жуулчлалын нөөц болон байдлаараа үнэ цэнэтэйд орох газар гэж дүгнэжээ. Ази номхон далайн орнуудын аялал жуулчлалын байгууллагаас гаргасан эдийн засгийн судалгаагаар Монгол орны аяллын үнэ Ази болон Европын үнэтэй аяллуудын тоонд жагсаж байгаа буюу 1500 ам.доллар байна. Тэгэхээр аяллын үнийн хувьд аль хэдийнээ “үнэтэй” аялах газрын түвшинд байгаа юм. Гэтэл жуулчлалын саалбараас олсон орлогоороо 2008 онд Монгол Улс дэлхийн 135 орноос 98-д орсон сул үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл, манай аялал жуулчлалын хөгжил нь эдийн засгийн ямар нэг үндсэлэл, бодлогогүй, харин дагалдагч хэлбэртэй, хэт эрсдлийг өөртөө шингээсэн, бизнесийн замбаараагүй орчинд байна гэсэн үг.

Өнөөдөр Монголын аялал жуулчлалын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 50 хүрэхгүй компаниуд байгаа бөгөөд ихэнх нь жижиг, дунд буюу жилийн 50-350,000 ам.долларын ашигтай, улирлын хамааралд ажилладаг. Энэ нь санхүү-марктинг хийгээд хүний нөөцийн хувьд компаниуд бүрэн босох боломжийг бүрэн хомсдуулж байна. Жуулчны баазууд гэст хаус, зочид буудлууд ч бас л бизнесийн хувьд тогтвортой биш, үндсэндээ дийлэнх нь 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл амиа аргацаасан үйл ажиллагаа явуулж, ихэнх баазууд зээл авч байж ирэх жилийнхээ WC, гэрийг сэргээн ажиллуулж эхэлдэг. Салбарын өрсөлдөх чадамжийн байдал хангалтгүй байгаа бөгөөд бидэнд бодлогын хамгаалал, бизнесийн бодит дэмжлэг нэн хэрэгцээтэй байна.

Аялал жуулчлалын өсөлдөх чадамж

Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг хууль,  эрх зүйн зохицуулалт, дэд бүтэц, бизнесийн орчин болон байгаль , нийгэм, соёл, хүний нөөцийн шалгууруудын дагуу доорх үндсэн хэмжүүрээр тодорхойлж гаргадаг. Үүнд:

-      Салбарын бодлого, чиглэл, журам хэрэгжилт

-      Байгаль орчны тогтвортой байдал

-      Баталгаат ба аюулгүй байдал

-      Эрүүл ахуй, аюулгүй орчин, ажиллагсдын эрүүл мэндийн байдал

-      Аялал жуулчлалын салбарт өгөх ач холбогдол

-      Газрын тээвэр ба дэд бүтэц, чадамж

-      Мэдээлэл технологийн чадамж, хэрэглээ

-      Хүний нөөцийн чадамж, туршлагажилт, ажлын баталгаат байр

-      Салбарыг дэмжигч бусад салбарын нөлөөлөл загилаа

-      Байгалийн нөөц, үнэ цэнэ, нөлөөлөл

-      Соёлын нөөц, үнэ цэнэ нөлөөлөл

Аялал жуулчлалын өрсөлдөх чадамжид нөлөөлөх бусад олон хүчин зүйлүүд бий. Тухайлбал, дэлхийн буюу олон улсын байдал, улс төр эдийн засгийн нөлөөлөл буюу дэлхийн эдийн засгийн хямрал, инфляцийн өөрчлөлт, газрын тосны үнэ, дэлхийн эдийн засгийн бодлого, хөрш орнууудын зохицуулалт зэрэг асуудлууд багтна.

