Жуулчны мэдээллийн төв гэж ямар байгууллага вэ?

Гадаад дотоодын аялагчдын тоо нэмэгдэх тусам тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан жуулчны бааз, гэст хаус, гэр буудал, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэт үйлчилгээний байгууллагууд олширч байна. Хил дамнасан “үүргэвчтэй явган аялагч” нар сүүлийн жилүүдэд эрс өсч, тэдгээрийг дагасан хямд, хувийн үйлчилгээнүүд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүсэд эрс нэмэгджээ. Тийм учраас тэдгээр жуулчин ба үйлчилгээг холбох зорилготой, Монгол орны талаар өргөн мэдээлэл өгөх “Жуулчны мэдээллийн төв” зайлшгүй шаардагдах болсон билээ. Улаанбаатар хотын хэмжээнд  “Сүхбаатарын талбай”, “Чингис хаан нисэх онгоцны буудал”, Төмөр замын “Улаанбаатар” өртөөнд улсын чанартай “Жуулчны  мэдээллийн төв” тогтмол ажиллаж байна.


Монголд үүргэвчтэй аялагч нар нэмэгдээд байгаа гол шалтгаан бол Монголын тухай хөтөч номнуудыг монголчууд бид өөрсдөө биш, гадны хэн нэгэн аялагч бичиж хэвлүүлж байна. Тэрхүү номонд орон нутгийн хот хоорондын автобусаар, микро автобусаар хямдхан явж очих тухай, хөдөөний ямар ч айлд орсон үнэгүй хоол идээд яваад байх боломжтой талаар бичсэн байдаг. Манай монголчууд найрсаг ард түмэн болохоор гадна дотны ямар ч хүнийг найр тавин угтана. Энэ сайхан чанарыг маань тэдгээр үүргэвчтэй аялагч нар чадамгай ашиглаж байдаг. Үүргэвчтэй аялагч нар дандаа үнэгүй хоол идээд, үнэгүй үйлчлүүлээд явж болдог гэсэн ойлголттой байгаад байвал хөдөөний малчин айлуудад бага сага ч гэсэн орлого байхгүй болно.


Жуулчны мэдээллийн төв гэдэг нь ихэвчлэн үүргэвчтэй аялагч нарт туслах зорилготой ажилладаг. Харин орон нутгийн иргэдэд ямар ашигтай вэ.  Иргэдийн амьжиргааны өртөгт нэмэр болох орлогыг шууд өгч байдгаараа ач холбогдолтой. Малчин айлд хоноглох, хооллох, өдөр тутмын ажилд оролцож туслалцах, морь ба тэмээ унах хүсэлтэй жуулчид мэдээллийн төвд ирээд шууд “айл зааж өгөөч” хэмээн хүсдэг. Тэр тохиолдолд бүс нутгуудад буй малчин айлтай холбоо барьж тэдний хэлсэн үнэ өртгийг тухайн жуулчинд дамжуулан холбож өгдөг. Энэ утгаараа тухайн малчин айлд жуулчны орлогыг шууд оруулж байна гэсэн үг юм. Хямд аялахыг хүссэн жуулчид tour operator компаниар дамжихгүйгээр шууд өөрсдөө хүрч ирсэн байдаг учраас янз бүрийн аялал жуулчлалын компаний үйлчилгээг санал болгосон ч хүлээж авдаггүй.


Хотын замд түгжрээд явж байдаг такси үйлчилгээний жолооч нарт шууд бэлэн орлого өгдөг. Үүргэвчтэй аялагч нар бүтэн өдрийн турш машин хэрэглэхийг хүсвэл аяллын компаний тарифаар машин хөлсөлж авснаас такси үйлчилгээнд явдаг машины жолоочтой шууд тохиролцон арай хямдаар хөлсөлж авсан нь дээр гэж үздэг. Жуулчны мэдээллийн төвд орж ирсэн жуулчид өөрсдөө шатахуунаа төлөөд жолоочтойгоо тохиролцон хотын ойролцоох засмал замтай газруудаар аялахыг хүсдэг. Мэдээллийн төв нь дотор ба гадна байдал цэвэрхэн, бага зэрэг англиар ярьдаг жолоочтой, бага оврын машинуудыг бүртгэн авч жуулчдад шууд холбон зуучилдаг учраас тухайн жолоочид шууд бэлэн орлого бий болж байна гэсэн үг юм. Харин жуулчдад бол тэдний цагийг хэмнэсэн, зарим эрсдэлээс тодорхой хэмжээгээр сэргийлэх, тэдэнд тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдгаараа ач холбогдолтой юм.


