НҮБ-ын уриалгыг дэмжин хуралдлаа

“Монгол орны зэрлэг амьтдын хамгаалалтад тулгарч буй бэрхшээл, цаашид шийдвэрлэх асуудлууд” сэдэвт олон улсын бага хурал өчигдөр “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг хурлыг БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль, хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зохион байгуулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас 2010 оныг Биологийн олон янзын байдлын жил болгон зарласантай холбогдуулан дэлхийн олон орон энэ сэдвийн дор нэгдэж байгаа билээ. Манай улс энэхүү олон улсын хурлыг зохион байгуулж байгаа нь НҮБ-ын уриалгыг дэмжиж байгаагийн илэрхийлэл юм. Хуралд цагаан зээр, аргаль, янгир, хулан, тахь, хавтгай, цоохор ирвэс, мануул, цэн тогоруу, идлэг шонхор зэрэг амьтдын тоо толгой, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд нь нөлөөлж буй аюулын тухай нийт 43 илтгэл тавьж байна.