Өнөөдөр аймаг, сум бүрт байгаль орчин аялал жуулчлалын газар, мэргэжилтэн бий. Тэд орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн чадамж, туршлага ойлголт дутмаг, ихэнх засаг дарга нар нь “аялал жуулчлалаас олж байгаа бодит орлого байхгүй, жуулчны баазын газрын өчүүхэн мөнгө л орж ирдэг” хэмээн энэ салбарын бодит хөгжлийн асуудлыг шийдэхээс зайлсхийнэ. Бараг бүх аймгуудын хөгжлийн бодлого төлөвлөлт дээрээ аялал жуулчлаллыг хөгжүүлэх чиглэл сонирхолоо оруулсан байгааг аймгуудын вэб сайтуудаас хүн бүр харж байгаа. Харамсалтай нь аймгуудад ч тэр, сумуудад ч тэр бодит байдал тэс өөр, газар ашиглалтын төлөвлөлт, түүн дээрх ногоон эдийн засаг, хамелон бизнесийн загварууд бодитойгоор хөгжиж буй үр дүн байхгүй л байна. Дээрээс нь салбарын орллого нь нутагтаа буцаж орж ирдэггүй, бүгд төсвийн нэгдсэн том тогоо руу ороод алга болдог. Нөөцийг нь ашиглаад л байдаг, жуулчид тийшээ явсан л гээд байдаг. Харин сум нь бахь байдгааараа олигтойхон зочид буудал, кафе үйлчилгээний газар, халуун ус алга л байна. Гэтэл аялал жуулчлал дэлхий дээр хамгийн их ажлын байраар хангагч, жендерийн тэгш эрхийг илтгэгч, орон нутгийн хөрөнгө оруулалт, зах зээлээр тэлэгч, байгалийн менежментийг зохистой ашиглагч шигшигдсэн салбар гэж байгаа шүү дээ.


Монголд ирж буй жуулчдын зах зээлийн мөн чанар

Монголд орлого оруулж ажил олгож, цэвэр байгаль, уугуул соёлыг илүүтэй дэмжигч жуулчид бол өнөөдөр барууны буюу Европ, Австрали, Америкийн жуулчид мөн. Статистик тооноос харахад 400 гаруй тур оператор компани байгаа боловч 1 000-2 000 орчим жуулчин авдаг компани 10 хүрэхгүй. 500-1000 жуулчин авч байгаа 30 компани байна гэж үзвэл жилдээ нийлээд 60 000 жуулчин л авч байна. Дээр нь хилийн бүсэд шууд орж ирж байгаа жуулчид, үүргэвчтэй аялагчид зэргийг нэмбэл 100 000 болох юм. Энэ тооцоолол үнэн бол манайд жилд 160 000-200 000 амралтын жуулчин ирж байна гэсэн үг. Цаашлаад 300 гаран жуулчны баазын статус, үйл ажиллагааны хийгээд санхүү менежментийн орчин хүнд байна. Жуулчны баазууд Монголын аялал жуулчлалын гол цөмийг хадгалж, хүнд ачааг үүрч, жуулчдын гол хүсэн хүлээж байсан үйлчилгээнүүдийг газар дээр нь бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд юм. Манай зарим баазууд зах зээлийн хууль, бүтээгдэхүүний амьдралын цикль ёсоор унаж үгүй болох ёстой ч өнөөдөр ихэнх нь нэгэн зэрэг хүнд байдалд орох болж байгаад асуудал болж байна. ТХГН-т аялал жуулчлалын статусаар газар аваад барилга барьж өөр зорилгоор ашиглах далд бизнес бодсон байдал ч Богд уул, Горхи Тэрэлжээр хай  сайгүй харагдана. Эцэст нь бизнес хийх гэж бусаддаа, Монголын уудам цэлгэр, хараа билчээж, гүнзгий амьсгаа авах сэтгэгдлийн төлөө ирж буй жуулчдад энэ бүхэн том “шавар”, байгальд үлдээх цементэн хог болон оршиж, аяллын үнэлгээ ба үнийг зөвхөн доош нь татах цаад нөхцөл болж хувирах дүр зургийг бид бэлэхнээ харж байна.             

