Муухай байгаль гэж хаана ч байхгүй, харин буртаглагч муу хүмүүс гэж бий.

Guide төвийн захирал Ч.Буянбадрах    (Зууны мэдээ сонинд нийтлүүлсэн материал)     

УБ хотод хамгийн ойрхон дотоод гадаадын жуулчдыг татдаг бүс бол Горхи-Тэрэлж болон Хустайн нурууны байгалийн цогцолборт газар юм. Гэвч энэ хоёр бүс юугаараа ялгаатай вэ. Бие биенээсээ ялгарах ямар давуу талуудтай вэ. Горхи-Тэрэлж нь дотоод гадаадын жуулчдыг хүлээн авч үйлчилсээр эдүгээ 40 гаруй жил болж байна. Харин Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 1992 оноос тахь нутагшуулснаар жуулчдын зорьдог газрын нэг болсон бөгөөд аялал жуулчлалын менежментийг сайн хэрэгжүүлж байгаа газар гэж хэлэхэд болно.

Аялал жуулчлалын зорих газар гэдэг нь хүрч очиход бэрхшээлгүй (газар нутгийн бартаагүй), сэтгэл татах үзмэртэй, үйлчилгээний байгууламжтай, мэргэжлийн боловсон хүчинтэй, нийтэд танигдах өөрийн гэсэн имижтэй, аялал жуулчлалын ачааллыг даах хүчин чадал нөөцтэй байх ёстой байдаг. Тэгвэл энэ хоёр бүсэд эдгээр бүх нөхцөл бий боловч эмх цэгц, зохион байгуулалтаараа эрс ялгаатай байгаа юм.

Горхи-Тэрэлжийн бүс хадан цохиотой, хойд хэсгээрээ Сибирийн үргэлжлэл болсон тайгын шинжийг хадгалсан ой модтой, хамрах талбайгаараа өргөн уудам, Хан Хэнтийн нурууны баруун урд салбар уулсын хэсэг болж байгалийн үзэсгэлэнт байдлаараа хэн бүхнийг татан оршдог бол Хустайн нуруу нь араараа модгүй, алсаас харахад сүр бараа муутай, талбайгаараа бага газар хамрах хэдий ч бүсийн гүн рүү орох тусам байгалийн үзэсгэлэн нь тодордог онцлогтой газар билээ.

1990 оноос Монгол орон зах зээл рүү шилжихэд хамгийн түрүүнд Тэрэлжийн бүсийн иргэд өвөрмөц байдлаар шилжиж эхэлсэн гэж бодохоор туршлагаараа, олж байгаа орлогоороо аялал жуулчлалын бусад бүсээс илүү амжилтанд хүрсэн байхаар. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд хамгийн хоцрогдсон бүс нутаг болсон гэж хэлэхэд буруутахгүй. Тэнд Монгол орны өнцөг булан бүрээс тухайлбал, Архангай, Увс, Ховд, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь гэх мэт олон аймгаас янз бүрийн хүмүүс шилжин ирж суурьшжээ. Горхи-Тэрэлжид сайн муу янз бүрийн юм байгаа боловч муу нь илүү давамгайлсан байдаг. Замбараагүй татсан цахилгааны шонгууд, өндөр нам, үзүүртэй үзүүргүй хашаанууд, хятад хороолол шиг шамбааралдсан шавар тагзнууд, буруу зөвгүй морддог тэмээнүүд, зочинтойгоо мэндэлж чадахаа байсан малчин айлууд, аянчин гийчдээс залхаж ядарсан бүргэд, илжиг, хашин морьд гээд үзмэр ихтэй. Эдгээр үзмэр нь гадаадын жуулчдын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэдэг.

Одоогоос 10 жилийн өмнө жуулчдад морь унуулж мөнгө олдог байсан “Дорж” хэмээх айлынх өнөөг хүртэл морио унуулсаар л байна. Гэвч тэдний амьдрал дээшилсэн зүйл огт алга, зөвхөн хүүхдүүд нь л өсөж томорсон харагдана. Энэ бол хөгжил дэвшил биш юм. Амьдралаа дээшлүүлэхээр энэ бүсэд хаа холоос зорьж ирсэн байх. Гэвч зорьсноо биелүүлж чадахгүй байгаагийн учир шалтгаан юу вэ.

