Гадаадын аялал жуулчлал Монголд

ГЖҮГ-ын мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга асан Д. Доржнамжим: Гадаадын аялал жуулчлал гэдэг нь анх уурын тэрэг (төмөр зам) буй болсон цагаас эхэлж, Дэлхийн II дайн хөгжилд нь саад болсон боловч түүний дараа дахин хүчээ авч нийт дэлхийн хэмжээнд улс гүрний харилцааны чухал нэгэн үйл явдал болон оршсоор өнөөг хүрлээ. Дэлхий ертөнц хоёр лагерьт хуваагдаж байсан тэр он жилүүдэд ч аялал жуулчлал хөгжлийн өндөр түвшинд хүч түрэн хөгжсөөр ирсэн түүхтэй. Тэр үед аялал жуулчлалыг “Народная дипломатия” гэж нэрлэдэг байсан. Дэлхийн аялал жуулчлал нь аливаа орны ард түмэн жуулчлалаар дамжин бусад улс орнуудын түүх соёл нийгмийн амьдралтай чөлөөтэй танилцаж болох ганц боломж нь байсан буй заа. Дэлхийн аль ч орны хүмүүс гадаад орны тухай өөрийн биеэр мэдэх чин хүсэл нь хүнд байгалиас заяасан хэзээ ч дундаршгүй хүчин зүйл, хүн төрөлхтөний хүсэл мөрөөдлийн нэгэн чухал элемент юм. Дэлхийн аль ч оронд гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь эдийн засаг, нийгэм, улс төрийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагааны нэг гэдэгт эргэлзэх зүйл үгүй билээ. Монгол оронд гадаадын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдсанаас хойш өдгөө хөгжсөөр нэгэн жарныг элээж байна. Хэдийгээр социализмын үед “Хөрөнгөтөн” орноос жуулчид ирүүлэх нь асар их саад тотгор учирдаг байсан ч дэлхийн хөгжлийн зүй тогтлын дагуу эдүүгээг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Аялал жуулчлалын үйл ажиллагаа нь аль ч улс оронд ашигтай гэдэг нь нэгэнтээ батлагдаж, орчин үеийн бие даасан шинжлэх ухааны салбар болтлоо хөгжсөн өнөө үед бид өөрийн оронд хэрхэн зөв зохистой хөгжүүлэх вэ? Гэдэг асуудалд онцгой анхаарах цаг болоод байна. Монгол оронд гадаадын аялал жуулчлалыг ашигтайгаар, амжилттайгаар хөгжүүлэх маш өргөн боломж бидэнд бий гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ аялал жуулчлалын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж, мэдлэг чадвар, менежментийг зөв хийх нь маш чухал. Монгол улс ардчилсан орон болсноос хойшхи 20 гаруй жилд бид гадааг аялал жуулчлалыг ямар түвшинд хүргэж чадав?, олон орны жуулчдын сонирхлыг татах ямар шинэ үйл ажиллагаа үйлчилгээ бий болгов гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр бид гадаадын жуулчид ирж байвал зөвхөн “мөнгө” л орж ирнэ гэдэг явцуу бодлогоос илүү монгол орныг зорих жуулчдыг аль болох олшруулах ирээдүйг голлон анхаарах ёстой болов уу. Үүний тулд аяллын материаллаг бааз, тэднийг татах үйлчилгээний соёл, дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээрх реклам мэдээллийг сайжруулах, өндөр боловсролтой хөтөч (гид), аялал жуулчлалын өргөн мэдлэгтэй боловсон хүчнээр хангах, нүүдэлчдийн ёс заншлыг таниулах зэрэг наад захын ажлуудыг чанартай зөв зохиоход анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ зөв зохион байгуулж чадвал манай эх орон гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш өргөн боломжтой улс. Сүүлийн жилүүдэд ажиглаж байхад манай оронд аяллаар ирсэн жуулчдын үзвэр үйлчилгээ, мэдээлэл төдийлөн хангалттай биш, аялал жуулчлалын өндөр мэдлэгтэй бүх төрлийн мэргэжилтнүүдийг гадаад дотоодод сургаж боловсруулах ажил явц муутай харагддаг. Монголд цор