Бүтээгдэхүүний эрсдэлт байдал

Тур оператор компани бол эцсийн дүндээ аяллын зорин очих газрыг хөтөлбөр болгож зардаг. Үүний тулд бусдаас үйлчилгээг нь түрээслэж, худалдаж, гэрээслэж эсвэл өөрөө үйлчилгээгээ салбарлан байгуулж бүтээгдэхүүнээ хүргэж бүтэн болон хагаслаж багцлах замаар хөтөлбөрөө зардаг. Иймээс аяллын зорин очих газрууд буюу хөдөө орон нутгийн байдал, үзүүлэх зүйлс бол тур компаниудын бүтээгдэхүүний үндсэн цөм нь юм. Тэгвэл аяллын зорин очих газрын хувьд байдал өнөөдөр ямар байна вэ? Монголын жуулчны баазуудын үйл ажиллагаа хэцүү байгааг өмнө дурдсан. Газар нутаг хийгээд орон зайн төлөвлөлт хийх нь энэ бизнесийн хамгийн амин чухал хэсэг байдаг.

Манай компаниудын зарж буй аялах газрууд өдөр ирэх тутам хашаалагдаж, хагас цемент, үхмэл тосгод, нийтийн өмчийн суурь тогтолцоо үгүй хувийн замбараагүй эзэмшил болж, үнэт байдал, унаган бөгөөд баялаг шинжүүд нь зэврэн бохирдож байна. Ялангуяа нийтийн эзэмшлийг ашиглах бодлого менежмент үгүй байгаа нь ийм хамтийн өөрчлөлийн нөөцүүдийг жуулчдад багцлан хүргэдэг бизнесийн үйл ажиллагааг үндсэнд нь боомилж байгаа хэрэг юм. Иймээс аяллын копаниудын хөтөлбөрүүд аль цэвэр хөндөгдөөгүй газрууд руу зугтсаар байх болно. Эхлээд төвийн бүсүүдээр, дараа нь говь хийгээд хойд нутгуудаар тэгээд зүүн аймгууд болон алс баруун хязгаараар аяллын хөтөлбөр эко баазууд алслан холдсоор эцэст нь Завхан, Говь-Алтай зэрэг баруун талын аймгуудаар аялал жуулчлал малчин, нүүдлийн соёл, унаган байгаль үлдэн оршиж байна.

Гэтэл нөгөө талд нь орчин үеийн зугаа цэнгэл, масс аялын коридорууд тусгайлан хөгжиж бодлого, концепци чиглэл бас л хийгдээгүй, бэлтгэгдэн төлөвлөгдөөгүй л байна. Тэгвэл цаашид хаана манай аяллууд явагдах вэ? Замбараагүй газар ашиглалт, байршлийн менежментгүйгээс харилцан үнэгүйдлийг үүсгэж эцэстээ зөвхөн хоорондоо өрсөлдөж үнээ буулгаад бидний хэн ч хожихгүй нөхцөлд байсаар л дуусах уу? Жуулчны бааз, аялал жуулчлалын зарж буй гол зүйл бол тухайн орчин нь, орон зай нь, түүн дээрх асар том мэдрэмж, мөн үйлчилгээ нь байдаг. Түүнээс бус бааз дээрх гэрүүд биш. Хэрвээ тэр орчин нь бохирдоод үнэ цэнэ нь алдагдахад хүрвэл хичнээн сайхан гэр байгаад ч яахав дээ. Ийм баазуудын үнэ 60 доллараас дээш гарахад хэцүү.

