Аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага

П.Наранбаяр (БОАЖЯ-ын АЖГ-ын орлогч дарга )

“Зүүн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, чиг хандлага” ОУЭШ-ний хурал дээр тавьсан илтгэл

Нэг. Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал

Аялал жуулчлал бол дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай өсч буй салбар юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  “UNWTO World tourism barometer-2011” судалгаанаас үзвэл, 2010 онд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жуулчны тооны өсөлт нь дэлхийн дунджаас 2 дахин байна. Үүний дотор Зүүн хойд Азийн бүс нутагт жуулчны тоо 2010 оны дунджаар 14 хувиар өссөн бөгөөд орон тус бүрээр харвал, Хятад 9.4 хувь, Япон 27 хувь, Өмнөд Солонгос 13 хувь тус тус нэмэгджээ. БНХАУ-ын Аялал жуулчлалын академиас  жил тутам эрхлэн гаргадаг тайлангаас харахад, 2009 онд 47 сая хүн тус улсаас гадаадад аялсан бөгөөд 2010 онд энэ тоо 54 сая, 2020 онд 100 саяд хүрэх төлөвтэй байна. 2010 онд 557 414 гадаад иргэн Монгол улсад зорчсоноос 456 303 нь жуулчид байжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Жуулчдыг голлох зах зээлийн орноор авч үзвэл,  эхний таван байранд БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, Япон улс эзэлж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын орлог 222 сая ам доллар болжээ. 2010 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 340 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 64 нь 1-5 одны зэрэглэлтэй, 360 жуулчны баазын 80 нь 1-2 цэцгийн зэрэглэлтэй байна. 2010 оны байдлаар од болон цэцгийн зэрэглэлтэй зочид буудал, жуулчны баазын эзлэх хувь хэмжээ 10 орчим хувьтай байна. 2010 оны байдлаар аялал жуулчлалын салбар тогтмол болон улирлын шинжтэй нийт 18 мянга орчим ажлын байрыг бий болгожээ. Гадаадаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол улс дэлхийд томоохонд тооцогдох аялал жуулчлалын үзэсгэлэн арга хэмжээнд оролцдог. Тухайлбал, Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 204 тоот тогтоолоор 2011 оны үзэсгэлэнд “Соёлын түнш” орноор амжилттай оролцлоо. Лондон хотноо жил бүрийн 11 дүгээр сард болдог WTM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, 9 дүгээр сард Япон улсад зохион байгуулагддаг JATA аялал жуулчлалын үзэсгэлэнд тус тус оролцдог. Монгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 30 гаруй арга хэмжээг зохион байгуулж гадаад, дотоодын үзэсгэлэн яармагуудад сурталчилж байна. “ITF-2010 Mongolia” үзэсгэлэн яармагийг 12 дугаар сард Мишээл EXPO төвд зохион байгуулав. Дээрх үзэсгэлэнд ӨМӨЗО, ОХУ, Буриад, Япон, Энэтхэг улсын төлөөлөгчид оролцсоноос гадна аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 150 гаруй ААН болон аймаг орон нутаг талбай авч өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан байна. Монгол улсыг гадаадад сурталчлах “Аялал жуулчлалын төлөөлөгч, төлөөлөгч газрын дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж, БОАЖ-ын сайдын тушаалаар батлуулав.  2010 онд Монгол улсын аялал жуулчлалын төлөөлөгчөөр БНСУ, БНХАУ, Голланд, ОХУ-ын Эрхүү муж, Франц зэрэг улсад таван төлөөлөгч шинээр томилогдон, гэрээ байгуулан ажиллажээ. Монгол улсын Засгийн газраас 2003 оныг “Монголд зочлох жил”, 2004 оныг “Монголыг нээх жил”, 2006 оныг “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил” болгон зарлажээ. Эдгээр нь голлох зах зээлийн орнуудаас Монголд ирж буй жуулчдыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж буй билээ.


Хоёр. Тулгамдсан асуудал

Сүүлийн жилүүдэд манай улсад аялал жуулчлалын салбар ийнхүү хөгжиж, жуулчдын тоо нэмэгдэж байгаа боловч тулгамдсан асуудал нэлээд байна. Тухайлбал,

