Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого үндсэн чиглэл

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн “Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар -2011” үндэсний зөвлөлгөөн дээр тавьсан илтгэл

Аялал жуулчлал бол Монгол улсын ДНБ-нд томоохон байр суурь эзэлдэг манай тэргүүлэх салбар билээ. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон тодорхойлсноос гадна Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт”-д аялал жуулчлалын төслийг багтаасан зэрэг тодорхой алхмуудыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буйг та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улсын Их хурлаас 2008 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуулчлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг томъёолсон байдаг. Энэ бодлогын хүрээнд, аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх замаар 2015 хүртэл аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэн сайжруулах замаар Монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох зорилтыг дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Монголд зочлох жил, 2004 оныг Монголыг нээх жил, 2006 оныг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон тэмдэглэж ирсэн нь жуулчдын өсөлтөд эерэгээр нөлөөлсөн нь дамжиггүй. 2010 оны байдлаар аялал жуулчлалын салбарын орлого 222 сая ам.долларт хүрсэн байна.

Засгийн газраас аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, томоохон цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх шат дараатай арга хэмжээг авахаар ажиллаж байна. Энэ зорилгоор БОАЖЯ-наас “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөрийг боловсруулан засгийн газарт хүргүүлээд байна. Мөн Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, 2009 оны 320 дугаар тогтоолууд нь аялал жуулчлалын томоохон цогцолборыг барьж байгуулахад чиглэсэн томоохон алхам болсон бөгөөд БОАЖЯ-наас 2010, 2011 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хархорин-XIII зуун” төслийг жил дараалуулан тусгаж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төсвийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр идэвхитэй ажиллаж буйг энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Манай улсад аялал жуулчлалын салбар амжилттай хөгжиж буй боловч олон улсын түвшинд харьцуулан үзэхэд хангалтгүй байгааг та бид харж болно. Тухайлбал, аялал жуулчлалын үр өгөөжийн асуудлыг бид хамгийн түрүүнд дурдах ёстой. Монгол улс аялал жуулчлалын чанар, үр өгөөжийн хувьд бусад орнуудаас илт хоцорч буйг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргадаг тоо баримт, Дэлхийн банкны судалгаанаас тодорхой байна. Жишээлбэл, 2002-2004 оны хооронд Монголд ирсэн нэг жуулчнаас олсон орлого дөнгөж 8 хувиар нэмэгдсэн байхад, энэ хугацаанд Тайландад 18, Балбад 58 хувиар тус тус нэмэгджээ. Энэ тоо баримт нь Монгол улсад ирж буй нэг жуулчнаас олох орлогыг дээшлүүлэх, өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад буйг харуулж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлан мэдээг үзэхэд 2009 оны байдлаар манай аялал жуулчлалын өрсөлдөх чадвар 133 орноос 105-д орсон гэсэн базаахгүй үзүүлэлттэй байна. Дээрх бүгдээс үзэхэд, манай аялал жуулчлалын салбар нь өрсөлдөх чадвар сул, үр өгөөж муу гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.

Өнөөдрийн байдлаар аялал жуулчлал нь орон нутагт эдийн засгийн үр ашгийг тэр болгон бий болгохгүй байна. Орон нутаг дахь гэр жуулчны бааз, үйлчилгээний байгууллагууд нь Улаанбаатарт бүртгэлтэй компаниудын харъяа байдаг тул аялал жуулчлалаас төвлөрсөн татварын орлого нь тухайн аяллыг зохион байгуулсан орон нутагт үлддэггүйгээс гадна жуулчны үйлчилгээний байгууллагууд орон нутагт ажлын байр бий болгоход сул анхаардаг зэрэг дутагдал байсаар байна. Энэ нь аялал жуулчлалаар төсвийн орлогоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох орон нутгийн санал санаачлагыг бууруулахад хүргэсэн гэж дүгнэж болно. АНУ-ийн олон улсын экотуризмын холбооноос экотуризмыг “Байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг, нутгийн иргэдийн аж амьдралыг тэтгэдэг, хариуцлагатайгаар жуулчлахыг хэлнэ” гэж тодорхойлжээ. Энэ бол зөвхөн экотуризмд хамаарах ойлголт биш бөгөөд ерөөс аялал жуулчлал бол өөрийн нөөц болох байгаль орчин, түүний үзэмжийг хамгаалах, орон нутгийн эдийн засгийг дэмжихэд гол анхаарлаа хандуулах учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, нутгийн иргэд, судлаач эрдэмтэд, аялал жуулчлалын компани, жуулчин гэсэн 5 субъектын зохистой оролцоог хангадаг, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг, эдийн засгийн үр ашигтай, энэ үр ашиг нь шударга хуваарилагддаг аялал жуулчлалын тогтолцоог бүрдүүлэхэд төр онцгой анхаарах ёстой.  

БОАЖЯ, Монгол аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв, зэрэг байгууллагатай 2011 онд хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох, гадаад дотоод үзэсгэлэн яармаг, хил орчмын арга хэмжээнүүдэд Монгол орныг сурталчлах, Монголын аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах, аялал жуулчлалын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалт, семинар, улсын зөвлөлгөөн зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах тендер, төсөл хөтөлбөр боловсруулах болон хэрэгжүүлэх, сурталчилгааны материал хэвлүүлэх, телевизийн захиалгат нэвтрүүлэг, радио, сонин хэвлэлтэй тогтмол ажиллах зэрэг өнөөдрийг хүртэл төр өөрийн нуруун дээрээ үүрч ирсэн ачааг зохих төсвийн хамт шилжүүллээ. Төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг ТББ, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх нь чадварлаг агаад чадавхи хариуцлагатай байгууллагуудад төрийн зарим чиг үүргийг шилжүүлж, үр ашигтай, эрх тэгш харилцааг үүсгэх учиртай гэж үзэж байна.

Цаашдаа аялал жуулчлалын салбарын дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор урт хугацааны хөнгөлөлттэй зээл, төслүүдэд хамрагдуудах, аялал жуулчлалын үйлчилгээний иж бүрэн цогц сүлжээг бүрдүүлэх, хамтын оролцооны менежментийг нэвтрүүлэх талаар анхаарч, бодлогын зорилтоо чиглүүлэх болно.