ганцхан мэргэжлийн жуулчны байгууллагатай байсан өнгөрсөн үед ч тэд өөрийн чадварлаг боловсон хүчнүүдийг гадаад дотоодод бэлтгэж чадаж байжээ. Гадаад хэлтэй жуулчны хөтөч (одоогийн орчуулагч, хэлмэрч биш шүү) гид, тогооч, зөөгч, аялал жуулчны мэргэжилтнүүдийг (Жишээлбэл: Гадаадын жуулчдад үйлчлэх орчуулагч, тогооч, зөөгч, буудлын ажилтан, жуулчны эдийн засаг, санхүү, газар зүйн мэргэжилтнүүдийг Болгар, Югаслов, Баруун, Зүүн Берлин, Унгар, Чехсловак, СССР (одоогийн ОХУ), Япон, Куба, Тайвань зэрэг) гадаад оронд явуулан урт богино хугацаагаар сургаж, дадлагажуулах ажлыг системтэйгээр хийдэг байсан учир жуулчдын үйлчилгээнд гомдол зөрчил гардаггүй, монголд “дахин ирэхгүй” гэдэг үг хэзээ ч сонсогдож байгаагүй юм. Аялал жуулчлалын дээд курсэд жуулчны сэтгэл зүйн судлал гэдэг онолыг заадаг юм билээ. Энэ нь ямар орны жуулчид юунд дуртай, юунд дургүйгээс эхлээд тэдний үндэсний онцлогт тохируулан хоол ундыг бэлтгэх, тэдэнд зориулсан бэлэг дурсгалын худалдааг зохиох зэргээс өгсүүлээд улс орон бүрийн онцлогийг тусгасан олон зүйл хамаарагддаг. Жуулчны үйлчлэгч орчуулагч (гид) гэдэг нь зөвхөн хэлснийг дамжуулагч хэлмэрч биш өөрийн орны түүх соёл, зан заншил, эд өлгийн зүйлс, хөгжил цэцэглэлт, байгаль орчин ан амьтан зэрэг бүх л төрлийн өндөр мэдлэг, дадлагатай зориуд бэлтгэгдсэн хүмүүсийг хэлдэг. Энэ оны жуулчин хүлээн авах үйлчилгээний улирал дуусч байгаа болохоор одооноос ололт алдаа оноогоо тооцож, шинээр бодлого төлөвлөх, дараа жилд бэлтгэх, хийж амжуулах ёстой зүйл олон байгаа гэж бодож байна. Монгол жуулчин гадаад оронд аялж ирээд ямар сайхан юм үзсэн харсан бүхнээ ах дүү, танил тал, хамт олондоо ярьж өгдөг, тэд үүнийг сонсоод тэр гоё газар орноор аялаж үзэх хүсэл өөрийн эрхгүй төрдөг биз дээ. Тэдний л нэгэн адил бид гадаадын жуулчдыг гомдоолгүй сайн үйлчилснээр өөрийн орны өвөрмөц сонин хачныг тэдэнд үзүүлж таниулж чадсанаар монгол оронд аялан ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байх болно. Хэрэв бид гадаадын жуулчдыг сэтгэл хангалуун бус буцаавал тэрний хэмжээгээр манайд аялах хүний сонирхол бууран итгэл алдарч, жуулчдын тоо цөөрөх, орлого хасагдана гэдгийг санаж аяллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд явуулж ганц ч жуулчныг гомдоохгүй буцаахыг чухалчлах ёстой юм. Үүнээс гадна жуулчин гэдэг чинь “мөнгөний уут” биш, бүтэн жилийн турш гадаадын ямар оронд аялахаа төлөвлөж төсөв мөнгөө бүрдүүлдэг хүмүүс байдаг. Ялангуяа “групп”-ээр ирж байгаа жуулчид бол ерөнхийдөө дундаж орлоготой иргэд л байдаг юм. Цаашид аялал жуулчлалын нэгдсэн бодлого зохион байгуулах мэдлэг санаачилгатай ажиллаж одоогийн энэ тархай бутархай зөвхөн “МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН” болсон жуулчны бааз нэртэй, бороо чийгэнд өмхий үнэртсэн эсгий гэртэй “олон бааз”-уудаа орчин үеийн шаардлага хангасан жинхэнэ мэргэжлийн байгууллага болгоход анхаарч ажиллах нь аялал жуулчлал хариуцсан яам, Монголын аялал жуулчлалын холбоодын ажлын нэг бодож байна. Түүнээс гадна гадаадын олон орны зочид жуулчдыг Монгол орноор аялуулах сонирхлыг татах асуудал нэн чухал. Жил бүр энд тэнд зохиогддог үзэсгэлэн яармагт аялал жуулчлалын байгууллага, тур, агентлагуудтай гэрээ байгуулах төдийхнөөр хязгаарлах нь учир дутагдалтай юм.