  • Дэд бүтэц сул хөгжсөн, жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадал хязгаарлагдмал.
  • Үйлчилгээний чанар, түвшин сул, үзвэр, үйлчилгээний  хөгжил муу.
  • Жуулчны улирлын богино, нийт жуулчдын 80 хувь нь зун ирдэг.
  • Жуулчдад зориулсан бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн өөр хоорондоо ялгаа багатай.
  • Аялал жуулчлалын статистик бүртгэл, судалгааны тогтолцоо сул бүрдсэн.
  • Гадаад сурталчилгааны ажлыг тогтмол, хангалттай хэмжээнд хийж чаддаггүй.
  • Гадаад зах зээлийн судалгаа муу хийгдсэн, голлох зах зээлийн оронд хандсан маркетингийн идэвхтэй бодлого явуулж чаддаггүй.
  • Аялал жуулчлалын өрсөлдөх чадвар сул (Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлан мэдээг харахад, 2009 оны байдлаар манай аялал жуулчлалын өрсөлдөх чадвар 133 орноос 105-д орсон бол 2011 онд 139 орноос 101-д оржээ)
  • Мэргэжлийн боловсон хүчин дутмаг
  • Аялал жуулчлалын олон жижиг компаниуд зах зээл дээр ажилладгаас эрүүл бус өрсөлдөөнт байдал үүссэн. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төрийн зохистой оролцоог бүрдүүлэх зорилгоор төрөөс урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөлтийг боловсруулан ажиллаж байна.


Гурав. Ойрын болон хэтийн хөгжлийн төлөвлөгөө

3.1 Хэтийн төлөвлөлт

Монгол улсын Их Хурлаас 2008 онд баталсан Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 5.2.1.5-д аялал жуучлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг томъёолсон байдаг. Энэ бодлогын хүрээнд, аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж, аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх замаар 2015 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэхээр заасан билээ. Улмаар 2016-2021 оны хооронд аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэн сайжруулах замаар Монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох зорилтыг дэвшүүлсэн юм.

3.2 Дунд хугацааны болон ойрын бодлого төлөвлөлт

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон тодорхойлсноос гадна Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт”-д “Хархорум XIII зуун” аялал жуулчлалын төслийг багтаасан зэрэг тодорхой алхмуудыг Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байна. Төрөөс аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, томоохон цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх шат дараатай арга хэмжээг авах зорилгоор нэн тэргүүний ач холбогдолтой асуудлуудыг багтаасан “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байна. Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийн төсөлд нэгдүгээрт, аялал жуулчлалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох; хоёрдугаарт, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, томоохон цогцолборуудыг барьж байгуулан өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; гуравдугаарт, дэд бүтцийг цогцоор хөгжүүлэх; дөрөвдүгээрт, аялал жуулчлалын маркетинг оновчтой бодлого боловсруулах; тавдугаарт, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх; зургаадугаарт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулж, жуулчдын аюулгүй байдлыг хангах; долдугаарт, аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах; наймдугаарт, салбарын байгууллагуудын болон жуулчдын бүртгэл хяналтын тогтолцоог сайжруулах зорилтуудыг багтаасан болно.

Монгол Улсыг нэгдсэн бодлоготойгоор гадаадад сурталчилж, гадаадаас ирэх жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор “Дисковер Монголиа” аялал жуулчлалын маркетингийн стратеги төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг стратеги төлөвлөгөөнд, нэгдүгээрт, голлох зах зээлийн орнуудад хандсан маркетингийн бодлогыг боловсруулах, хоёрдугаарт, “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөрийн үзэл санаанд нийцүүлэн аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх маркетингийн бодлогыг боловсруулах, гуравдугаарт, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн болно.

Аялал жуулчлалын эрх зүйн харилцааг боловсронгуй болгох чиглэлээр анхаарч, 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг батлуулахаар БОАЖЯ ажиллаж байна. Шинэчилсэн найруулгад,

  • Хуулийн нэр томъёог НҮБ-ын төрөлжсөн байгууллага Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гишүүн орнуудад заавал дагаж мөрдөхөөр гаргасан зөвлөмжийн  дагуу өөрчлөх,
  • Аялал жуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг нарийвчлан хуульчлах, стандарт, дүрэм журмыг даган мөрдүүлэх захиргааны хяналтын оновчтой тогтолцоо бий болгох, жуулчны үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын төрөл, хэлбэрийг тодруулан, тэдгээрийн ангилал зэрэглэлийг тогтоох,
  • Байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх,
  • Жуулчдын даатгал, түүнчлэн Монгол Улсын газарт нутаг дээр аялал жуулчлалын тодорхой төрөл болох олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах, ан хийх, кино зураг авахтай холбоотой харилцааг зохицуулах зэрэг асуудлууд туссан болно.

БОАЖЯ-ны зүгээс 2011 онд дээрх бодлогын баримт бичгүүдийг батлуулан хэрэгжүүлж эхлэхээс гадна “Хархорум XIII зуун” төслийн ТЭЗҮ-ийг хийлгэх, улмаар тус төслийг хэрэгжүүлэх гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагааг анхааран ажиллаж байна. Мөн 2011 онд аялал жуулчлалыг иж бүрэн байдлаар хөгжүүлэх бодлогын хүрээнд жуулчны маршрутын авто замын дагуу байрлах амрах цэг, боловсон бие засах газрыг бүрдүүлэх талаар төрөөс анхаарч, эдгээрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг төлөвлөөд байгаа болно.