Хагас нүүдэлчин байдал, уусжилт хэдий нь хавтгайрч байна. Аялал жуулчлалын компаниудын гол зардаг газрууд болох ТХГН-ууд жилээс жилд энэ дайралтад автагдаж, санхүү, менежментийн “үхмэл” нөхцөлд гагцхүү төрийн төсвөөс хэт хамааралт механизмаар л явж байна. Манай улсын аялал жуулчлалын бүс бүсчлэл зөвхөн газарзүйн онцлог нөөцөөр нь хийгдсэн учир бодлогын алхмуудыг бизнесийн хөгжилт талаас нь хийх боломжгүй, зөвхөн шинжлэх ухааны хэллэгүүд л болж хувирчээ. Нийгэм-Эдийн засгийн хөгжлийн зончлол үгүйлэгдэж байна. Ялангуяа уул уурхай хурдацтай хөгжиж байгаа энэ үед л аль аймгийн аль хэсэгт ямар уул уурхай явагдах, хаана нь аялал жуулчлалыг хослуулах, зөрүүлэх зэргийг эртнээс төлөвлөх, түүнийг дагаж мөрдөж хамгаалах асуудал чухал юм. Хамгийн гол нь эдгээрийн санхүү-эдийн засгийн менежмент  тогтолцоог зөв хийх, тухайн аймаг сум орон нутгийн мэдлийн өмчлөлийг ашигласны бүх төлбөр, орлого нь сум орон нутагт шууд ордог тогтолцоо нэн хэрэгтэй байна. Аялал жуулчлал бол сайн засаглал, төр ба хувийн хэвшил, ТББ-уудын хамгийн идэвхитэй хамтын ажллагааг хамгийн ихээр шаарддаг салбар, ялангуяа орон нутгийн засаглалын чадамж, үүрэг ролийг онцгойлон нэхэж байж бодит үр дүнд хүрдэг. Нийлүүлэтийн сүлжээн дэх үйлчилгээнүүдийн хямрал үргэлжилж байна. Олон улсын өртгийн сүлжээний стандарт Монголд хэрэгтэй байна. Аяллын багцад амлагдсан үйлчилгээг хангах манай дотоод үйлчилгээний салбаруудын нийлүүлэлтийн хувь, харьцаа алдагджээ. Мэргэжлийн үүднээс аялал жуулчлалд оролцогчдийн нийлүүлэлтийн сүлжээний орлогын 50-иас багагүй хувь нь тухайн улс, орон нутагт үлдэж байх ёстой. Гэтэл өнөөдрийн хувьд манай олон улсын нислэг, гадаадын тур агент, тур компаний ашиг нь 50 хувиас дандаа илүү байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын тур компани өрмийг нь идээд, монголын тур компаниуд сүүг нь хугаслаад хусам нь орон нутагтаа үлдэж байна. Манай копаниудын үнэ тогтоох аргачлал нь эдийн засгийн үндэслэл муутай, хэт өндөр эрсдлийг өөртөө авч таамаглан, баримжаалсан төдий байна. Аялал жуулчлал бол бусад салбараас олон зүйлээрээ нилээд онцлогтой, түүний нэг нь 2-3 жилийн өмнө өөрийн үнийг харилцагч компаниуддаа гаргаж өгдөг. Иймээс зах зээл дээрх нийлүүлэлтийн сүлжээн дэх бусад салбаруудын тогтвортой байдал, үнэ, бүтээгдэхүүн болон макро эдийн засгийн бусад үзүүлэлтийн санхүүгийн байдал чухал нөлөөтэй. Бид 2012 оны зуны аяллыг одоо зарж байна. Мэргэжлийн бус багцаалах, тааварлах аргаар үнийг тогтоож дангаараа эрсдлээ үүрэх нь Монголын аялал жуулчлалын компаниуд бизнес хийж баялаг үйлдвэрлэх биш, аз сорьж субботник хийх байдалд хүргэдэг. Энэ бол дан ганц салбарынхны буруу биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Цааш нь аяллын идэвхитэй бус улирлын үед нийлүүлэлтийн сүлжээний бусад салбарууд нь ажиллахгүй, өөр бизнест хувирах, зах зээл, хэрэглэгчээ шилжүүлэх, хамтын ажиллагааны менежментийг хэвшүүлэх байдлууд үгүй, байгууллага эрх ашгийн үүднээс хувь хүнтэй нь таалагдах эс таалахаар ажилдаг зэрэг нийтлэг асуудлууд эдүгээ зах зээлийн эдийн засгийн нийгэмд энэ салбар дэлхийд өрсөлдөх бас нэгэн гацааг ужигруулсаар байна.