Үүргэвчтэй аялагч нар мэдээллийн төв болон аяллын компани, байгууллагад хандалгүйгээр өөрсдийн бодсоноор аялах юм бол зарим тохиолдолд эрсдэл үүсэх магадлал бий. Жишээ нь, тааралдсан таксиндаа сууж мөнгөө алдах, хэд дахин илүү төлөх, үүрч явсан үүргэвчээ машины арын ачаа хадгалах хэсэгт хийлгээд буухдаа мартах, жолооч нь хэл мэдэхгүйгээгээрээ далимдуулан зориуд андуурч сонссон, буруу ойлгосон хүн болж өөр газар луу авч давхиад “ийшээ ирнэ гэсэн биз дээ” хэмээн зүтгэж үйлчилгээний өндөр хөлс нэхэх, бүүр дээрэмдсэн тохиолдол ч гарсан. Мэдээллийн төвд ялангуяа машин унааны асуудал дээр иймэрхүү зүйлд өртсөн олон жуулчин орж ирдэг. Нэг жуулчин тролейбусанд суугаад монгол зорчигчид болон тролейбусны доторхи байдлын фото зургийг авсныхаа төлөө архи уусан зорчигч залууд цохиулсан байсан. Үүргэвчнээсээ юмаа алдах, согтуу зорчигчийн шууд халдлагад өртсөн тохиолдол ч олон байдаг. Хөвсгөлд ганцаараа аялж явсан жуулчин орой үдэш ганцаараа явж байгаад нутгийн “индиан”-уудтай тааралдаж архиар шахуулан ууж согтоод дээрэмдүүлсэн хэрэг ч гарсан. Өмнөговийн хүнсний зах дээр мах зарж байгаа орон нутгийн иргэдийн фото зургийг авсныхаа төлөө яс шидүүлж нүүрэндээ булдруутай болсон жуулчин ч байсан. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Монгол орныг элдэв дээрэм тонуул, террорист халдлага байхгүй харьцангуй амгалан тайван орон хэмээн үзсэн ч далд хэлбэрээр иймэрхүү жижиг сажиг залилан мэхлэлт, хулгай дээрэм байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.


Хэрвээ мэдээллийн төвд ирж үйлчлүүлээд өөрийн хүссэн зүйлийн талаар тодорхой сайн мэдээлэл аваад гарах юм бол төөрч будилж цаг алдахгүй, чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтой. Найдвартай малчин айл, машин унаа, орчуулагч зуучлуулах юм бол дараа нь ямар нэгэн асуудал үүслээ гэхэд буух эзэн, буцах хаягтай, асуудлыг шийдвэрлэхэд хялбар болно. Хөдөө орон нутагт очоод тааралдсан малчин айлынхаа морь, тэмээг унаж болно гэж ойлгох нь буруу юм.  Жишээ нь, говийн морьд ааш муутай, үргэмтгэй байдаг бол хангай газрын мал өвс тэжээл харьцангуй элбэг тул ааш нь арай зөөлөн байх жишээтэй. Хаана морь унах вэ, яавал аюулгүй, гэмтэл бэртэлгүй аялах, өөрийгөө хамгаалан анхаарал болгоомжтой явах талаар жуулчны мэдээллийн төвөөс мэдэж авах хэрэгтэй юм.


