“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр боллоо

Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Ховд аймгийн үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар-Ус нуурын Төмөрт хэмээх газарт 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан юм. Уг  арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт, НББСШУ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, ГХЯ-ны дэд сайд Д.Ганхуяг, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж нарын албаны хүмүүсээс гадна аймаг орон нутгийн удирдлагууд, бүс нутгийн иргэд нийлсэн 8000 гаруй хүн оролцсон өргөн дэлгэр баяр боллоо. Мөн Ховд аймагтай зэргэлдээх БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн төлөөллөөс гадна Увс аймгийн удирдлагууд, гадаад дотоодын аялагч жуулчид өргөнөөр ирж оролцсон байна. Анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газар санаачлан нутгийн иргэд төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж байсан мөсний баяр 5 дахь жилдээ баруун бүсийн хэмжээний томоохон наадам болтлоо өргөжөөд байгаа нь энэ юм. Байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдыг 2016 гэхэд 5000 хүргэж орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах гол зорилготой тус наадамд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн ястны урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрүүдийг хурсан олонд толилуулж байв. Уг цас мөсний баяраар спорт, урлагийн олон тэмцээн уралдааныг явуулж шилдэгүүдийг тодруулж, шагнал урамшуулал олгосон юм. Үүнд: Аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн, урианхай мөсөн сурын харваа, олс таталт, сумо бөхийн тэмцээн, бүх нийтийн гүйлт, дээлтэй Монгол хүүхэд-2014 тэмцээн, цэнгээнт бүжгийн уралдаан, тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос, тэмээтэй буухиа зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулж тус бүрт шилдгүүдийг шалгаруулахаас гадна нийлбэр дүнгээр багийн төрөлд шилдгийн шилдгийг шалгаруулсан юм. Тэмцээний нийлбэр оноогоор Дөргөн сум тэргүүлж цом,  1 сая төгрөгийн эзэн болсон бол Ховд их сургууль, Нисэх буудлын хамт олон тус тус удаалсан. Наадамд оролцогчдод зориулж мөсөн хотхон хийхээс гадна баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг гаргаж чадсан байсан юм. Тухайлбал: Морин чарга поркат, фото зургийн үзэсгэлэн, чарга цана, тэшүүрийн поркат, морь тэмээгээр үйлчлэх үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран хийсэн байсан юм. Мөн байгаль орчинд хог хаягдал үүсгэж бохирдуулахгүйн тулд хогын савыг байрлуулж, ТҮК-ийн машиныг аваачсан байсан юм. ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл цаашид Баруун бүсийн аялал жуулчлалын гол бүс болон ажлын хүрээнд ийнхүү өвлийн эвент арга хэмжээг зохион байгуулалт сайтай амжилттай зохион байгуулж байгаад нутгийн удирдлагуудад талархал илэрхийлээд цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйл байгааг онцлон хэлж байсан юм.