Монгол аялал жуулчлалын бодлого ба эдийн засгийн хэв шинж

Монгол Улс аялал жуулчлалаар хэдүй хэрийн мөнгө үйлдвэрлэж чадах вэ, ямар зах зээлд хэрхэн ажилах вэ, үүнийг мөнгөөр хэрхэн бий болгодог вэ, үүнийг мөнгөөр хэрхэн үнэлэх вэ хэмээх асуудлуудыг бид судалж байна. Хөрш орнуудын аялал жуулчлалын зах зээлийн нэвтрэлт нэлээд бодлоготой байгаа нь ажиглагддаг. Хойд хөршийн хувьд Монгол бол “материаллаг техникийн бааз” буюу нөөц газар агаад үүнийг ан, загас хийж ашигладаг байсан бол одоо ашигт малтмал, төмөр зам, эрчим хүч, махны нөөцийн бүс болгож аялал жуулчлалаар “ангуучлан” тэлж ажиллах бодлого байгаа нь харагддаг. Мэдээж хоёр хөрш бол том гүрнүүд учраас хил орчмын ба бүсэлбэр аяллуудыг харилцан дэмжүүстэй. Алтай, Тува ба баруун аймгууд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгууд дахь хилийн аяллууд бол өөр бодлого, сонирхол дор төлөвлөгдөх нь ойлгомжтой. Гэхдээ л хилийн аяллыг байтугай хилээр гуравдагч орны ганц жуулчин нэвтрэхэд Москва асуудлыг шийддэгийг бид мэднэ. Хятадууд монголын зах зээлд маш эрчимтэйгээр орж ирж байна. Манай аяллын зорих газрууд, суурь үйлчилгээнүүдийг өөрийн болгож авах нь их байна. Зөвхөн жуулчны бааз үйлчигээнүүдийг худалдаж авах бус цаадах үнэ цэнийг сонирхож байгаа нь тодорхой. Солонгосын жуулчдын талаар өмнө бид ярилцсан, ямартай ч Солонгос, Японы жуучлалын бодлогын ард манай стратеги ач холбогдол бүхий байршил, ялангуяа зүүний аймгуудын тал нутаг оршиж байгаа гэж харах үндсэлэл байна. Ер нь өмнө талд хятад иргэншил ба юанийн эдийн засгийг, хойноо орос гүрэн, рублийн зах зээлийг, баруун талдаа ислам ертөнц дундад Азийг, зүүн талдаа хойд урд Солонгос, Япончуудыг холбон зохицуулах эх газрын хүчийг атгаж байгаа бид хойшид эрчим хүч, газрын баялаг, хүнсний хангамжийн төлөөх улс төрийн эдийн засгийн өрсөлдөөнд өөрсдийн салбарын бодлого үйл ажиллагааг зугуухан гаргаж Монгол хүний эрх ашгийг түүндээ шигтгэж л байх ёстой. Бидэнд бүгдтэй нь найрамдалтайгаар зэрэгцэж, жуулчдын тоогоо эдгээр талуудад аль болох тэнцүү хадгалах явдал чухал бөгөөд Бруссель маягийн аялал жуулчлалын логистик сүлжээг үүсгэх боломж өндөр бий. Гэхдээ бид бүс нутгийн аялал жуулчлалын том потенциалыг одоогийнх шиг бүрэн ашиглахгүй, жинхэнэ жуулчид нэвтэрч орох алхмуудыг хийхгүй байгаа нь энэ салбарын анхаарууштай нэг асуудал юм. Интернэт болон цахим марктингийн борлуулалт манай салбарт ихэсч байна. Монголд нэг удаа ирээд буцсан дурын хүн тухайн аялсан газруудаа нутагтаа очоод зарж байгаа бөгөөд ялангуяа интернэт аяллын үнийн бодлого, маркетингийн сурталчигааны зураг, хэллэг, аяллын эзэмшлүүдийн талаарх копи райт-ын байдал замбараагүй байна. Мэдээж үүнд зохицуулалт хэрэгтэй. Түүнчлэн гол зах зээл дээр ажиллахад эрх зүйн хамгаалалтууд, зохицуулалтууд чухал. Ялангуяа европын хэрэглэгчийн эрх ашгийн талаарх хууль журам, даатгал, үнэ ба эрсдлийн сан, гэрээ хэлэлцээрийн талаар сургалт зөвлөлгөө манай бизнес эрхлэгчдэд хэрэгтэй байна.

