"Амжилттай аялал - Чадварлаг хөтөчөөс ” нээлттэй семинар болж өнгөрлөө


Монголын Аялал Жуулчлалын Холбоо болон Guide боловсролын төв хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амжилттай аялал – чадварлаг хөтөчөөс” нээлттэй семинар 2010 оны 5 дугаар сарын 22-ны Бямба гаригт 16:00 цагаас Улаанбаатар зочид буудлын 6 дугаар давхарт Хархорин танхимд боллоо.

Тус нээлттэй семинарын үеэр зохиогдсон “Уран илтгэгч хөтөч” сэдэвт илтгэлийн уралдаанд МУИС-ОУХС-ийн оюутан Ж.Нямгэрэл “Таван хошуу малын сүү” сэдвээр орос хэл дээр илтгэл тавьж Нэгдүгээр байр эзэллээ.

Хоёрдугаар байрыг МУИС-ОУХС-ийн оюутан Ц.Золжаргал “Гэрэгэ” сэдэвт англи хэл дээр тавьсан  илтгэлээр,  Гуравдугаар байрыг ИЗИС-ийн төгсөгч Ш.Жавзандулам “Мазаалай” сэдвээр герман хэл дээр тавьсан илтгэлээр тус тус эзэллээ. Шүүгчдийн нэрэмжит шагналд МУИС-ийн НШУС-ийн оюутан Г.Энхзулын англи хэл дээр тавьсан “Монгол орны усны нөөц” илтгэл шалгарлаа.

"Чадварлаг хөтөч" сэдэвт багийн тэмцээнд 6 шүүгчийн нийлбэр 153 оноогоор МУИС-ГХС-ийн оюутан К.Наранжаргал ахлагчтай герман хэлний баг тэргүүллээ. Багийн тэмцээнд "Шилдэг маршрут" сэдэвт гэрийн даалгаврыг бэлдэж, хөтөч тайлбарлагчийн мэдвэл зохих ерөнхий мэдлэгээс гадна аяллын үед тохиолдох элдэв бэрхшээл саадыг хэрхэн даван туулах талаар ур чадвар сорьсон тэмцээнүүд зохион байгуулагдсан юм. Мөн багийн тэмцээнд хамт олноо тэргүүлэн оролцсон МУИС-МТС-ийн оюутан Г.Амар, Отгонтэнгэр ИС-ийн оюутан Э.Жаргалан, МУИС-ГХС-ийн оюутан К.Наранжаргал, МУИС-ОУХС-ийн оюутан Ж.Нямгэрэл нар "Бахархалт Монгол орон-2010- аяллын багийн гишүүн болох урилга бичгээр шагнагдаж Монгол эх орноороо 10 хоног аялахаар боллоо.

Энэ удаагийн семинарын Ерөнхий шүүгчээр МАЖХ-ын Дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат,  Guide боловсролын төвийн захирал Ч.Буянбадрах, Монголын Хөтөч Тайлбарлагч нарын Холбооны ерөнхийлөгч Т.Баянжаргалан, BG tour компаний захирал Б.Батболд, Натур тур компаний захирал Э.Туул, Өгөөдэй рейсэн компаний захирал А.Цэрэнчулуун нар ажиллаа. Мөн аялал жуулчлалын компаний менежерүүд үзэж сонирхсон бөгөөд семинарт оролцогч шилдэг залуус маань  ажлын байрны урилга хүлээн авсаар байна.