“Нялуунгүй үнэнийг хэлдэг болохоор
Шулуунгүй бартаат зам оногджээ...” хэмээн өөрийнх нь хэлсэнчлэн ээдрээт хувь тавилангаар амьдарч асан Р.Чойномын нүүрний хэв ч мөн тийм ээдрээ бартаат замыг туулсаар өдгөө урлагийн бүтээл болжээ. Тухайлбал, 1979 онд Р.Чойномыг нас барахад өөрийнх нь хүсэлтээр барималч Ц.Доржсүрэн, Л.Дэмбэрэл нар нүүрнийх нь хэвийг хуулбарлан авч үлджээ. Улмаар уг нүүрний хэв талийгаачийн дотнын хүн Л.Дэмбэрэл гуайд хадгалагдаж байгаад хулгайд алдагдсан бөгөөд мөн их урт замыг туулсаар “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдын гар дээр иржээ. Тэрхүү нүүрний хэвийг өвөрлөгч эр н.Мөрөн гэгч золтой л хил давуулчихалгүй авч үлдсэн байна. Харин түүнээс сэтгүүлч, яруу найрагч Р.Мөнхтөрийн гарт очиж, дараа нь сэтгүүлч, зохиолч Б.Ойдовын гэрт хадгалагдаж байгаад 2003 онд “Р.Чойномын нүүрний хэв” номын зохиогч Б.Ойдов, Д.Ганболд нар өгч авалцсан түүх хүртэл бараг кино зохиол бичиж болохоор урт удаан замыг туулжээ. Өөрийнх нь туулсан амьдралаас ч дутахааргүй хувь зохиолтой Р.Чойномын нүүрний хэвийн тухай түүхээр “Өд” сан баримтат кино бүтээж, барималч н.Даринчулууны гараар уг нүүрний хэв урлагийн бүтээл болсон учиртай аж. “Европт “Нас нөгчих үеийн баг”, Монголд “Нүүрний хэв” гэж нэрлэгддэг зүйл бол үлдэгсдийн зүгээс бурхан болоочид үзүүлж буй гүн хүндэтгэлийн гоц хэлбэр, уг хүний сүүлчийн амьсгалаа хураах эгшний дотоод сэтгэлийн илэрхийллийг мөнхжүүлж үлдээсэн баримт юм” хэмээн орчуулагч Ж.Нэргүй номын өмнөтгөлд тэмдэглэжээ.