Мэдээллийн төв бусад оронд ямар байдаг вэ? Аливаа орны жуулчны мэдээллийн төвийг голдуу улсаас санхүүжүүлж хувийн хэвшлийн болон жирийн ард иргэдийнхээ амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, олон жуулчинг өөрийн эх орондоо татах зорилготой байдаг. Бичигч миний явж үзсэн Япон, Португали, Хятад орны мэдээллийн төв нь байрлаж буй байрныхаа бүх л хана, тавиур, ширээ, цонхны тавцан, таазаа хүртэл мэдээллээр дүүргэж ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл, маш эрээн мяраан байдаг. Тэнд орлогын гол эх үүсвэр нь ерөөсөө бэлэг дурсгалын барааны борлуулалт байх бөгөөд орж ирсэн жуулчдад 100% үнэгүй мэдээлэл өгч, үйлчилгээний бусад байгууллагад зөвхөн зуучлах үйл ажиллагаа явуулдаг.

  • Мэдээллийн төрөлжүүлэлт маш сайн байхаас гадна ямар ч жуулчин орж ирээд өөрийн хайсан мэдээллийг заавал тухайн төвийн ажилтнаас асуухгүйгээр авах боломжтой байдаг.
  • Интернэтийн мэдээллийн санг чадамгай ашиглаж, олон жуулчин давхардсан үед ажилтнуудыг орлон хариулт өгч чадах сайтуудыг санал болгодог. Жуулчин өөрөө уншаад шууд ойлгохоор мэдээллээр хангасан байдаг.
  • Тухайн орны хотууд, том том гудамжинд байрлах бүхий л газруудыг тусгасан газрын зураг, амрах цэг, 00-ийн цэг зэргийг нарийн тодорхой заасан газрын зураг, гарын авлагуудыг үнэгүй тараадаг.
  • Зарим шаардлагатай газрын зургийг (road map, tourist map) хананд байрлуулан гэрэлтүүлэг хийж, жуулчинд хайсан газар нь хаана байгааг ойлгомжтойгоор зааж өгдөг.
  • Аяллын жолооч, хөтөч, орчуулагч, аяллын маршрут зэргийг танилцуулсан плакат сурталчилгааг байрлуулсан байх ба шууд холбоо барих утас, хаяг бичээстэй байдаг. Тэдгээр сурталчилгааны материалууд бүгд үнэгүй тараагддаг. 
  • Тухайн мэдээллийн төвөөс зуучилж ямар нэгэн үйлчилгээний байгууллагад жуулчинг явуулж үйлчлүүлсэн тохиолдолд зуучилсны урамшуулал болгож бага зэргийн төлбөрийг тухайн үйлчилгээний байгууллагаас авдаг.
  • Тухайн мэдээллийн төвөөр дотоодын орон нутгийн аялагч нар ч их үйлчлүүлдэг. Манайхаар бол Баян-Өлгийн хүн Өмнөговиор аялах юм уу, Дорнодын нутгаар аялах гэж байгаатай адил гэсэн үг юм. Тухайлбал, Миний хувьд Токиогийн Шинжюкү хэмээх алдартай гудамжинд байрлах “жуулчны мэдээллийн төв”-д очиж үйлчлүүлсэн. Би Токугава-гийн түүхтэй холбоотой газруудыг үзэхийг хүссэн. Аялахыг хүссэн хүмүүсийг нэг групп болгоод маргааш өглөө нь аялалд гаргахаар зохион байгуулсан бөгөөд бидэнд Токиогийн Хатобасү хэмээх аяллын компани үйлчилсэн. Аялагчдын дунд би ганцаараа гадаад хүн байж, бусад нь хөдөө тосгоноос ирсэн дотоодын аялагч нар байсан билээ. Аяллын явцад бидний фото зургийг аваад, аялал дуусахад дурсгал болгон өгч байсан. Мөн бидний аяллын явцад үзэх газруудыг тодотгосон газрын зургийг тарааж өгсөн. Хөтөч тайлбарлагчийн аяллын үеийн тайлбар маш сонирхолтой, хөгжилтэй, тухайн газартай холбоотой домог түүхийн мэдлэг нь өөрийн эрхгүй атаархал төрүүлж байсан. Адилхан аялал жуулчлалын салбарын хүний хувьд тэндээс суралцах зүйл их байгааг олж харсан, санаа сэдэл өгсөн аялал болж өндөрлөсөн юм. Тухайн аялсан газруудын имижийг харуулсан ил захидал, бэлэг дурсгалын зүйлсийг хамгийн түрүүнд онцолж хэлмээр байна. Манай Монгол орны аяллын бүс, орон нутаг дахь жуулчдыг татдаг газрууд дээр тухайн газрын имижийг харуулсан ил захидал, түлхүүрийн оосор гэх мэтийн жижиг souvenir ерөөсөө байдаггүй билээ. Жишээ нь Төвхөн хийдэд ирлээ гэхэд Төвхөн хийдийн зурагтай ил захидал, Тайхар чулуун дээр очлоо гэхэд Тайхарын зурагтай ямар нэгэн зүйлс, жижиг souvenir гэх мэтийг худалдаалах хэрэгтэй юм. Энэ удаагийн аяллаар орон нутаг дахь онцлог шинжийг хадгалсан бэлэг дурсгалын зүйлс хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан.