Горхи-Тэрэлж рүү аялах гадаад хүний энэ бүсэд нэвтрэх үнэ 3000 төгрөг байдаг бол Хустайн нурууных 7000 төгрөг байдаг. Хустайд нэвтрэх үнэ хэдий илүү ч гэлээ үнэндээ зохицсон үйлчилгээг үзүүлж чаддагтаа байгаа юм. Орон нутгийн хөтөч газарчилж өгнө, гэр музейгээ тайлбарлаж өгнө, нурж унасан байсан “Өнгөтийн бэл” хэмээх Түрэгийн үед хамаарах чулуун дурсгалыг босгож янзлаад бас нэг зорьж үзэх газар болгож чадсан, энэ бүсийн ямар ч айлд зочилж хоол унд, морь гаргуулж үйлчлүүлэхэд зөрүүтэй үнийн санал хэлэхгүй,  яг л тогтсон үнийн жишиг барьдаг, хаана ч очсон хог бүү хаяхыг сануулсан, замаас гарахгүй аялахыг сануулсан самбар пайз хадсан байдаг.

Харин Тэрэлжид аялахад байдал эсрэгээрээ байна. Харьцангуй том бүс учраас хүн ам ихтэй. Бие биенээсээ өрсөж хямд үнэ хэлнэ, хаа сайгүй хог новш хөглөрнө. Унтаж амрах гэхээр согтуу хөлчүү хүмүүс хашгичиж, дуу хөгжим хангинана. Уг нь бол байгалийн үзэсгэлэнт тогтоц байдлаараа, өргөн уудам гэдгээрээ, дотоод гадаадын жуулчдын урсгал илт давуу гэдгээрээ эрс ялгардаг боловч энэ бүсэд зохион байгуулалттай менежмент гэдэг юм огт алга байгааг нуух юун.

Тус бүсэд эдүгээ 300 орчим үйлчилгээний байгууллага байгаагийн 90 хувь нь жуулчны бааз юм. Бүгд нэг хэв загварынх бөгөөд бие биенээсээ ялгарах зүйлгүй, тэдэнтэй зэрэгцээд энд тэндээс шилжин ирсэн малчин айлуудын “гэр гэст хаус” нэмэгдэхээр энэ бүс нутаг чухам хаашаа ямар чиглэлтэй хөгжиж байгааг тодорхойлоход бэрх. Тэдгээр гэст хаус нь ойн бүсээрээ ихэвчлэн байх боловч яг л хогон дотроо, ямар ч олигтой бие засах газаргүйгээр, өнгө төрх муутай модон хашаа хатгаж хаяа дэрлэн оршиж байдаг. Тэдгээр “гэр гэст хаус”-т хувиараа аялал хийж яваа хамгийн хямд үнэ хайгч үүргэвчтэй аялагч нар, монголын уул уурхайд гар бие оролцох гэж ирсэн солонгос, хятадууд, хотын их дээд сургууль, дунд сургуулийн сурагчид анги бүлгээрээ ирж амардаг. Эдгээр хүмүүст бие биенээсээ өрсөн хямд үнэ хэлж, үнэгүй шахам үйлчилсээр байгаад эцэс сүүлдээ орчин тойрныхоо хог новшийг дийлэхээ больж “хогон дундах” аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч болж хувирчээ. Тэд эргэн тойрноосоо огтхон ч ичихгүй байгаа нь харамсалтай.  Монголын таван одтой “Улаанбаатар” зочид буудлын харъяа “УБ-2”, олон улсын таван одтой гэгддэг “Тэрэлж” хэмээх зочид буудлууд ч бий. Тэдгээр буудлын ар талаар байх ой мод тэр чигээрээ архи ундааны сав, тэр чигээрээ нойтон салфетка байдаг. Монгол аялагч нарын “морь хардаг”, “цэцэг усалдаг” газар болжээ. Гэвч тэр нойтон салфетка бүхий “байгаль 00”-доо аялагч нар маань гэрээсээ авчирсан бүтээлгээ дэвсэн дээр нь тухалж, зэхсэн хоол хүнсээ идэж уугаад амар сайхандаа жаргаж байдаг.  Юун дээр сууж хэвтээд байгаагаа мэддэггүй нь гайхалтай. Муухай байгаль гэж хаана ч байхгүй, харин буртаглагч муу хүмүүс гэж бий.

Өнгөрсөн зун манай нэг жуулчин ингэж ярилаа. Тэрэлжид фото зураг авах гэсэн чинь цахилгааны шон ороод, эсвэл нэг хашааны өнцөг булан ороод ерөөсөө болохгүй болжээ. Монгол ахуй заншлаа хадгалсан айлд орох гэсэн чинь өөрсдөө байшинд амьдраад жуулчнаа модон орноос өөр юу ч байхгүй монгол гэрт оруулчихсан, унтах гэсэн чинь шөнөжин шуугилдаж, караокэ дуулаад олигтой амарч чадсангүй гэж гомдол мэдүүлэв. Өөр нэг хэсэг жуулчид маань морин аялал хийхээр болж Тэрэлж рүү явахын өмнө Нарантуул захаас хүн бүр хөлдөө таарсан монгол гутал худалдан аваад очсон билээ. Гэтэл нэг ч хүний гутал морины дөрөөнд багтсангүй. Тэдгээр жуулчид маань бид уг нь монгол гуталтайгаа морь унана гэж бодож байсан юм, даанч харамсалтай нь чадсангүй хэмээн нэлээн сэтгэл дундуур буцацгаасан.