Манай аялал жуулчлалын компаниудын маркетинг борлуулалтын зардал маш өндөр байдаг. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнгүүд болох ITB болон WTM-д манайхаас тогтмол оролцдог 10 гаруй компаниуд бий. Нэг компани дунджаар 10 орчим мянган доллар гаргадаг бөгөөд энэ нь бусад орны тур компаниудын зардлаас хэт өндөр байдаг. Бараг бүх компаниудын дийлэнх нь энэ үеэрээ Монгол орныг сурталчлан таниулах ажил хийдэг бөгөөд үр дүн нь өөрсдийн нь шууд бизнесийн гээхээсээ илүү эх орноо гадаадад мэдээлж соёл-түүх-бизнесийн өргөн хамтын ажиллагааг дэлхий нийт болон Монгол Улсынхаа хооронд холбох гүүр үүрийг хийж гүйцэтгэдэг юм. Гэхдээ эдгээр компаниудын маркетингийн энэ их зардлыг хөрөнгө оруулалт гэж үзэхгүй, ямар нэг тусгайлсан бодлого, ногоон гарцад хамааруулж хөнгөлж үздэггүй нь бусад улсын жишгээс хатуудсан байдаг.

Эдүгээ аялал жуулчлалын бизнесийн салбарт төлбөрийн нэн ойлгомжгүй байдал явагдаж байна. Ихэнх аялал жуулчлалын компаниуд ам.доллараар аяллаа зардаг нь ямар нэг эдийн засгийн тодорхой үндэслэл судалгаан дээр бус зүгээр уламжлал хэвшлээс болсон. Бид ирэх жилүүдийнхээ аяллын үнэ, хөтөлбөрийг одоо гаргаж өгөхдөө жилийн дараа, эсвэл 2 жилийн дараа бизнесийн үнэ ямар байх, инфляци хэдэн хувьтай болох, төгрөгийн ханшны хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг шууд л эрсдэлтэйгээр таамагладаг. Сүүлийн жилүүдэд төгрөгийн ханш эрс өөрчлөгдөж байна. Ялангуяа бэлэн мөнгөний амлалт хэрэгжил, инфляци зэргээс болж дотоод дахь бараа бүтээгдэхүүний үнэ төгрөгөөр эрс өсөх хандлагатай байна. Манай компаниуд ам.долларын үнээ төгрөгийн өсөлтийн хувьтай адил тэлж өсгөх боломжгүй ээ. Евро бүхий орны жуулчид Монголд ирэхээсээ өмнө өөрийн орны банкиндаа доллар болгож солиулдаг. Учир нь тэд Монголын жуулчны бааз, зочид буудлууд доллараар гүйлгээ хийдэг, евро хэрэггүй гэсэн мэдээлэлтэй байх юм. Өнөөдөр Грек, Ирланд, португали яваандаа Испани зэрэг орнууд, АНУ-ын Калифорнийн эдийн засаг хүндхэн байна. Ийм үед тэр тусмаа ам.доллараар гүйлгээ хийх нь оновчтой шийдэл биш. Үүнээс шалтгаалан Монголын хувийн хэвшил дангаараа эрсдэл хүлээж, алдагдалд ордог. Бусад улсын жишиг ёсоор гадаадын компаниуд нь хамтын эрсдлийн санг гаргаж өгдөг. Цаашид аль болох хосолмол хийгээд төгрөгөөр аялал зарах системийг дэмжүүштэй. Ялангуяа жуулчны баазуудын хувьд энэ нь зайлшгүй анхаарах зүйл. Ер нь манай салбарын санхүүгийн зах зээлд Япон, Өмнөд Солонгос, ялангуяа Хятадын мөнгө эргэлдэж байх нь чухал. Манай улсын дотоодын тур компаниудын жилийн ашгийн дээд тал нь 800 мянган ам.