 

Орон нутагт мэдээллийн төв ямар байвал болох вэ? Тухайн аймаг орон нутгийн онцлогийг харуулсан мэдээлэл бүхий төв ажиллуулах нь юу юунаас илүү чухал. Тухайн бүс нутаг, орон нутгийн айлуудыг судалж, зарим нэг амьжиргааны өртөг доогуур, хэцүү амьдралтай айлд шууд туслах зорилгоор жуулчны орлогыг хандуулж ажиллах нь чухал болов уу. Үнэгүй үйлчилгээнд юуг хамруулах, ямар ямар үйлчилгээний үнийг буулгахгүйгээр бусад аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагатай адил хэмжээнд барих вэ гэдгийг тооцож ажиллах нь бас чухал юм. Хөвсгөл аймгийг жишээ болгон “Жуулчны мэдээллийн төв” байгууллаа гэхэд дараах нөхцөл байдлыг хангаж ажиллавал зүгээр болов уу.

 
Мэдээлэл судалгааны чиглэл:

  • Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуурын бүсийн тухай, хүн бүхний мэддэг Байгаль нуураас ялгагдах онцлог, холбогдох зүйлүүдийн талаархи мэдээлэл.
  • Тухайн орон нутагт мөрдөгдөх хууль тогтоомж, заавар, хураамж төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл.
  • Хөвсгөл нуураас тал бүр тийшээ хийж болох аяллын маршрут.
  • Эргэн тойронд байх хөшөө дурсгал, булш бунхан, чулуун дурсгалуудын байршил.
  • Цаатан айлд хэдий үед хаана зочилж болох. Тэдний аж амьдралын онцлог.
  • Мөрөн болон Хатгалд бөө хүнтэй уулзаж чадах эсэх, анхаарах зүйлийн тухай.
  • Хөвсгөл нуураар аялах завь, усан онгоцны тухай, зорчих тарифын тухай.
  • Хөвсгөлийн бүсэд зохион байгуулагддаг event-ийн тухай мэдээлэл.
  • Хөвсгөлийн бүс ойд төөрөх тохиолдолд авч болох арга хэмжээ.
  • Жуулчин хулгай дээрэмд өртсөн тохиолдолд хандаж болох газар. 
  • Эрүүл мэндийн газар, Мөрөн хотын бүхий л үйлчилгээний байгууллага, музей, рестораны ажлын цагийн хуваарь, ямар ямар онцлогтой газрууд хаана, ямар байршил дээр байдаг зэргийн дэлгэрэнгүй мэдээлэл
  • Морь тэмээ унуулах, хоноглох боломжтой айл, орон нутгийн хөтөч хийх боломжтой хүмүүсийн судалгааг цуглуулах.
  • Тээврийн хэрэгслийн түрээс, тухайн машин тэрэгний тухай дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах.
  • Ердийн хөсөг буюу сарлаг тэргээр нүүдэл хийх, цаа унах, морин аялал зэргийг зохион байгуулах  боломжтой малчин айлуудын судалгаа.
  • Тухайн бүс нутаг хийж болох аяллын хөтөлбөр, тухайлбал, Мөрөн хоттой танилцах хагас өдрийн аяллын хөтөлбөр, бөө болон цаатантай уулзуулах хөтөлбөр, 1-2 хоногийн морин аялал гэх мэтийг зохиож жуулчдад санал болговол орон нутагт аялал жуулчлалыг зохион байгуулалттай, илүү ашиг орлоготой хөгжүүлэхэд тустай юм.

