Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/36 тоот захирамжаар Хөвсгөл нууран дээр 15 дах жилдээ зохион байгуулагдаж ирсэн “Мөсний баяр” эвент арга хэмжээг энэ жил зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдээд байгаа юм. Учир нь “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баяр болох газрын ойр орчим, тээврийн хэрэгслүүд зорчих мөсөн замын таван цэгт хэмжилт хийхэд 57-74 см хөлдсөн нь өмнөх жилүүдийн мөсний зузаанаас 30-40 см нимгэн, мөс нь няцралт, цууралт их их гарчээ. Мөн энэ жил аймгийн нийт нутгаар цаг агаар дулаан өвөлжиж агаарын температур олон жилийн дундажтай харьцуулахад 4-8 градус дулаан, далайн мөс оройтож хөлдсөн зэрэг шалтгааны улмаас мөс нимгэн хөлдсөн, хоёрдугаар сард мөс нэмж хөлдөхгүй, мөс нь даах чадвараа алдах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс гаргасан байна. Эдгээр шалтгаан нөхцөлийг харгалзан үзсэний улмаас Хөвсгөл аймгийн засаг дарга уг захирамжийг гаргасан гэж учирлаж байгаа юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “Мөсний баяр” арга хэмжээг энэ оны “Цаглабар”-т оруулж зохион байгуулах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хөрөнгийг төсөвтөө суулгаад байсан ба өвлийн аялал жуулчлалын нэг гол брэнд арга хэмжээ юм. Дашрамд дуулгахад “Мөсний баяр” арга хэмжээг 2002 оноос эхлэн Хөвсгөл аймгийн ЗДТГ, нутгийн иргэд, жуулчны баазууд, тур операторуудтай хамтран тогтмол зохион байгуулж ирсэн юм. Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр урласан “Мөсөн хотхон”–ыг сүндэрлүүлж өвлийн аялал жуулчлалын шинэ хөтөлбөрүүдийг боловсруулан сурталчилж үйл ажиллагаа явуулсны үр дүнд “Мөсний баяр”нь гадаад, дотоодын зочид жуулчдын сонирхлыг татдаг томоохон арга хэмжээ болж чадсан юм. Гэсэн хэдий ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас нутгийн иргэд хийгээд гадна дотноос ирэх жуулчдын аюулгүй байдлын улмаас ийнхүү цуцлахаас аргагүй болоод байна.