Гандантэгчинлин хийд, Бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өнгөрсөн 8-р сараас эхлэн тагтаа шувуу хэт олширсонтой холбоотой иргэдийн хүсэлтэд тургуурлан байгаль орчин эрүүл ахуйн тандалт судалгааг хийж хэлэлцүүлэг өрнүүлжээ. Гандантэгчинлин хийдэд Монголын зэрлэг амьтад хамгаалах судлах төв, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тагтаа шувуу хэт олшрох нь нийгмийн эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй учраас хийдийн хашаанд будаа зарахаа зогсоох хэрэгтэй гэдгийг ухуулан тайлбарласан ч удаатай гэнэ. Гэсэн хэдий ч Гандантэгчилэн хийдэд будаа зарагдсаар л, иргэд тагтаа хооллосон хэвээр байна.
Сүсэгтэн олны хооллож, өсгөж үржүүлсээр байгаа тагтаа нь Гандантэгчинлин хийд орчмын хөрс, орчинг хэрхэн бохирдуулж байгаа талаарх судалгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийжээ. НМХГ-ын Хүнс, ХАА, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Д.Энхбаяр: “Манай байгууллага “Таны буянд даган баясъя төв” ТББ-ын хүсэлтийн дагуу НМХГ-аас Гандантэгчинлин хийдийн хөрс, орчин болон 20 гаруй тагтаанаас цусны дээж авч шинжилгээнд хамрууллаа. Тагтаанаас шувууны томуу, бусад төрлийн өвчин үүсгэх нян илрээгүй боловч 60 гаруй нэр төрлийн өвчин үүсгэгч бактерийг биедээ тээж явааг илрүүлсэн. Харин хөрс болон орчны бохирдол маш өндөр гарсан тул хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар зайлшгүй хийлгэх шаардлагатай талаар зөвлөмж хүргүүлсэн. НМХГ-аас нийтээрээ дагаж мөрдөх шийдвэр гаргах ёстойгоос биш Гандантэгчинлин хийдийн хашаан дотор баримтлах дүрэм журмыг батлахгүй. Энэ асуудлыг хийдийн захиргаа дотооддоо хэлэлцэн, шийдвэрээ гаргаж, түүнийгээ ажил хэрэг болгох боломжтой. Харин будааг хийдийн хашаан дотор биш олон нийтийн эзэмшлийн талбайд зараад, тэр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байгаа тохиолдолд НМХГ-аас захирамж гаргаж болно. Тагтаа зөвхөн Гандантэгчинлин хийдийн хашаан дотор олширсноос биш нийслэлийн бүх газар нутаг дээр олширсон биш” гэсэн хариуг хэлжээ.
Тагтааны хор уршиг: Тагтаа ганцхан жилийн дотор 7-8 болж үрждэг бөгөөд тэдгээр нэг бүл нь 12-15кг сангасыг гаргадаг байна. Энэ нь сүсэгтэн олон болон хийдийн лам хуврагийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна соёлын үнэт өв болсон хийдийн барилга байгууламжийн насжилтыг богиносгож байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүдийн тайлан судалгаанд дурджээ. Тагтааны сангас нь ямар ч барилга байгууламжийн хийц, материалын шинж чанараас үл хамааран насжилтыг богиносгодог гэнэ. Иргэд тагтааг хооллосноор тэнд хэт олноороо цугларах таатай нөхцөл бүрдэж байгаа аж.
Тагтаа хэт олширохоороо байгаль орчин, эргэн тойрондоо үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө хархны дараа ордог амьтан гэдгийг Гандантэгчинлин хийдийн олон нийтийн харилцах албаны дарга С.Даваапүрэв анхааруулжээ. Тийм ч учраас Парис хотын Луврын музей, Лондон, Италийн Венец, Ватикан зэрэг хот улсуудад тагтаа хооллохыг хоригложээ.
Энэ сарын эхээр Гандантэгчинлин хийдэд их цэвэрлэгээ хийхэд Мэгжид Жанрайсиг бурханы өргөөний дээврээс 50-60 шуудай сангас, өд сөд гарчээ. Хамгийн гол нь сангасанд амьсгалын замын өвчин үүсгэх мөөгөнцөр зэрэг олон төрлийн өвчин үүсгэгч нян байдаг учраас шүүрдэж тоос босгох бус даралтат усаар цэвэрлэх ёстой байсан ч ийм боломж байгаагүй гэнэ.
Тагтаа шувууг хооллохоос өөр буян үйлдэх маш олон арга зам бий гэдгийг сүсэгтэн олон санах хэрэгтэй. Тагтаа хооллох зан үйл 1980-аад оны дунд үеэс дэлгэрсэнээс биш эрт дээр үеэс тагтаа шувуу хооллож буян үйлддэг заншил огт байгаагүй гэжээ.
Будаа зардаг иргэдийн тухай: Гандантэгчинлин хийдэд хүүхэд хөгшид голдуу 80 гаруй хүн будаа зарж амьжиргаагаа залгуулдаг байна. Бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тэдгээр будаа зардаг иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн яаманд ханджээ. Үүний дагуу тэдгээр иргэдийг ажлын байранд зуучлах үүргийг яамны зүгээс Нийслэлийн хөдөлмөрийн газарт даалгасан боловч будаа зардаг иргэд өөрсдөө эсэргүүцжээ. Өдөрт тэд хамгийн багадаа 20 мянган төгрөг олдог учраас энэ ажлаасаа салахыг хүсээгүй гэнэ.
Тэдгээр иргэд Гандантэгчинлин хийдийн захиргаанаас гаргасан уриалга зөвлөмжийг дагахгүй байгаа бөгөөд хийдийн захиргаа өөрсдөө тэд нарыг барьж хорих, торгох эрх зүйн үндэс байхгүй. Эрхзүйн үндэстэй болгоё гэвэл нийслэл эсвэл дүүргээс тусгай захирамж, тогтоол гаргах учиртай аж. Хийд бол буян номын ариун дагшин газар учраас бүх тагтаагаа өөрснөө шууд устгачихаж таарахгүй. Тагтаа хэт олширсон асуудал нь ганцхан Гандантэгчинлин хийдийн асуудал биш болжээ. Шувуу үүрлэж болох бүх газар тагтаа үүрлэсэн нь аливаа халдварт өвчин үүсгэх эрсдэлтэйгээс гадна сүмийн барилга байшингийн цахилгааны шугамд сөрөг нөлөө үзүүлж гал түймэр гарах аюулыг нэмэгдүүлэгч гол хүчин зүйл болж байгаа аж.