 

Тохижилтын чиглэл:

  • Интернэт, факс, телефон утас зэргийг ашиглах боломжтойгоор байршуулах.
  • Орон нутгийн газрын зургийг томоор байрлуулан ажилтан нь тайлбарлах чадвартай байх. 
  • Жуулчин тухалж суугаад аливаа сонголт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх. 
  • Жуулчинд зориулсан орон нутгийн сонин, газрын зураг, хөтөч ном зэргийг бэлдэх.
  • Ажилтан нь зуны улиралд 20:00 цаг хүртэл ажиллах боломжтой байх.
  • Ажилтан нь англи хэлний боломжийн мэдлэгтэй, форм хувцастай, энгэрийн тэмдэгтэй байх.
  • Ажилтантай яаралтай үед холбоо барих утас, хаяг бүхий нэрийн хуудастай байх.
  • Бэлэг дурсгалын тасаг ажиллуулах,  аль болох цаа, цаатан, бөө хүний аж амьдрал, зан заншлыг харуулсан ил захидал, түлхүүрийн оосор гэх мэт бэлэг дурсгал, Хөвсгөлийн бүс, Хөвсгөл нуурын имижийг харуулсан ил захидал марк, хуанли, тор уут сав  ер нь хийж болох бүхий л зүйлсийг байлгавал жинхэнэ орон нутгийн онцлог харагдах болов уу .

 

Мэдээллийн төвд ямар жуулчид илүү ханддаг вэ?

  • Эрсдэлээс айхыг мэдэхгүй, нэлээн зоригтой байдаг.
  • Мөнгөө хэмнэж хямд аялах зорилготой нь илт харагддаг.
  • Аливаа адал явдалд дуртай, сонссон дуулсан бүхнээ нэг дор бүгдийг нь үзэхийг хүсдэг.
  • Группээр олуулаа аялах дургүй жуулчид байдаг.
  • Гэвч тэдний хувьд их ааш муутай байдаг.
  • Аяллын үнэ өртөгийг нэлээн задалж нарийн тодорхой сонсохыг хүсдэг.
  • Өчүүхэн төдий алдаа гаргахад бөөн асуудал үүсгэж, аяллын төлбөрөө буцааж авахыг хүсэгчид байдаг.
  • Ихэвчлэн 30-45 насныхан бөгөөд Хятад, Оросоор дамжин ирсэн байдаг.
  • Маш хямдаар машин тэрэг, хөтөч орчуулагч хөлслөхийг хүсэгчид байдаг.


Guide төвийн дэргэдэх Жуулчны мэдээллийн төвд жуулчид янз бүрийн зүйл хүсэж ирсэн судалгаа гарчээ. Тухайлбал,

