Энэ жилийн “Улаанбаатар-Марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээн, “Автомашингүй
өдөр”-ийг нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн түүхт ойн албаны
үйл ажиллагаа болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хамрах хүрээг
өргөтгөн гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид, иргэд, их дээд
сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид гээд 25 мянга гаруй иргэнийг хамруулахаар
төлөвлөж байна.
Уралдаан 06 дугаар сарын 07-ны өдөр болох бөгөөд нийслэлд автомашингүй зорчих
тодорхой бүс тогтоож, олон иргэд алхах боломжийг бүрдүүлэх юм. Харин уралдааны
бүртгэл Нийслэлийн Биеийн тамир спортын газарт явагдаж байна. Удахгүй онлайнаар
бүртгэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.