-Бид өөрсдөө дайчин давшингуй ажиллаж дэлхийн хэмжээнд өөрийн орны тухай мэдээллийг хүргэх явдал нь гол асуудал. Өөрөөр хэлбэл бид Монгол орны онцлог, үзэсгэлэнт байгаль, ёс зан заншил, түүх дурсгалаа оновчтой, үр дүнтэй сурталчлах ёстой. Үүний тулд аяллын маршрутыг шинэчлэн тогтоох, цаг улирлын байдлыг тооцоолон жуулчдын ирэх улирлын хугацааг сунгах зэрэг сонирхолтой аргуудыг бодож боловсруулмаар юм. Жишээлбэл, Бразилд жилд ганц удаа болдог “Рео Карнавал”-ыг үзэхийн тулд сая сая жуулчид бүтэн жил хүлээдэг. Гэтэл манай “Дэлхийд ганцхан” Монгол наадам түүнээс юугаараа дутах билээ. Гагцхүү бид дэлхийд хосгүй тэр наадмаа төрөл бүрийн аргаар гадаад орнуудад сурталчилах, 5-15 минутын теле кино, клип, сурталчилгааны материалуудыг хангалттай хийж рекламдах асуудал л чухал байна. Монгол одоотой адил өнгөт хэвлэл үүсээгүй тэр үед ч Монголын үндэсний ганц аялал жуулчлалын байгууллага (одоогийн Жуулчин компани) өөрийн орны түүх дурсгал, үзвэр үйлчилгээний талаар өнгөт танилцуулгуудыг гадаадад хэдэн сая хувиар хэвлүүлж, дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр тараадаг байсан. Бид одоо Динозаврын музейтэй болсон энэ үед түүнийгээ дэлхий нийтэд олигтойхон сурталчилбал олон орны жуулчдын сонирхлыг татах нэгэн чухал зүйл болох нь гарцаагүй. Мөн “Дээлтэй Монгол” наадмыг өргөн хэмжээгээр сурталчилах төдийгүй одоогийн шинэчлэлийн засгийн газраас бүх аймгийн төвүүдийг засмал замаар холбож байгаа энэ үед дээрх наадмыг аймаг, сум, багийн төвүүдэд ч зохион байгуулах асуудлыг орон нутгийн байгууллагуудтай хамтран хийж болох юм. Бас баруун Европын орнуудын жуулчид (Герман, Дани, Австри, Франц, Щвейцари гэх мэт) явган аяллыг их сонирхдог. Үүнтэй уялдуулан морь, тэмээн аялал, шувуу, загас сонирхогчдын аялалуудыг зөв зохион байгуулж чадвал жуулчны аялах, манай орны эрс тэс улирлын богино хугацааг сунгаж болмоор санагдана. Манайд одоо дотоодын аялал их хөгжиж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ аль ч улсын вальютын орлогын нэгэн чухал эх үүсвэр болох гадаадын олон орны жуулчдыг өөрийн оронд аялуулах явдал юм. Үүнд онцгойлон анхаарлаа хандуулж, олон төрлийн ажлыг эрчимтэй зохиох нь гадаад орны жуулчин хүлээн авдаг байгууллага холбоодын нэн чухал зорилт байх ёстой гэж бодож байна.