Зочид буудал хэзээ үүссэн бэ.

Зочид буудал нь хүн амын тодорхой хэсгийг түр хугацааны орон байраар ханган үйлчлэхэд зориулагдсан тусгай тоноглол төхөөрөмж бүхий өрөө байруудтай иж бүрэн үйлчилгээний газар юм.  Зорчин явах, зочид буудал гэсэн хоёр үг салшгүй холбоотой.

Монголын эзэнт гүрний үед Чингис хаан болон түүний залгамжлагч хаадуудад бараалхсан гадаад дотоодын элч төлөөлөгчдийг хааны арын албаныхан угтаж тусгай гэрт оруулан зочилж амтат хоол ундаар дайлан, тэдний ая тух, аюулгүй байдлыг чандлан сахидаг байжээ. Энэхүү үйлчилгээг зочид буудлын үйлчилгээний анхны хэлбэр гэж дүгнэж болно.

Азийн худалдааны замыг даган жинчдэд зориулсан дэн буудлууд байсан ба тэдгээрийг “caravansary” гэдэг. Европ, Америкт морины өдөрт туулах зай, боломжийг тооцоолон замын дагуу барьж байгуулсан “Inn” ба “Tavern” хэмээх буудлууд байсан. Энэхүү Inn гэдэг үг одоо хүртэл орчин үеийн олонх зочид буудалд хэрэглэгддэг. Inn нь өрдсөн галын өмнө суугаад ширээ дүүрэн идээ, зоог бэлэн болохыг хүлээж буй хүмүүсийн дүр төрхөөр олны сэтгэлд дүрслэгдэн үлдсэн байдаг гэнэ.

Орчин үеийн зочид буудлын хөгжлийг Английн колоничлолын үеэс авч үздэг. Далай тэнгисийн боомтуудад зөвхөн нийгмийн дээд давхаргынханд зориулсан Английн Inn нь хэн төлбөр хийж чадах хүмүүст үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой зочид буудал байжээ.

1794 онд Америкийн Нью-Йорк хотод, зочид буудлын зориулалтаар баригдсан анхны барилгыг “City Hotel” гэж нэрлэжээ. Үүнээс хойш Бостон, Балтиморе, Филаделфиа хотуудад ийм төрлийн зочид буудал баригдах болжээ. Энэ үед хувийн байшиндаа харьцангуй хямд үнээр зочин буулгадаг “Colonial Inn” хэмээх үйлчилгээ  бие даан хөгжиж байсан боловч үйлчилгээний чанарын хувьд мөн л доогуур байжээ.

ХIХ зуунаас төмөр зам бий болсноор хүмүүсийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, галт тэрэгний зогсоолын ойролцоо зочид буудлууд байгуулагдах болсноор зочид буудлын үйлчилгээний салбарт ихээхэн дэвшил авчиржээ. Энэ үед Нью-Йорк хотын “Grand Terminal” сүлжээ бий болж олон зочид буудлуудыг хамруулжээ.

1829 онд архитектурч Isaiah Rogers-ийн зураг төслөөр баригдсан “Tremont House” нэгдүгээр зэрэглэлийн зочид буудал Бостон хотод нээгджээ. Энэ буудал нэг болон хоёр хүнд зориулсан тусдаа өрөөтэй, бүх өрөө нь цоожтой, аяга болон ундны усны домботой, зочноо үнэгүй савангаар хангасан нь тухайн үеийн зочид буудлуудын дотор шинэ хэв маяг болжээ.

Монголд орчин үеийн зочид буудлын салбар 1954 онд үндэс суурь нь тавигдсан гэж үздэг. 1954 оны 10-р сарын 2-нд Худалдааны яамны дэргэд 107 ажиллагсадтай “Жуулчдад үйлчлэх товчоо” байгуулагдаж, “Алтай” зочид буудал, рестораныг нээжээ. 1957 онд “Алтай” зочид буудлын анхны тайланд нээгдсэнээс хойш 4400 орчим зочин үйлчлүүлсэн дүн мэдээ тусгажээ. Үйлчлүүлэгчийн 80% нь хурал зөвлөгөөний оролцогчид, гадаадын зочин төлөөлөгч байжээ. Дараа нь “Улаанбаатар” зочид буудал 1958-1961 онд баригдаж 7-р сард ашиглалтанд оржээ. Тус буудлыг барихад 45 785 225 төгрөгийн зардал гаргажээ.

Зочид буудлыг өргөжүүлж Баянгол зочид буудлыг ашиглалтанд оруулснаар 1980 оны дунд үе гэхэд жилд 570-600 хүртэл анчин жуулчин авч байжээ.

Монголд 1990 оноос эхлэн зочид буудал олноор нэмэгдсэн бөгөөд энэ нь аялал жуулчлал, бизнес худалдааны зорилготой гадаад иргэдээс гадна хятадын түр ажилчид буюу барилгачид маш олноор ирдэг болсонтой холбоотой ажээ. Эдүгээ улсын хэмжээнд 400 орчим зочид буудал бүртгэгджээ.