Эуфэлийн цамхаг

Цамхагийг бүтээгч нь Гюстав Александр Эуфэль гэдэг хүн. “Энэ цамхаг надаас илүү олны танил болсонд би атаархаад байх боллоо” гэж тэр өөрөө хэлж байсан гэдэг. Хоёр зууны өмнөх 70-аад онд төмөр хийцээр гайхамшгийг бүтээдэг залуу инженерийн тухай яриа Парис хот даяар түгэж байв. Тэрээр алдрыг нь өргөсөн энэхүү цамхагаа босгохоос өмнөх 30 жилийн дотор гүүр, галт тэрэгний буудал, банк, сургууль, мөрийтэй тоглоомын газар гээд 200 гаруй байгууламж бий болгосон байлаа. Түүний бүтээсэн 36 гүүр инженерийн зоригтой шийдлийн үлгэр болон сурах бичигт орсон байлаа. Эйфель өөрийн авъяас билгийн дурсгалыг Египет, Чили, Унгар, Португали улс болон Африкт босгочихсон байсан юм. Дэлхийн аж үйлдвэрийн ХII үзэсгэлэнг 1889 онд Парист зохион байгуулах болов. Энэ арга хэмжээ Францын хувьсгалын100 жилтэй ч тохиов. Тиймээс уг үзэсгэлэнгийн үеэр эх орныхоо нэр төрийг хамгаалах ажлыг Францын Засгийн газар Эйфэльд даалгалаа. Чухам юу хийхээ ярилцсаар цамхаг хийхээр тогтов. Цамхагийн эхний зургийг 1884 онд Швейцарь уран барилгач Морис Кехлер гаргаж түүнийг Эйфэль гүйцээгээд Засгийн газартаа илгээв. Кехлерын цулгай загварыг Эйфлер инженерийн урлагийн төдийгүй жинхэнэ уран барилгын ховор бүтээл болгож чадсан ажээ. Энэ цамхагийг сүндэрлүүлэх нүсэр ажил 1887 оны 1-р сарын 28-нд Сена мөрний зүүн эрэг дээр эхлэв. Парис хотын захиргаанаас өгсөн 1.5 сая франк удалгүй дууслаа. Тэгэхээр нь хувьцаат нийгэмлэг байгуулж 6 сая франк цуглуулав. Цамхагийн суурийг тавихад бүтэн хагас жил, угсрахад 8 сар гаруй хугацаа зарцуулав. Ердөө 2 жил 2 сарын дотор цамхагийг бүхэлд нь дуусгаж чадсан бөгөөд энэ нь яах аргагүй дээд амжилт байлаа. Түүний хийсэн бүх тооцоо яв цав байснаас угсрах үед түвэг ер орсонгүй. 1889 оны 3-р сарын 31-нд бүх ажил дуусав. Эйфель өөрөө цамхагийн доод талаас аварга том бүтээлгийг хуулж авахад түүний орой дээр “Марсельез”-ийн аян дор Францын  төрийн далбаа намирч харагдлаа. Цамхагийг нурж унана хэмээн богоомжилж байсан хүмүүст хариулт болгож Эйфель өөрийн сууц болон ажлын өрөөгөө 276 метрийн өндөрт сонгож авсан байлаа. Дэлхийн үзэсгэлэнг сонирхсон 25 сая хүний хувьд энэ цамхаг тэднийг даллах гол зүйл нь боллоо. Цамхагийн 57,115, 276 метрийн өндөрт гурван тавцан хийсэн юм. Эхний хоёр тавцан дээр зоогийн газрууд, хотыг ажиглах талбай байрлана. Гидро өргөгчид хэрэглэх усны сан мөн хоёр дахь тавцан дээр байрлана. Хожим нь цахилгаан шатаар сольсон юм. Гурав дахь тавцан дээр инженерийн өрөөнөөс гадна одон орон, цаг уурын лабораториуд бий. Цахилгаан шат ажиллахаа байвал 1792 гишгүүртэй явган шатаар явна. Энэ цамхаг техник сэтгэлгээний дэвшилтэт ололт, зоримог шийдлийн нэг, инженерийн урлагийн жинхэнэ дурсгал болов. Олон улсын үзэсгэлэнгийн оргилд Эйфель зогсов. Уг цамхаг нь жил хүрэхгүй хугацаанд зардлаа нөхөж, ашиг олж эхлэв. Гэтэл бас нэг муу тал гарч ирлээ энэ нь амиа хорлохыг хүсэгчид цамхагийг ашиглах болсон байна. Жилд 5-10 хүн эндээс үсэрч хорвоог орхидог гэнэ. 

Германчуудад эзлэгдсэн 1940 онд францчууд яг Адольф Гитлерийг Парист ирэхийн өмнө цамхагийн цахилгаан шатыг зориуд гэмтээсэн гэдэг. Ингээд Гитлер францыг эзэлсэн ч гэлээ цамхагийг чадаагүй гэж ярилцах болсон ажээ. 1944 оны 8-р сард холбоотнууд Парист дөхөж ирээд байхад Гитлер түүх соёлын дурсгалт газруудыг устгах тушаал өгсөн боловч цамхагийг нураах ажил бүтэлгүйтсэн гэдэг. Улмаар Парисыг чөлөөлснөөс хойш цахилгаан шат ажиллаж эхэлсэн гэдэг түүхтэй. 40 гаруй километр урт утсаар холбогдсон 20 мянган чийдэн нь асахаар Эйфелийн цамхаг бүхлээрээ асар том дэнлүү болж хувирна. Энд одоо радио, телевиз, гар утасны болон агаарын бохирдлыг хэмжих станц ажиллаж байна. Долоон жил болоод л цамхагт гоо зүйн засвар хийгддэг ажээ. Үүнд 60 гаруй тонн гурван өнгийн будаг ордог. Цаг бүрийн эхний 10 минутад цамхагийн гэрлэн чимгийг асааж байхыг Ерөнхийлөгч Николя Саркози зарлиг богожээ.