Аялал жуулчлал эрхлэгчид Хархоринд зөвлөлдөнө

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан Өвөрхангай аймгийн аялал жуулчлал эрхлэгчид 3-р зөвлөлдөх хурлаа хийх гэж байна. Байгалийн үзэсгэлэнт газар, нүд хужирласан олон зүйлээрээ Өвөрхангайчууд гадаад дотоодын жуулчдыг татдаг. Тиймээс ч энэ удаа тус салбарынхан Хархоринд цуглах болжээ. Тэд аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг ч бүртгэлгүй, татвар төлдөггүй комданиудыг цэгцлэх арга хэмжээ авах гэнэ. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудлаар зөвлөлдөх ажээ. Энэ удаагийн уулзалтад БОАЖЯ-ын харьяа Аялал жуулчлалын үндэсний төв, Хархорин сумын Засаг даргын тамгын газар, Эрдэнэ зуу, Хархорин музейн захиргаа, Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа оролцоно. Мөн тус аймагт үйл ажиллагаа эрхэлж буй жуулчны бааз, зочид буудал, малчны нөхөрлөлүүдийн төлөөлөл ч хамрагдах юм. Дэлхийн аялал жуулчлалын өдөр жил бүрийн 9-р сарын 27-нд болдог бөгөөд дээрх уулзалтыг үүнээс 10 хоногийн өмнө зохион байгуулах юм байна.