  • Ямар ч үнэ төлбөргүйгээр дадлага хийх зорилготой хөтөч олж өгөхийг хүсдэг.
  • Хэлний чадвартай сайн орчуулагч олж өгөхийг хүссэн байсан. Учир нь Монголын алдартай хүмүүстэй уулзалт хийх учраас тэдэнтэй нүүр тулж уулзах нь нэр төрийн хэрэг учраас үнэгүй орчуулагч хэрэгтэй байна  
  • Монголын газар тариалан, жимсгэний аж ахуйд очиж үзмээр байна. Хөдөө аж ахуйн мэдлэгтэй хөтөч орчуулагч хэрэгтэй байна.
  • Алдартай чадалтай зурхайч, бариач илээч, бөө нартай уулзуулж өгөөч хэмээн хүссэн,
  • УБ хотын үнэгүй газрын зураг, хотын нийтийн тээврийн автобусны зогсох цэгийг заасан газрын зураг, эсвэл хот хоорондын автобусны чиглэл маршрут зогсох цэгийг заасан газрын зураг,
  • Зөвхөн Хөвсгөл, Баян-Өлгийн газрын зураг авахыг хүсдэг байна.
  • Мөн моторт завиар аялж болох УБ-ын ойролцоо газар хаана байна,
  • Жуулчид маш бага очдог, эсвэл бараг очдоггүй газар хаана байна,
  • Урд хилийн жижиг боомтуудаар гарахын тулд хаагуур яаж явах тухай,  
  • Галт тэрэгний зогсоол, өртөөг заасан, зогсох цагийг заасан мэдээлэл бүхий газрын зураг
  • Аяллын визээ ажлын визээр солих гэсэн юм, ямар байгууллагад ямар бичиг баримт бүрдүүлж очих вэ.
  • Янз бүрийн болор, утаат болор зэргийг алмааз шиг засаад гоёл чимэглэлийн зүйл хийж зардаг дэлгүүр хаана байдаг вэ.
  • Морин хуур, хөөмий зааж өгөх багш олж өгөөч, гэхдээ хямдхан.
  • Туул голын мөсөн дээгүүр нохойн чарга, эсвэл морин чаргатай аялмаар байна.

Бэртсэн гэмтсэн, хулгайд юмаа алдсан, огт ямар ч мөнгөгүй болчихсон жуулчид хүртэл орж ирж аврал эрдэг. Guide мэдээллийн төвийн мэдээллийн сайтанд өдөрт 570 – 930 интернэт хэрэглэгч хандаж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм. Цаашид мэдээллийн категоруудыг улам баяжуулж, фото зургуудыг шинэчлэх, хамтын ажиллагааны байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготой байна.

Тус мэдээллийн төвд янз бүрийн аяллын төрөл сонирхож орж ирдэг жуулчид байдаг учраас ялангуяа тусгай аяллууд (усан завь, моторт завь, хотоос холгүй загасчлах аялал зохион байгуулах, дельтапланаар буух, агаарын бөмбөлөгөөр хөөрөх зэрэг) зохион байгуулдаг компаниуд байвал манайд хандаж мэдээллээ үлдээвэл хамтран ажиллахад баяртай байх болно.

Жуулчны улиралд жуулчдын үйлчилгээнд явах боломжтой, гадаад хэлний бага зэрэг мэдлэгтэй, хөдөө орон нутгийн замд аялж байсан туршлагатай, машин тэрэг нь гадаад дотоод үзэмж сайн цэвэрхэн жолооч хүмүүс, жуулчны хоол хийх туршлагатай, зундаа олон хоногоор хөдөө хээр ажиллах боломжтой тогооч нарыг, мөн загасны аяллын хөтөч хийх туршлагатай хувь хүмүүсийг, жуулчинд морь унуулж үйлчлэх туршлагатай, зарим нэг хамгаалалтын хэрэгсэлтэй малчин хүмүүсийг манай төвд мэдээллээ ирүүлж хамтран ажиллахыг урьж байна. Зуны амралтаараа жуулчны баазад рестораны зөөгч, баазын бусад ажлын байранд ажиллах хүсэлтэй оюутан залуусыг сургаж ажлын байраар хангах учраас манай төвд хандаарай гэж хэлэх байна.  

Аялал жуулчлалын төрийн бус байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын сургалт судалгааг зохион байгуулах, цаашид үүргэвчтэй аялагч нарыг зохион байгуулалттай, аюулгүй нөхцөл байдлаар хангагдсан, чанартай үйлчилгээ бүхий tour operator компанид хандаж үйлчлүүлдэг болгох  талаар анхаарч салбарын холбогдох байгууллагуудтай санал бодлоо нэгтгэн ажиллахыг зорьж байна.

Guide  төвийн захирал Ч.Буянбадрах