долларт эргэлдэж байгаа нь байж болох хэмжээнээсээ их доогуур байна. Иймээс ихэнх аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалыг хобби юм уу дагалдагч үзүүлэн болгож бусад салбартаа хүч өгч ажиллаж байгааг хоёр талаар ойлгууштай санагддаг. Аялал жуулчлал бол дэлхий дээрх хамгийн цэвэрхэн бас том бизнесийн салбар. Энэ салбарын үр хөврөл, нөлөөллөөр дамжуулж дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогвортойгоор хөгжүүлэх язгуур бодлогыг хэрэгжүүлж аялал жуулчллалыг стратегийн ач холбогдолтой, хамгийн үр ашигтай зэмсэг гэж үзэж байна. Аялал жуулчлал нь жендерийн хамгийн тэгш байдлыг, үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг, цэвэр бүтээгдэхүүнийг хамгийн их дэмжигч, үр ашиг нь тодорхой нэгэн хэсэгт бус олон зуун салбар, иргэдэд шууд хуваарилагддаг шууд онцлогтой салбар. Иймээс аялал жуулчлал бол манай улсын хувьд нэн чухал стратегийн онцгой ач холбогдолтой салбар гэж бодитойгоор дүгнэж далайцтай ажлуудыг хийх хэрэгтэй. Манай салбарын хүрээнд дараахь саналуудыг эн тэргүүнд дэвшүүлж байна. Үүнд:

1.    Монгол Улсын нийт газар нутаг, хүн амын байршил, эрүүл мэнд, МАА, боловсрол соёлын тархац зэрэг чиглэлүүдийг анхаарч хөгжлийн тулгуур салбаруудаа тооцсон нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудын шинэчилсэн бүсэлбэрүүдийг тогтоож, тухайлсан нөөцийн төлөвлөлт коридоруудыг тогтоох

2.    Хамтын өмчлөлийн нөөцийг (public property) ашиглах менежмент болон оролцоог тодорхойлох, ялангуяа уул уурхай, аялал жуулчлал, бэлчээрийн МАА хийгээд ТХГН-ын үнэ цэнэт хэв шинж хийгээд эдийн засгийн мөн чанарыг хослуулсан бие биесээ тэтгэх байрлал зүй, менежмент, марктингийн бодлогыг салбар бүрээр нарийвчлан гаргаж хооронд нь уялдуулж үндэсний хөгжлийн цэгцтэй зураглалыг (mapping) хийх

3.    Орон нутгийн санхүүгийн болон эрх зүйн чадамжийг бодитойгоор нэмэгдүүлэх алхамуудыг гүйцэтгэх, ашигт малтмал, байгалийн нөөцийн, ангийн, газар ашигласны гээд олон хууль тогтоомжуудад төлбөр тооцоог шууд орон нутагт нь оруулж байх, мөн төлбөрүүдийг шатлалтайгаар нэмэгдүүлэх