Шүүмжлэхээр зүйл их байгаа хэдий ч дэмжихээр эхлэл тавигдаж байгааг дуулгахад таатай. 2009 оноос эхэлж Налайх дахь “Дэлхийн зөн” байгууллагын дэмжлэгтэйгээр “Тэрэлж-Есөн өртөө” хэмээх нөхөрлөл байгуулагдаж ганц нэг илүү гэрээ барьж “гэст хаус” ажиллуулдаг, эсвэл ганц хоёр морио унуулж амьдардаг малчин хүмүүс нэгджээ. Ийнхүү нэгдэж ажиллавал нэг нэгээрээ бие даах гэж оролддог бүтэлгүй оролдлогуудыг эцэс болгож, хамтын хүчээр ахуй амьдралаа дээшлүүлэх боломж гарч ирэхийг ойлгосон байгаа нь баярламаар байв. Энэ нь цаашлаад орон нутгийн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш чухал юм. 

Нөхөрлөлийн гишүүдийн яриагаар бол хэд хэдэн удаагийн сургалтанд хамрагдсан боловч учраа олохгүй өнөөдрийг хүрсэн гэнэ. Хичээл заахаар очигсод нь сонсох масс нь ямар хүмүүс байгааг бодолцдоггүй, тэдний юу хүсэж зорьж байгааг судлалгүйгээр баахан онолын хичээл заадаг байжээ. Тийм учраас байгуулагдсанаасаа хойш үр дүн багатай байсаар ирсэн гэнэ. Харин хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан сургалтын үр дүнд юу хийхийг, яаж ашиг сонирхлын зөрчилгүй хамтран ажиллахаа ойлголоо хэмээн ярьцгаав.

Тэрэлжийн бүс нутагт явган ба морин аялал, цэцэг үзэх, од ажиглах, шувуу ажиглах, хаданд авирах, нүүдэлчний соёлтой танилцах, завиар аялах, хурим ба зугаа цэнгэлийн аялал, аялалын хүрээнд сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах, өвлийн аялал жуулчлалын хүрээнд бүргэдийн баяр, цагаан сарын ёс заншилтай танилцах, мөсний баяр зохион байгуулах зэрэг янз бүрийн аялалын төрөл хэлбэрийг өргөнөөр хөгжүүлэх боломжтой. Эдгээрийг дагаад худалдаа, гар урлал, үйлдвэрлэлийн жижиг бизнесийг ч тасралтгүй хөгжүүлэх бүрэн бололцоотой юм. Тэрэлж гэдэг бол зүгээр нэг оршин суух газар бус оршин тогтнохын тулд юуг хийж бүтээх хэрэгтэйгээ үргэлж төлөвлөж, байнга сэдэж санаачилж байдаг цогц менежментийг хэрэгжүүлж болохоор жуулчдын зорин очих газар юм. 

“Тэрэлж-Есөн өртөө” нөхөрлөлд эдүгээ 40 орчим малчид нэгджээ. Зарим нэг нь илүү байгаа монгол гэрээ нийлүүлж, зарим нэг нь уналгын морьдоо хандивлаж, өөрсөддөө байгаа “монгол” гэсэн бүхнийгээ нийлүүлэн “гэр музей” байгуулж, ажилгүй байгаа үр хүүхэд, ах дүүсээрээ хамтран гар урлалын бүтээгдэхүүн хийж, жижиг хэлбэрийн бизнесийн эхлэлүүдийг тавихаар санаа бодлоо нэгтгэжээ. Өөрсдийн гэсэн өвөрмөц имижийг бүрдүүлж, тус бүсээр овоглосон “event”-тэй болж, зөвхөн Тэрэлжид л байх “үндэсний” хэмээх тодотголтой чөлөөт цагийн газруудыг байгуулж, зөвхөн Тэрэлжид л худалдан авах боломжтой бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг бий болгохоор зорьж байгаа юм байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ, амласан бол, зорьсон бол үр дүнгээ үзэхийн төлөө хичээгээрэй гэж хэлэх л үлдлээ.