4.    Аялал жуулчлалын стратеги ая холбогдолтой газруудыг тодорхойлж байгаль-соёлын үнэ цэнийг хадгалахын хамт мөнгө үйлдвэрлэгч ногоон бизнесийн моделуудыг тодорхойлж, аялал жуулчлалын лиценз бүхий эзэмшлийн газруудыг РРР-н зарчмаар хэрэгжүүлэх

5.    Аяллал жуулчлалын дэд бүтцийн зураглалыг масс аялал ба хот суурингийн хөгжлийн, эко өндөр зэрэглэлийн аяллын буюу унаган нөөцийн гэсэн хэсгүүдэд өөр өөр зам, тээвэр, бүтээн босголтын зэрэглэлээр ялгаатай гаргаж тус тусын оцлог хэв шинжүүдийг хадгалан хөгжүүлэх

6.    Аялал жуулчлалын эрх зүйн зоцуулалтыг нөөц, даац, эдийн засгийн үнэлгээ, бизнес, зах зээлийн эдийн засгуудын хэв шижүүдийг илтгэсэн бүсэлбэр коридоруудаар гаргаж, интернет хэрэглээ, бүс нутаг, хөрш болон холын зах зээлүүд дээрх хэрэглэгчийн онцлогыг үндэсний нийгэм-эдийн засгийн эрх ашигт нийцэхүйц зохицуулалтуудыг гаргах

7.    Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг сумын татварын албанд бүртгэлтэй болгож, орон нутагт бизнес эрхлэх хөрөнгө оруулалт банк санхүүгийн механизмуудыг нутаг бүрийн онцлог, тулгуур салбар, нөөцтэй нь уялдуулж бий болгох

8.    Улирлын онцлог, зах зээлээс хамаарч орон нутгийн бизнесийн хамелон зарварыг ЖДҮ-ийн хөгжлийн хүрээнд тодорхойлох, орон нутгийн бизнесийн зөвлөхүүд, бичил тинк танкуудыг байгууллагуудыг үүсгэх, чадавхижуулах

9.      Монголын тур оператеруудын үндэсний ассоциаци байгуулах замаар аялал жуулчлалын зах зээлийг хамгаалах, үнэлгээжүүлэх болон салбарын хувийн хэвшлийн бодлогыг цохилттой илтгэх механизмыг дэмжих

10. Ногоон, тогтвортой аялал жуулчлалын код, стандатуудыг шинэчлэн энэ чиглэлийн бизнесийг дэмжих хөнгөлөлттэй  зээлийн санг бусад салбаруудын хүрээнд хамтатган оруулах

11. Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын байгууллагыг бодлогоор дэмжин, бизнесийн зөвлөгөө ба орон нутгийн хөрөнгө оруулалтыг хослуулсан бизнесүүдийг үүсгэх

12. Аялал жуулчлалын тур компаниудын үзэсгэлэнгийн зардлыг нягтлан, хөрөнгө оруулалт болон тогвортой хөгжлийн бодлогын хүрээнд татварын хөнгөлөлт уян хатан механизмуудаар уян хатан болгох

13. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд дахь мөнгөний бодлого, гүйлгээний хэлбэрийг тодорхой болгон мөрдүүлж, газрын тосны үнэ, инфляциас хамаарах үнийн өөрчлөлтийг баталгаажуулах эрсдлийн санг даатгалын хийгээд гадаадын компаниудтай хамтран хийх

14. Жил бүр манай салбар тодорхой зорилттой болж, байгаль орчин, нийгэм, олон нийтэд тустай үйл ажиллагааны жил болгон тодорхой уриа, лого үүсгэн бодлого, чиглэлээ байнга илэрхийлж байх

15. Салбарын үйл ажиллагаа, үр дүн, орлого, ашгийг тооцоолох журам зааварчилгааг боловсруулж бүх шатны засаг дарга удирдлагуудад гарын авлага бэлтгэх зэрэг болно.